Цагдаагийнхан таван цагийн турш шалгаж, эд мөрийн баримтуудыг хураан авав

АТГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамтарсан ажлын хэсгээс УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Сайншанд аж үйлдвэрийн паркийн төсөл болон Шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэсэн зүйл ангиар сэжиглэн шалгаж эхлээд буй юм. Энэ шалгалттай холбогдуулан өчигдөр 15.00-20.00 цагийн хооронд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн байцаагчид Х.Баттулга гишүүний Баянгол зочид буудлын офиссын барилгад байрлах “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компаниудад санхүүгийн шалгалт хийсэн. Цагдаагийнхан тус компаниудын байранд очиход УИХ-ын гишүүн Х.Баттулга ордноос гадуурх ажлын өрөөндөө Л.Эрдэнэчимэг, Б.Ганбат, Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарын хамт байжээ. Өчигдөр өглөө 08.30 минутын орчимд Х.Баттулгын туслах нэгэн эмэгтэйг гэрээс нь хуулийнхан баривчилсан тухай мөн энэүеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлж байсан юм. Барилгын дотор ийнхүү хуулийнханы шалгалт үргэлжилж байх явцад гадна хэвлэл мэдээллийнхэн үүссэн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг иргэдэд шуурхай хүргэхээр ажиллаж байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Г.Уянга, М.Зоригт нар сошиалаас мэдээлэл авлаа гэсээр ирсэн. Тэд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд шалгалт явагдаж буй барилга руу нэвтрэн орсон. Гишүүдээс гадна Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сумогийн 68 дахь аварга Д.Дагвадорж,Эдийн засагч Х.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар ирж С1 телевизийн сурвалжлах багийнханы хамтаар мөн л дотогш орсон юм. Харин гадна Монголын жудо бөхийн холбооны дасгалжуулагч О.Балжинням, МУ-ын хөдөлмөрийн баатар, Олимпийн хошой медальт тамирчин Н.Түвшинбаяр нараар ахлуулсан тамирчид болон өөрсдийгөө Монголын ардчилсан холбооны анхны гишүүд гэж танилцуулж, зарим нь архи үнэртүүлсэн иргэд цугларсан байсан юм. Тэд барилгын орох гарах гарцыг таглаж, гар гараасаа барилцан цагдаагийн тусгай албан хаагчдийг оруулахгүй, гаргахгүй хамгаалалт хийн зогссон юм. Мөн Л.Баатар, Б.Батзориг тэргүүтэй “Херо” энтертаймантын залуус мөн барилга гадна, дотно ажиллаж ирсэн хүмүүсийг уриалж, хэвлэлийнхэнд ярилцлага өгүүлэн цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагааг эсэргүүцсэн. 20.00 цагийн үед цагдаагийн байгууллагын шалгалт дуусч, ЭЦГ-ын тусгайгийн албан хаагчид гурван хайрцагтай бичиг баримт, нэг компьютерийн процессор зэргийг эд мөрийн баримт болгон Баянгол зочид оффисын барилгын төв хаалгаар гарч ирсэн. Тэд маш шуурхай ажиллаж, өөрсдийн хамгаалттай машиндаа дээрх эд мөрийн баримтуудыг ачин явсан. Төд удалгүй цагдаагийнханы араас Х.Баттулга гишүүн, Л.Эрдэнэчимэг, Б.Ганбат тэргүүтэй гишүүд гарч ирэн бүгд улс төрийн захиалгат хэрэг. Яаралтай үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, энэхүү хүн гүтгэдэг, хууль зөрчиж баривчилдаг үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэж мэдэгдсэн юм. Х.Баттулга гишүүний тухайд “Төмөр замын гэж явсан хэрэг маань өнөөдөр хувийн компани руу орж байгаад харамсаж байна. Үүнийг захиалж байгаа эзэд нь удахгүй тодорхой болох байх аа. Ард түмнийг ингэж талцуулах дэмий л юм байгаа юм даа. Та бүхэндээ баярлалаа" гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийнхээ дараа тэрбээр оффис руу буцан орж, арын хаалгаараа гарч явсан. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн үйл ажиллагаанд Х.Баттулгын гишүүний хамтаар байсан гишүүд шууд ордон руу явж, АН-ын бүлгээ дээрх Х.Баттулга гишүүтэй холбоотой хуулийнханы шалгалтын талаар хаалттайхуралдуулахаар явжээ. Ингээд өчигдөр Х.Баттулга гишүүний тойрсон хуулийнханы шалгалтын үйл явцын талаар тодорхой цагтай, баримттай мэдээллийг тоймлон хүргэж байна.

2016.04.11 15:57

Цагдаагийн тусгай тасгийнхан “Баянгол” зочид буудлыг хамгаалалтандаа авчээ. Тусгайгийнхан тус обьектод нэвтэрмэгцээ бүх ажилчид, албан хаагчдыг гар утсаа унтраахыг шаардсан байна.

Тусгайхан УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд нэгжлэх хийж эхэлсэн бөгөөд гадна нь таван буутай цагдаа гадагш гарах болон дотогш нэвтрэхийг хориглон, хөл хорио тогтоосон байна.

Тус зочид буудалд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас гадна Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нарын гишүүд байгаа аж.

Өмнө нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа болон УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн ажилтнуудыг баривчлан байцааж байсан ч батлан даалтад гаргасан билээ.

2016.04.11 16:56

Дөнгөж саяхан 68 дахь их аварга Д.Дагвадорж “Баянгол" зочид буудал иржээ. Тэрээр твийттерээс мэдээлэл аваад ирсэн гэнэ. Д.Дагвадорж болон "С1" телевизийнхэнг цагдаагийнхан зочид буудлын хойд хаалгаар дотогш нэвтрүүлээ. Авлигатай тэмцэх газрынхан болон тусгайгийнхан “Баянгол” зочид буудалд нэвтрээд 40 орчим минут болж байгаа аж.

2016.04.11 17:05

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа нар "Баянгол" зочид буудалд ирж, дотогш нэвтрэх гэсэн боловч цагдаагийнхан оруулсангүй. Г.Байгалмаа "Би сошиалаар мэдээлэл аваад ирлээ. МоАХ-ны нарийн бичгийн даргын хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой" гэлээ.

2016.04.11 17:27

Цагдаагийн тусгай тасгийнхан “Баянгол” зочид буудлыг хамгаалалтандаа авч, УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэлтэй холбогдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар тус зочид буудалд ирлээ. Хотын дарга Э.Бат-Үүл энэхүү ажиллагааг "УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдсан үйлдэл" гэж хэлсэн юм. Тэрээр дотогш нэвтрэх гэсэн боловч оруулаагүй аж. Түүнчлэн "Жудо"-гийн тамирчид тус зочид буудалд олноороо ирсэн бөгөөд тэд бүгд арын хаалгаар нь дотогш орох гэсэн боловч оруулсангүй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Уянга болон эдийн засагч Х.Батсуурь, "Херо"-гийн Б.Баатар нар иржээ. Тэд юу болоод байгааг нь сайн мэдээгүйгээ хэлээд өөрсдийг нь хүрээд ир гэсэн гэх тайлбарыг өглөө.

2016.04.11 17:47

УИХ-ын Х.Баттулгын сэжиглэгдэж буй хэрэгт холбогдуулан"Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санхүүгийн шалгалт хийж байгаатай холбогдуулан Х.Баттулгын охин Б.Намуун, хүү Б.Жавхлан нь хүрэлцэн иржээ. Түүнчлэн энэ хэргийг сонссон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ирээд байна. "Баянгол" зочид буудлын ойролцоох цэцэрлэгт 100 гаруй цагдаагийн албан хаагч бэлэн байдалд байгаа аж. "Херо"-гийн захирал Б.Баатар дотогш орсон бөгөөд бүх хүмүүсийн газарт хэвтүүлчихсэн байна. 500 гаруй цагдаагийн албан хаагчийг хүч нэмэгдүүлэхээр нааш ирүүлж байна гэж хэллээ. "Баянгол" зочид буудлын ойролцоо "Жудо"-гийн тамирчид болоод иргэд ихээр цугласан байгаа учраас аюулгүй байдлыг хангах үүднээс 500 цагдааг хамгаалалтад гаргахаар болсон талаар цагдаагийн эх сурвалж мэдээллээ.

2016.04.11 18:04

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар "Баянгол" зочид буудалд хүрэлцэн ирсэн бөгөөд "Цагдаагийн баривчилгаа хэрээс хэтэрч байна. Надад хууль бусаар мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл ирсэн. Аливаа мөрдөн байцаалтын ажиллагаа хууль ёсны хүрээнд явах ёстой. Би мөрдөн байцаах ажиллагаатай танилцах гэж ирлээ" гэв. Энэ мөчид Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

2016.04.11 18:06

Дөнгөж сая ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сэжиглэн шалгаж байгаатай холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүний эзэмшлийн “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” ХХК-д Байцаан шийтгэх шийтгэх хуулийн дагуу, прокурорын зөвшөөрөлтэйгөөр санхүүгийн шалгалт хийх шаардлага гарсан гэнэ. Тиймээс шалгалт явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах тухай асуудал байхгүй гэж мэдэгдлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Шинэ төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" хоёр компанид санхүүгийн шалгалтыг оруулсан. УИХ-ын гишүүний биед халдсан зүйл байхгүй, баривчлах зорилго байхгүй" гэж мэдэгдсэн юм. Цагдаагийн албан хаагчдыг олноор нь дайчилсан шалтгаан нь шалгалт явуулах үеэр гарч болзошгүй үймээнээс сэргийлэх үүднээс урьдчилсан арга хэмжээ авсан гэнэ. Дээрх хоёр компани "Баянгол" зочид буудалд байрладаг аж.

2016.04.11 19:34

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийнхэн"Баянгол" зочид буудалд байрладаг "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" ХХК-д санхүүгийн шалгалт хийж дуусчээ. Цагдаагийн албан хаагчид ирж шалгалт хийсэн хүмүүсээ гаргаж авахаар дотогш нэвтрэх гэсэн боловч "жудо" бөхийн тамирчид саад хийж, дотогш нэвтрүүлэхгүй байна гэж манай сурвалжлагч Д.Уудам мэдээллээ.

2016.04.11 19:50

"Баянгол" зочид буудалд байрладаг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээр санхүүгийн шалгалт хийж дуусчээ. Тиймээс цагдаагийнхан болон дотор байсан хүмүүс гарч ирлээ. Х.Баттулга гишүүний туслах эмэгтэй өнөөдөр өглөө баривчилсан байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга "Төмөр замын хэрэг хувийн компани руу орж байгаад харамсаж байна"гэж хэллээ. Тусгайгийнхан хэрэгт холбогдолтой болон зарим шаардлагатай бичиг баримтыг нөөтбүүкийн хамт авч явжээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга "Баянгол" зочид буудал эргэн орсон байна.

2016.04.11 20:25

УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр өрнөсөн үйл явдлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн мэдээлэл байсан ч үгүйсгэлээ. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдахаар болсон гэх мэдээлэл байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ