Вашингтон хотын Маккинли дунд сургуулийн сурагчид монгол хэл судалж байна
2015-2016 оны хичээлийн жилд манай ЭСЯ “Washington Performing Arts” байгууллагын “Embassy Adoption” хөтөлбөрийн хүрээнд Вашингтон хотын шинжлэх ухаан, технологи, инженерийн гүнзгийрүүлсэн сургалттай МакКинли дунд сургуультай хамтран тус сургуулийн 6 дугаар ангийн нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрийн хүрээнд улс орныхоо түүх, соёлыг сурталчлан таниулах хөтөлбөр гарган ажиллаж байна.
1 дүгээр сард АНУ-ын Гадаад харилцааны хүрээлэнгийн багш М.Саруул-Эрдэнэ тус сургуульд зочилж Монголын түүх, соёл, хэл бичгийн талаар мэдээлэл өгч, Алунгуа эхийн домгийг ярьж сонирхуулсан юм (Дэлгэрэнгүйг: http://saruul.niitlelch.mn/content/7585.shtml).
Энэ сард Зураач, барималч Н.Ганхуяг Бурханы шашины соёл, урлагын талаар хичээл орж, цам бүжгийн утга санааг тайлбарлан таниулав. Хичээлийн төгсгөлд хүүхдүүд цамын баг зохион зурж, ямар утга, сайн санааг илэрхийлэн зурснаа тайлбарлаж ярилцлаа.
Энэ хөтөлбөр 6 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд ЭСЯ-ны зүгээс Монголын мэргэжлийн уран бүтээлчид, оюутнуудтай хамтран монгол бүжиг зааж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар манай улсын хэрэгжүүлж буй бодлогыг таниулах зэрэг арга хэмжээг явуулахаар төлөвлөөд байна. Хөтөлбөрийн төгсгөлд сурагчид ЭСЯ-нд зочилж жилийн турш сурсан мэдсэн зүйлээ үзүүлж сонирхуулах бөгөөд 6 дугаар сард болох “Model UN” хөтөлбөрт Монгол Улсыг төлөөлөн оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ