"Mars", "Snickers", "Milky Way" шоколадуудаа эргүүлэн татахаар болжээ

Mars дэлхийн 55 орноос хуванцарын хэлтэрхий агуулагдаж байж болзошгүй шалтгаанаар шоколадуудаа эргүүлэн татахаар болсныг CNN мэдээлжээ. Тодруулбал, Нидерландад үйлдвэрлэсэн сая сая “Mars”, “Snickers”, “Milky Way” шоколадыг эргүүлэн татах юм байна. “Марс Нидерланд”-ын зүгээс, бүтээгдэхүүн хэрэглэгчдээс дээрх шоколадуудаас хуванцар илэрсэн талаар гомдол ирсний дагуу "урьдчилан сэргийлэх” зорилгоор эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Тус компани "2016 оны 7-10 дугаар сард хугацаа нь дуусах “Mars”, “Snickers”, “Milky Way” шоколадуудыг идэхгүй байх хэрэгтэй талаар мэдэгдсэн байна. Мөн төрөл бүрийн савлагаа, боодол бүхий чихрүүдээ ч эргүүлэн татах бололтой.

Герман дахь тус компанийн төлөөлөгч “Бид зөвхөн “Snickers” хуванцартай гэж хэлж чадахгүй учраас “Марс”, “Milky Way” шоколадуудаа ч эргүүлэн татахаар болсон. 2016 оны 7-10 сард хугацаа нь дуусах дээрх шоколадуудыг худалдаж авахгүй байхыг зөвлөе” гэжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 8-ны өдрөөс тус компаний хэрэглэгчдээс дээрх шоколадуудаас хуванцар гарч ирсэн талаар гомдол гаргасны дийлэнх нь Германы хэрэглэгчдийнх аж. Одоогоор хэдий хэмжээний бүтээгдэхүүн эргүүлж татах нь тодорхойгүй байгаа бөгөөд Mars энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ