“Эксель”-тэй иргэд Цэцийн даргыг огцрохыг шаардаж жагсав

Үндсэн хуулийн Цэцийн байрны өмнө өнөө өглөө иргэд жагсаж, Цэцийн дарга, гишүүдийг огцрохыг шаардаж, жагслаа. Тэд Үндсэн хуулийн Цэцийг улстөржсөн шийдвэр гаргаж, эрх зүйн чадамжгүй болсон учраас ийнхүү тэмцэж байгаа аж.

Жагсагчдын зарим нь эксель унаж очжээ. Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн хийсэн мэдэгдэлтэй холбоотой юм байна. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа сар шинийн өмнө мэдээлэл хийхдээ “Би Монгол Улсын дөрөвдүгээр хүн. Дөрөвдүгээр хүн эксель унах юм уу. Туулах чадвар сайтай машин унах ёстой” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлээрээ иргэдийг талцуулж, ялгаварласан гэж жагсагчид үзэж байгаагаа илэрхийлж байв.

Жагсагчид “Иргэдийг талцуулж, ялгаварлан гадуурхахаа боль”, “Үндсэн хуулийг зарж идэхээ боль”, “Лексус-570” бэлгэнд авч, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаснаа тайлбарла”, “Үндсэн хууль зөрчихөө боль”, “Ипотекийн зээлийг зогсоосон хариуцлагаа хүлээ”, “Албан тушаалаа өг”, “Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр биш ард түмэн байдаг юм” зэрэг бичигтэй лоозон барьсан байв.

excel

Иргэд эсэргүүцлээ илэрхийлж, эксель машин дээрээ лоозонгоо наах үед Үндсэн хуулийн Цэцийн хамгаалалтынхан хүчээр тараахыг оролдсон нь маргаан үүсгэв. Хамгаалалтынхан Цэцийн байрны хашаанаас машинаа гаргаж, өөрсдөө хашааны гадна зогсохыг шаардаж хөөхөд жагсагчид “Цэцийн байрны гадна иргэд зогсч, туулах чадвар муутай машин орж болдоггүй гэсэн хууль хаана байна. Ардчилсан нийгэмд хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй” гэцгээж байлаа.

Жагсагчдын төлөөлөл Хан-Уул дүүргийн II хорооны иргэн Л.Авирмэд “Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр биш ард түмэн байдаг юм. Үндсэн хуулийг ард түмний төлөөлөл баталсан учраас ард түмэн байх ёстой. Гэтэл одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн дээр жийп машин байдаг болсон. Цэцийн гишүүд Үндсэн хуулийн үзэл баримтлалаас зөрж иргэдийг ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргадаг боллоо. Тухайлбал, 8 хувийн хүүтэй зээлийг зогсоож, иргэдийнхээ байртай болох боломжийг хааж, иргэдээ ялгаварласан шийдвэр гаргасан. Дараа нь Цэцийн дарга Ж.Амарсанаа гэгч өөрийгөө дөрөвдүгээр хүн гэж зарлаж, жийп машин унах ёстой гэж мэдэгдсэн. Үүгээрээ иргэдийн амьдралыг дорд үзэж, ялгаварлан гадуурхаж байна. Ийм эрх зүйн чадамжгүй гишүүдийг огцруулж, ард түмэн Үндсэн хуулиа хамгаалах ёстой” гэлээ.

Үндсэн хуулийн Цэцийн хамгаалалтынхан, цагдаа нар жагсагчдыг хүчээр тараасан юм. Тиймээс жагсагчид шаардах бичгээ Цэций даргад өгч чадаагүйгээ учирлаж байв.

Н.МЯГМАР

excel

excel

excel

excel

excel

excel

СЭТГЭГДЭЛ БИЧИХ