Сүржигнэхээ л байчих л даа
Гишүүний бүрэн эрхэд халдлаа гэх худал сенсааци
"УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна" гэх мэдээлэл өчигдөр 15.00 цагийн орчмоос сошиал медиагаар хурдацтай тархав. Улмаар УИХ-ын зарим гишүүн, АН-ын гишүүд болон жудогийнхон, Х.Баттулга гишүүнийг дэмжигчид хүрэлцэн ирсэн нь асуудлыг улам хурцатгасан. Түүнчлэн баг зүүсэн цагдаа нар хамгаалалтад гарсан нь нийгэмд буруу ойлголт төрүүлсэн юм. Гэхдээ ЦЕГ-аас "УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлан саатуулах гэсэн болон гишүүний бүрэн эрхэд халдсан зүйл огт болоогүй. Баянгол зочид буудлын оффист байрлах Женко группынохин компаниуд болон "Түмэн хишигтэн", "Баялагын хувь" гэх хоёр компанийн санхүүгийн бичиг баримтуудад прокурорын зөвшөөрөлтэй албан ёсоор нэгжлэг хийсэн" гэж цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн ч иргэд болон зарим улстөрчид тухайн үйл явдлыг дэвэргэж, асуудлыг хурцатгах мэдэгдлүүдийг гаргаж байв.
Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дөрвөн жилийн өмнө дөрөвдүгээр сарын 12-ны өдөр АТГ-аас баривчилж байсан өдгөө тэрхүү үйлдэл давтагдах нь гэх яриа санаатай болон санамсаргүй яриа ч иргэдийн дунд тархаж байв. Үнэн хэрэгтээ Шинэ төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотойгоор цагдаагийн байгууллагынхан байцаан шийтгэх ажиллагааг хуулийн дагуу, прокурорын зөвшөөрөлтэй санхүүгийн шалгалт хийж, хэрэгтэй гэж үзсэн нотлох баримтуудыг авч явсан юм. Түүнээс биш гишүүний бүрэн эрхэд халдаж, баривчлах гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Тусгайгийнхний хувьд эмх замбараагүй байдал үүсэхээс сэрэмжилж хамгаалалтад гарсан гэдгийг ч олонтаа тайлбарласан юм.
Гэтэл Баянгол зочид буудлын гадна очсон УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэг болох Г.Уянгашалгагдаж байгаа хэргийг чуулганаар хэлэлцүүлэх хэрэгтэй гэх зүйлийг ярив. Мөрдөн байцаалтын явцад байгаа хэргийг хэн дуртай нь яриад байдаг юм биш. Тэр тусмаа нээлттэй байдлаар.
Шинэ төмөр зам болон Сайншанд аж үйлдвэрийн парктай холбоотой хэрэг гэж юу вэ...
АТГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамтарсан ажлын хэсгээс УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Сайншанд аж үйлдвэрийн паркийн төсөл болон Шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэсэн зүйл ангиар сэжиглэн шалгаж эхлээд буй юм. Тиймээс Х.Баттулга нарын хэд хэдэн хүнийг сэжигтнээр татаж холбогдох байцаалтуудыг авч эхлээд байгаа юм.
Өмнө нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа болон УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн ажилтнуудыг баривчлан байцааж байсан ч батлан даалтад гаргаад байгаа билээ.
Сэжигтнээр татагдаад буй Г.Түвшинжаргал болон н.Эрдэнэчимэг нар оргон зайлахыг завдаж байжээ
Хэргийн хамгийн гол учир Сайншанд аж үйлдвэрийн парк төсөл болон Шинэ төмөр замын төсөл юм. Дээрх хоёр төслийг УИХ-ын гишүүн Х.Баттулга сайд байх үедээ хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тиймээс тэрбээр дээрх төслүүдэд өөрийн "гар"-ын хүмүүсээ тус ажлуудыг хариуцуулж эхэлсэн байдаг. Үүнээс хэргийг гол зангилаа эхэлсэн гэж хуулийнхан үзээд байгаа.
Гэхдээ эдгээр хэргүүдийг хууль хяналтынхан өнөөдрийг хүртэл шалгаж байгаа бөгөөд хэн нэгийг ямар нэгэн байдлаар буруутай гэж албан ёсоор мэдэгдээгүй байгаа гэдгийг онцлох нь зүйтэй байх. Тиймээс шалгалтын явцад Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой тус хоёр компанийн санхүүгийн тайлан тооцоог шалгаж, хэрэгтэй гэсэн барим нотолгоонуудыг хурааж авсан биз ээ.
Мөн өнгөрсөн сарын дундуур Х.Баттулга гишүүний туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон н.Эрдэнэчимэг нарыг цагдаагийн байгууллагаас саатуулсан. Улмаар Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэх хорих шийдвэрийг шүүхээс гаргуулсан ч зарим гишүүд болон сайд нарын эсэргүүцлээс шалтгаалж батлан даалтад гаргасан. Тэгвэл дээрх хоёр эмэгтэй цагдаагийн байгууллагынхан оргон зайлах гэж байх үед нь саатуулсан байдаг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Г.Түвшинжаргал нь гэр бүлийнхээ хамтаар машиндаа их хэмжээний мөнгө авч оргон зайлах гэж байхад нь саатуулсан гэдэг. Тиймээс л түүнийг прокурорын байгууллагаас итгэл төгс үргэлжлүүлэн хорих саналыг БЗД-ийн анхан шатны шүүхэд гаргасан хэрэг. Мөн нөгөө эмэгтэй нь ч гэсэн оргон зайлахыг завдах үед нь саатуулсан байдаг. Дашрамд сануулахад, уг хэрэгт нэр холбогдоод буй П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар зугтаад удаж байна. Одоо тэднийг Интерполоор хайж байгаа юм.
Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК байгуулан байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийж гүйцэтгэхдээ Монгол Улсын засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар тогтоолоор батлагдсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх ажлын даалгаварт заагдсан газрын хэмжээг 32000 га орчим байсаныг 3516,7 га талбай болгон өөрчлөн үнийг хэвээр үлдээж, талбайн хэмжээг багасгах аргаар болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын хамт гүйцэтгэсэн гэх хуурамч гүйцэтгэлийн материал бүрдүүлэн залилан мэхэлж улсад онц их хэмжээний хохирол учруулан, мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Буруутай бол буруугаа хүлээж, буруугүй бол нэр төрөө цэвэрлэх хэрэгтэй
Х.Баттулга гишүүнийг баривчлах гэж байна гэх ташаа мэдээллийн сургаар цугласан олны дунд УИХ-ын гишүүд, бөхчүүд болон Х.Баттулгын хамаатан садан ойр дотны хүмүүс, зарим иргэний хөдөлгөөнийхөн байсан юм. УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ хэргийн газарт баривчлагдаагүй бол бүрэн эрхэд нь халдах ямар ч боломж байхгүй. Мөн УИХ-ын гишүүний Төрийн ордонд байрлах албан өрөөг нэгжиж, шалгах эрх байхгүй. Уг асуудлыг хуулиараа хориглосон байдаг. Өчигдөр зөвхөн хувийн компанийг нь шалгасан. Тиймээс өчигдрийн үйлдлийг ард түмнийг хууль хяналтын байгууллагынх нь эсрэг санаатай турхирсан үйлдэл хэмээн дүгнэхэд болохоор байсан юм.
Албан ёсоор зохих хууль журмын дагуу нэгжлэг хийх зөвшөөрлийг нь гаргуулаад хөндлөнгийн гэрчийг байлцуулж санхүүгийн тайлан тооцоог нь шалгасан. Харин үүнийг гишүүний бүрэн эрхэд халдлаа гэх зэргээр тайлбарлаж олон нийтэд ташаа мэдээлэл өгөх нь ихээхэн эрсдэлтэй. Бид учир утгагүй олны үймээн ямар хортой гэдгийг биеэ сэтгэлээрээ хангалттай амссан ард түмэн. Тэр тусмаа жүдогийн бөхийн улсын шигшээ багийн тамирчид дээр үйл явдалд оролцсон нь бүр ч инээдэмтэй. Хуулийнхан хуулийн дагуу ажлаа л хийсэн. Хэрэв ямар нэгэн асуудал байхгүй бол дуугүй л шалгуулаад л өнгөрөх хэрэгтэй. Түүнээс элдэв сенсааци тарааж төрийн болон ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн бөхчүүдийг дуудаж сүр бадраах ямарч шаардлагагүй. Тэднийг төрийнх нь эсрэг хуулийн эсрэг зогсоох шаардлагагүй.
Олимпын аварга Н.Түвшинбаяр, ахлах дасгалжуулагч О.Балжинням, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тэргүүтэй жүдочид өчигдөр Баянгол зочид буудлын өмнө очиж цагдаагийнханд багагүй саад учруулж харагдсан. Тэд орой шалгалт дуусч шаардлагатай бичиг баримтуудыг битүүмжилж авч гарах үед цагдаагийнханыг гадагш гаргахгүй хаалгыг нь хаасан гэх мэдээллүүд ч явж байлаа. Мөн тэд "Бид бэлтгэлээ таслаад багаараа шууд ирлээ. Хүнийг хэлмэгдүүлж байна. Энэ үйл явдлаас болоод жүдочдын сэтгэл санаа хүнд байна. Маргааш олимпын эрх олгох азийн томоохон тэмцээнд явна" гэх зэргээр ярьж байв. Үнэхээр л тийм бол бэлтгэлээ хийхгүй хуулийн байгууллагын үйл ажиллагаа явагдаж байгаа газар яах гэж ирсэн юм бэ. Уг нь "Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй" гэдэгсэн. Та бүхэн ард түмнийхээ хөлс хүчээ дуслуулан байж олсон татварын мөнгөөр тэмцээн уралдаандаа оролцож, зардал мөнгөө гаргуулдаг юм шүү. Тиймээс хэн нэгний эрх ашгийн төлөө ийнхүү явах нь туйлын зохимжгүй харагдаж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Ер нь хуулийг дагуу сэжигтэй хэмээн үзсэн учраас л Х.Баттулга нарыг шалгаж эхэлсэн байх. Үнэхээр л гэм буруугүй юм бол түүнийгээ шалгуулаад тогтоолгох хэрэгтэй.Үнэхээр буруугүй бол нэр төрөө сэргээлгэж төрөөр хохирлоо барагдуулуулах шаардлагатай. Түүнээс биш зориуд үйл явдлыг буруугаар эргүүлэх гэсэн санаатайгаар иргэдийн сэтгэл санаанд нөлөөлөх нь хэр зөв бэ. Үнэхээр гэм буруугүй юм бол Ерөнхийлөгчийн хэлсэн шиг гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаад нэр төртэй шалгуулчих хэрэгтэй юм биш үү. Хэрвээ тэгж шалгуулаад буруугүй нь тогтоогдвол харин хууль хяналтын байгууллагуудад хатуухан сануулга өгөөрэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ