Д.Чинзориг: “Hummer H6”-г зах зээлийн үнээс хоёр дахин бага өртгөөр хийсэн
Монгол залуус “Hummer H6” хийсэн мэдээллийн мөрөөр сурвалжилж, “Чинмон” ХХК-ийн захирал Д.Чинзоригтой ярилцлаа. Тэрээр өмнө нь “Smart car” буюу хоёр хүний суудалтай машин, “Rolls-Royce”, “Morgan”, “G-class” зэрэг машинуудыг ийн янзлаж байжээ. Түүний тав дахь ажил бол зургаан дугуй нь зургуулаа зүтгэдэг “Hummer H6” автомашин.
-ЯАГААД МОНГОЛЧУУД ЗУРГААН ДУГУЙТАЙ ХАММЕР ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ-
-Та хэзээ энэ ажлаа эхлүүлсэн бэ?
-2014 оны хавар буюу дөрөвдүгээр сард эхлүүлж, есдүгээр сард дуусгасан.
-“Hummer H6”-г хэрхэн бүтээсэн талаараа танилцуулахгүй юу?
-Энэ машин өмнө нь дөрвөн дугуйтай, энгийн “Hummer H2” байсан. Үүн дээр хаммер автомашины нэмэлт тэнхлэг, кардан, гол рам, хойд тэнхлэгтэй холбоотой бүгдийг нэмж суурилуулан, залгах ажлыг өөрсдөө хийсэн. Одоогоор Монголд зургаан дугуй нь зургуулаа мааждаг “Hummer H6” алга байна.
-Хэдүүлээ хийсэн бэ?
-Хоёр найзтайгаа нийлж, гурвуулаа хийсэн. Багаа гэж найз маань яг төмрийн гагнуур, токарь, төмрийн мэргэжлээрээ болон аливааг монголчлох сэтгэлгээндээ их сайн. Мөн н.Бат-Эрдэнэ гэж туслах найзтайгаа нийлж хийсэн. Энд жижиг сажиг зүйл өргөх, барьж өгөх гэх мэтээр хүний хэрэгцээ их гардаг.
-“Hummer H6” хийх санаа хэрхэн төрсөн бэ?
-Дээр үед би АНУ-ын машин зардаг сайт дээр ийм зургаан дугуйтай хаммер машиныг 110 мянган доллараар зарахыг харсан. Тэгээд л анх энэ зургаан дугуйтай хаммерыг хийх санаа төрсөн.
-Зах зээлийн үнэ 110 мянган доллар юм байна. Та бүхэн хэдэн долларын өртгөөр энэ машиныг босгосон бэ?
-Тийм ээ. Дэлхийн зах зээл дээр 110 мянган доллар байдаг. Тухайлбал, Орос болон АНУ-ыг дурьдаж болох юм. Орос улс, Хятад улс, АНУ, Канад гээд бүх улс оронд энэ машиныг хийж байна. Яагаад монголчууд өөрсдөө энэ зургаан дугуйтай хаммер машиныг хийж болохгүй гэж гэсэн бодолтой байгаа. Би гэхдээ анхдагч биш шүү дээ. Өмнө нь хэд хэдэн хүн хийж байсан. Гэхдээ манайхан зургаан дугуй нь зургуулаа зүтгэдэг машин хийж чадаагүй юм. Тийм учраас зургаан дугуй зургуулаа зүтгэдэг байж яагаад болохгүй юм гэж өөрөөсөө асууж үзсэн л дээ. Нэлээд бодож, ийм материал, ийм техник ашиглавал зургаан дугуй зүтгэдэг болох юм байна гэдгээ тархиндаа боловсруулчихаад, цаасан дээр буулгасан. Тэр зураг бүдүүвчээ найзууддаа үзүүлснээр бид ажилдаа орсон доо. Хийж дууссаны дараа бид жалга, цас, шавар гээд бүх л бартаат замаар явж үзэхэд туулах чадвар хамаагүй өндөр болсон нь мэдэгдсэн. Одоо зургаан дугуй зургуулаа ямар ч асуудалгүй ажиллаж байгаа. Үнэ өртгийн хувьд донор машин маань 40 сая төгрөгийн машин байсан. Үүн дээр нэмээд 25 орчим сая төгрөгийн зардал орсон. Тухайлбал, будаг, гагнуур, сэлбэг, техник хэрэгслийн үнэ үүнд багтаж байгаа юм.
-Бид Монголдоо энэ машиныг хоёр дахин бага үнээр хийх боломжтой юм байна шүү дээ?
-Тийм ээ. АНУ-аас аваад нааш нь ачуулах, гаалийн татвар төлөх гэх мэтээр маш өндөр өртөгтэй болох байсныг бид өөрсдөө хийж бүтээсэн гэсэн үг юм. Яваандаа дараагийн машинаа хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Машиндаа нэмэлтээр юу юу хийсэн талаар товч хэлж болох болов уу?
-Би та бүхэнд анх энэ машин ямар байсан зураг болон ажиллах явц, бэлэн болсон байдлын зургийг үзүүлвэл илүү ойлгомжтой болов уу. Тайлбарлаж хэлэхэд, дөрвөн дугуйтай машиныхаа кузовыг тасдаж авсан. Доод рамаа хойш сунгаж, тэнхлэг тавьж, кардан голоо залгасан гэх мэтээр ажил үргэлжилсэн.
-МАНАЙХАН ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ САЙТАЙ, IQ ӨНДӨРТЭЙ-
-Энэ мэтээр цаашид монголчууд өөрсдөө машин хийх, үйлдвэрлэх боломж бий гэж та харж байгаа юу?
-Би багаасаа дугуй, мопед, мотоцикль, машин гэх мэт шат дамжлагаар бүх л төрлийн техникүүдтэй ойр байж ирсэн. Яг л “Насаараа мал дагасан хүн” гэдэг шиг би насаараа төмөр “дагасан” хүн. Тиймээс машиныг яагаад заавал гадны улс орноос, гадны хүмүүсийн бүтээсэн зүйлд өндөр өртөг төлж, хэрэглэж байх ёстой юм бол оо гэж өөрөөсөө үргэлж асуудаг. Гэвч манайд үйлдвэрлэх боломж мэдээж одоогоор байхгүй нь харамсалтай. Тиймээс “After rebuilt” буюу дахин засварлаж, сэргээх ажлыг манайхан маш гоё хийж чадаж байгаа гэж би боддог. Манайхан ер нь техник сэтгэлгээ сайтай, “IQ” өндөртэй хүмүүс. Тиймээс чадахгүй гэх зүйл огт байхгүй гэж үзэж байна. Гол нь залуу хүмүүс залхуурахгүй л байх хэрэгтэй.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би Анагаахын сургууль төгссөн эмч хүн. Багаасаа л төмөр унаа сонирхдог байсан.
-Таныг “Hummer H6” хийнэ гэж байхад эргэн тойрны тань хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Яг үнэндээ би шарандаа хийсэн. Анх “Hummer H6” зургаа биш Мерседес Бенз “G class”-ийг зургаан дугуйтай болгохоор төлөвлөж байлаа. “Бенз клуб”-ын найзууд, “Хаммер клуб”-ын найзууд болон олон төрлийн авто сервисийн хүмүүстэй очиж уулзсан. Ийм ажил хийх гэж байгаагаа дуулгаж, спонсорлох болоод дэмжих боломж, санаа оноо юу байгааг асуухад бүгд “Чи хэзээ ч хийж чадахгүй” гэж хэлж байсан. “Наад бодлоо толгойноосоо авч хая” гэж хэлж байсан инженер техникийн ах нар маань ч байгаа. “Хэзээ ч Монголд зургуулаа мааждаг дугуйтайг хийж чадахгүй” гэж хүртэл хэлж байсан ч хүн бий. Тиймээс л шарандаа зүтгэсэн. “G-class”-ийг хийхэд арай амар хялбар юм, тиймээс хэцүүгээр нь “Hummer”-ийг сонгож хийхээр болсон.
-Ажил амжилттай болоход тэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Миний хүссэнээр болсон тухайгаа өөрийн цахим хуудсаар зарлаж, бичлэгээ тавьсан. Ингэхэд хүмүүс хараад баяр хүргэж, их эерэгээр хүлээж авсан. Муугаар хүлээж авсан хүн байгаагүй. Гэхдээ тэд бүгд яг зургаан дугуй зургуулаа маажих уу гэж асууж байсан. Зарим нь АНУ-аас 110 мянган долларын өртөгтэй машиныг худалдаж авч, хараар будчихаадөөрөө хийсэн гэж хэллээ гэх мэт ярианууд ч гарч байсан. Энэ бүхний хариулт болгож хийж байгаа ажлынхаа явцын зургуудаа нийтэлсэн.
-Хийж байх явцад төлөвлөгөөнөөс гажих, бүтэлгүйтэх үе байсан байх?
-Зургууланг нь маажуулахын тулд янз бүрийн сэлбэг техник хэрэглэж үзсэн. Эхний бодож байсан санаа амжилтгүй, хоёр дахь нь мөн амжилтгүй, гурав дөрөвдүгээр оролдлогоос амжилттай болж эхэлсэн. Мэдээж амжилттай болсон оролдлогоо яавал илүү их мэргэжлийн түвшинд ажиллах бол, асуудалгүй байх бол гэх мэтээр асуудлуудыг шийдэж, шинэчлэлтүүд хийсэн. Зүгээр л зургаан дугуйт хийгээд тавих бараг л долоо хоногийн ажил шүү дээ.
-Та өөрийн машиныхаа үзүүлэлтийн талаар ярихгүй юу? Хэр хүчтэй унаа вэ?
-Өөрөө “Hummer H2” машины 6000 СС мотортой, өөрийнх нь кроп, туслах кроп гэх мэтээр бүх үзүүлэлт хуучнаараа. Харин миний хийсэн, бүтээсэн зүйл бол хойно байгаа зүйл юм. Хүч мөн хуучин хэвээрээ боловч туулах чадвар маш өндөр болсон. Дөрвөн дугуй зүтгэх, зургаан дугуй зүтгэхийн хооронд их ялгаа бий. Өмнө нь гарч чаддаггүй байсан энгийн жалгаараа энэ унаатайгаа гарахад ямар ч асуудалгүй, суудаг байсан шавраараа гарахад ч мөн шууд гараад явчих жишээтэй.
-ЗУРГААН ДУГУЙТАЙ, ТУУЛАХ ЧАДВАР ӨНДӨРТЭЙ, ДОТРОО АМЬДРАХ БОЛОМЖТОЙ,
АЯЛЛЫН ЧИРГҮҮЛ ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА-
-Өчигдөрхөн та машиндаа нэмэлт зүйл хийсэн байсан?
-Тийм ээ. Өчигдөр миний төрсөн өдөр байсан юм. Энэ өдөр өөртөө амралт олгож, юу хийх талаараа бодож байгаад ой мод, бургастай газраар явахад машины хоёр талаар модны мөчрөөс үүсдэг зурааснаас хамгаалж, хээтэй лист авч өөрөө зүсч тохируулаад хамгаалалт болгож хийсэн.
-Авто спорт сонирхдог хүний тань хувьд асуухад та өмнө нь ямар ямар амжилтууд гаргаж байсан бэ?
-Би багаасаа л дугуйтай болгоныг сонирхож байсан. Анх 1996 онд “Наран шоп” дөнгөж нээгдэж байсан юм. Тухайн үед Монгол улсын роликны уран гулгалтын улсын аварга гэж зохиож байлаа. Үүнд орж түрүүлж байснаас эхлээд дугуйтай бүхэн, дугуй, машин, “БАХА 150”, “БАХА 250”, “Atv”, “Utv” гэх мэт уралдаануудад орж хоёр, гурав, дөрөвдүгээр байруудыг эзэлж байсан. Хамгийн сүүлд өнгөрсөн зун болсон “Atv, Utv Championship” буюу Монгол улсын аварга шалгаруулах дөрвөн дугуйт мотоциклийн тэмцээнд орж хүрэл медаль авсан.
-Авто спорт их эрсдэл дагуулдаг. Багахан алдаа гаргавал эд хөрөнгө, эрүүл мэндийн хувьд хохирч үлдэнэ. Та яагаад ийм их эрсдэлтэй спортод дурласан юм бэ?
-Би багаасаа нэг л зүйлийг боддог байсан. Айлын ганц хүү болоод ч тэр үү “Эр хүн юуг ч чаддаг байх ёстой” гэж боддог. Эрэгтэй хүн болж төрчихөөд юм хийж чадахгүй, цахилгаанаа янзлаж чадахгүй, модон сандал ширээ нь эвдэрчихээд засчихаж чадахгүй, машин нь хээр унтарчихвал асааж чадахгүй гэх мэтээр хүний өмнө мэдэхгүй, чадахгүй гэж хэлэхээсээ санаа зовж, ичдэг. Одоо ч мөн хэнээс ч тусламж авахгүй бүгдийг нь хийнэ гэж боддог. Эрсдэлтэй спортод дурлаж байгаа минь ч мөн “Яагаад болохгүй гэж” гэсэн бодолтой минь холбоотой. Бага байхдаа хүртэл өндөр уулан дээрээс цанын хэрэгслээр бууна гээд гар хөлөө хугалаад л явж байсан. Тэглээ гээд шантрахгүй, ахиад л уралдаад, гулгаад л явлаа. Яагаад би чадахгүй гэж, яагаад болохгүй гэж. Манай гэрийнхэн хүртэл надад “Яаж болдог юм, тийм юм гэж юу байдаг юм” гэж маш их хэлдэг. Би энэний эсрэг байхыг хүсдэг.
-Дараагийн ажлаа төлөвлөсөн үү?
-Мөн адил зургаан дугуйтай, туулах чадвар өндөртэй, дотроо амьдрах боломжтой, аяллын чиргүүл хийх төлөвлөгөөтэй байна. Ихэвчлэн ийм төрлийн чиргүүлүүд туулах чадвар маш муутай байдаг. Би үүнийг өөрийнхөөрөө өөрчлөх болно.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ