Битгий давар, тариаланчид аа

Хэд хоногийн өмнө Монголын үр тариа эрхлэгчдийн холбооноос 100 тэрбумыг Засгийн газраас нэхжээ.Тариалан эрхэлдэг “томчууд”-ынх нь сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр өнгөрсөн зун их хэмжээний ургацаа алдсанаас болоод 400 тэрбумын бодит хохирол амсч, хаврын тариалалт эрхлэх сохор зоос ч үгүй болсон юм байх. Тэдний тавьсан шаардлагыг хүлээж авсан даруйдаа салбарын яам нь Хөгжлийн банкнаас эхний ээлжид 25 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, тариаланчдад тараахаар шийдвэрлэжээ. Гэтэл тариалалт эрхлэх мөнгөгүй гэсэн том компанийн эзэд өнөөх мөнгийг өөр зээлэнд зарцуулах сонирхолтой байж. Чухам энэ сонирхлоосоо болоод уг мөнгийг арилжааны банкуудаар дамжуулалгүй, Тариалан эрхлэлтийг дэмжих сан юм уу, аль нэг сангаар дамжуулан авах болзол тулгасан гэнэ. Мэдээж, салбарын яам үүнийг зөвшөөрөхгүй нь тодорхой.

Өнгөрөгч даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэг тариаланчдын тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж, толгойгоо ногоон туузаар чимэглэсэн нөхдүүд бөөн зовлон дэлгэв. Хаа сайгүй хямрал нүүрлэж, ганцхан газар тариалан эрхлэгчид л мөнгөгүй болчихсон юм биш л дээ, уг нь. Гэхдээ ургацаа алдсан дээр нь хямралтай байгааг нь ойлгож засаг мөнгө өгье гэхээр "гар бариад бугуй барина" гэгч байж болохгүй биз дээ.

Засгаас мөнгө нэхэж байгаа тариаланчдад салбарын яамнаас тавьж байгаа ганц шаардлага нь Хөгжлийн банкнаас авсан хөнгөлөлттэй санхүүжилтийг зөвхөн энэ хаврын тариалалтад л хэрэглэх ёстой гэх сануулга. Энэ ч зөв л дөө, хаврын тариалалт хийх мөнгөгүй гэсэн мөртлөө, өмнөх өр зээлээ дарахад өнөөх мөнгөө өгчихөөд яг тариалалтдаа гарахдаа мөнгөгүй, үргүй гээд баахан зовлон тоочоод суувал бас хэцүү.Үнэндээ авсан зээлээ үр тарихдаа биш алт ухахдаа ч юм уу хурдан ажнай худалдан авахдаа зарцуулчихвал яах вэ гэсэн болгоомжлол салбарын яамныханд байгаа бололтой. Ингэж хардах нь ч зүйн хэрэг. Арилжааны банкаар дамжуулахгүй гээд шахаад байгаа тариаланчид авсан зээлээ юундаа ч зарцуулахыг хэн мэдлээ.

Хөдөө аж ахуй бол Монгол Улсын стратегийн нэг чухал салбар гэдэг утгаараатөр засгаас малчид, тариаланчдын толгойг илж, халамжаар угжих нь бараг л хуульчлагдсан зүйл болсон.Хууль батлаад л тэмээ, ямаа, хонь, үхэрт мөнгө тарааж, малчдаа халамжилна. Өнөөдүүл нь ч зунжингаа найр, наадам хэсч, морь, бөх болж явсаар өвөл нь өвс, тэжээлийн мөнгө, нэмнээ элгэвч, хурга ишигний уут нэхээдхэвтчихнэ.Тариаланчид ч малчдаас дутахгүйгээр төр засгийн хайр халамжинд "амьдардаг" хүмүүс. Гэм нь сэтгэл ньер ханана гэж үгүй. Хөнгөлттэй зээл, хөнгөлөлттэй шатахуун төрөөс өгөөд л байна, аваад лбайна, намар нь болохоор хураасан үр тариа, улаанбуудайгаа өндөр үнээр эргээд төрдөө шахах гээд дарамтлаад суучихдаг.

Өөр улс орноос хямдхан, чанартай улаанбуудай авъя гэхээр улаан хэрүүл болдог. Тариалангийнхаа талбайг тордож, усалгааныхаа системийг сайжруулж, технологио шинэчилье, чанар стандартаа сайжруулъя гэхээсээ илүүтэйгээр тоо хөөцөлдөөд, чанар муутай баахан улаанбуудай тариалдаг, өнгөрсөн жил гэхэд зарим тариаланчид чанар хангаагүй буудайгаа малын тэжээлд өгсөн явдал ч гарсан.

Мэдээж, стратегийн салбар гэдэг утгаараа төрөөс малчдаа, тариаланчдаа харж үзэх нь зөв. Харин нөгөө талаасаа тэд энэ салбарт ажиллаж, ашиг олж байгаагийн хувьд өөрсдийнхөө бизнесийн эрсдэлийг даах ёстой. Түүнээс өнөөдүүл нь байгалийн гамшиг эрсдэлд ямар ч бэлтгэлгүй, төр бүхнийг хийх ёстой гэсэн соц арга барилаасаа салахгүй байж болохгүй биз дээ.

Бизнес хийж байгаа юм бол бизнесийнхээ ашгийг ч эрсдэлийг ч өөрөө хүлээдэг байх ёстой биш үү. Монголын ард түмний өмнөөс тариа тариад, тарьсан тариагаа үнэгүй тараагаад яваагүй байлтай. Өөрөөр хэлбэл, малчид ч, тариаланчид ч хэн хэн нь ашгийн төлөө явж байгаа. Тэр утгаараа төрд эрхлэх ямар ч шаардлагагүй гэсэн үг. Бэлэн мөнгө өвнө гээд байгаа тариаланчдад битгий давар гэж хэлмээр байна.

Гутал оёдог, арьс боловсруулдаг үндэсний үйлдвэр зээлээ төлж чадахгүй хаалгаа барилаа гэхэд Засгийн газар гүйж очоод мөнгө тараадагбилүү. Тэр тусмаа төр засгаас халамж хайр хүртэж байгаа малчид, тариаланчид ядаж л “эх оронч”сэтгэлгээтэй байх ёстой юм биш үү. Авах л, дэмжүүлэх л ёстой гэсэн муйхар хандлагаар биш эргээд эдийн засгаа тэтгэхийн тулд арьс ширний үйлдвэрүүддээ малынхаа арьс ширийг хямд үнээр зарах, гурил үйлдвэрлэгчдэдээ боломжийн үнээр улаанбуудайгаа нийлүүлэх хэлбэрээр бие, биенээ дэмжиж болмоор санагдана. Харамсалтай нь, хавар төр засгаас баахан хөнгөлөлттэй зээл, тусламж авчихаад намар нь болохоор яг өөрийнхөө хүссэн үнээр буудайгаа зарна гээд гэдийгээд суучихнэ.Хямд, чанартай улаанбуудай импортоор нийлүүлъе гэхээр талбай дээр буудайгаа аваачаад асгачихдаг.

Улаанбуудайгаа талбай дээр асгаж, улс төрийн шоу хийж байхаар тэр буудайгаа нэг гурилын үйлдвэрт өгчихөөд, ядарсан иргэдэд гурил, талх болгон тараахаа ч мэдэхгүй. Улаанбуудайн үнэ өсвөл гурилын үнэ өснө. Гурилын үнэ өсвөл талхны үнэ өснө. Талхны үнэ өсвөл хичнээн айлд дарамт болохыг тариаланчид тооцож байсан удаагүй.

Малчид, тариаланчдад өгч байгаа зээл, тусламж бол татвар төлөгчдийн мөнгө. Монголын малчид төсөвт түй гэх төгрөг ч оруулдаггүй шүү дээ. Хотоороо дүүрэн хоньтой хэрнээ төрөөс мөнгө нэхээд суудаг ийм малчидтай тохиолдолд хөдөө аж ахуйн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь бага байхаас яах уу. Тэгсэн мөртлөө 50 сая малтай байхад Тавантолгой хэрэггүй гээд сууж байдаг л хүмүүс дээ, монголчууд бид. Тавин сая малынх нь нийтэдийн засагт оруулж байгаа хувь нэмэг бага даа. Хотынхон бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын үнэтэй ижилхэн үнээр л махаа худалдан авч иддэг биз дээ. Тавин сая малтай гурван сая хүнтэй хэрнээ нэг килограмм мах Монголд таван доллар. Авдаг цалин, амьжиргааны төвшинтэйгөө харьцуулахад гурилаа ч үнэтэй авдаг.

“Өнгөрсөн жил цаг агаар ид халж байх үед ХХААЯ, БОНХАЖЯ үүлэнд зориудаар нөлөөлжбороо оруулаагүйгээс ургацынхаа 80 гаруй хувийг алдсан. Иймээс хаврын тариалалтын бэлтгэл ажилд ХХААЯ ямар нэгэн тендергүйгээр тариаланчдыг зөвхөн бэлэн мөнгөөр дэмжих ёстой” гэсэн шаардлагыг тэд тавьж байгаа юм байна.

Өнгөрсөн зун ган гачиг болсонд Засгийн газрын буруу гэж юу байх вэ дээ. Байгалийн гамшиг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэсэн үг ч бий. Гол нь тариаланчид эрсдлээ маш сайн тооцоолж, усалгаатай тариалангийнхаа талбайг нэмэгдүүлэх л шаардлагатай болсны сануулга. Бороо оруулсангүй гэж төрөө буруутгаад, бэлэн мөнгө шаардаад суух нь утгагүй. Бизнес хийж байгаа юм бол бизнесийнхээ ашгийг ч, эрсдэлийг ч өөрөө хүлээдэг байх ёстой юм. Монголын ард түмний өмнөөс тариа тариад, тарьсан тариагаа үнэгүй тараагаад яваагүй байлтай. Өөрөөр хэлбэл, малчид ч, тариаланчид ч хэн, хэн нь ашгийн төлөө явж байгаа бизнес эрхэлэгчид. Энэ утгаараа төрд эрхлэх ямар ч шаардлагагүй гэсэн үг. Бэлэн мөнгө авна гээд байгаа тариаланчдад “битгий давар” гэж хэлмээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ