ӨБХ-ны дарга Ж.Батзандан эмнэлгийн байгууллагын удирдлагуудтай уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан Улсын Их Хуралд өргөн баригдаадбуй “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах, эрүүл мэндийн хууль, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр эмнэлгийн байгууллагын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзаж санал солилцлоо.

Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийг эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулах 7 хоног болгон зарлаж, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудтай уулзаж санал солилцохын зэрэгцээ зарим эмнэлгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтын эхэнд дуулгасан юм.

Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарын өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээл, ялангуяа Байнгын хороогоор дамжуулан Засгийн газарт хүргүүлэн нэн яаралтай шийдэх асуудлуудын талаар нээлттэй ярилцаж санал солилцов.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, Улсын Их Хурлаар хэлэлцэх гэж буй Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл эмнэлгийн байгууллагуудын өмнө нэлээд хүлээлттэй байна. Өнөөдөр эмнэлгийн салбарт үйл ажиллагаа явуулахад тулгарч буй нийтлэг хүндрэлтэй асуудал бол санхүүжилтийн асуудал. Улсын эмнэлэгт ажиллаж буй олон жилийн мэдлэг, туршлагатай эмч нарыг тогтоож ажиллуулахад цалин бага учир эдгээр эмч нарыг хувийн эмнэлэгт алдаж эхэлж байгаа. Хавдар судлалын үндэсний төвийн төсөв 11 тэрбум төгрөг байдаг. Үүнээс 40 хувийг цалинд, 30 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэлд, үлдсэн 30 хувийг урсгал зардалд зарцуулдаг гээд, эмнэлгийн байгууллагын санхүүжилтийн асуудлыг шийдэх асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг хэлсэн бол Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Б.Бат-Оргил, манай эмнэлэг гуравдугаар шатлалын эмнэлгийн хувьд 2012 оны 8 дугаар сард батлагдсан эрүүл мэндийн салбарт мөрдөх ерөнхий стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ нь дэлхийн түвшинд ойртуулсан стандарт учир хэрэгжихэд хүндрэлтэй байдаг. Энэхүү стандартыг хэрэгжүүлэхийн тулд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлуулах шаардлагатай. Хуулийн төсөлд өгсөн анхны саналууд хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөж байгааг анхаарч үзэх хэрэгтэй гэв. Мөн Арьсны өвчин судлалын үндэсний төвийн дарга А.Цогцэцэг, хуулийн төсөлд эмнэлгийн байгууллагуудын бие даасан байдлыг бэхжүүлэх асуудлыг санал болгохдоо олон улсын жишигт тулгуурлаж, зарим улс орны туршлага судалсан. Тус эмнэлэг 148 ажилтантай, 2 тэрбум 600 сая төгрөгийн төсөвтэй байгаа нь бага төсөв юм. Үүний 50 хувийг цалинд зориулдаг. Эрүүл мэндийн даатгалын сангаас орж ирж байгаа мөнгийг өвчтөнд өөрт нь зориулах хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд Эрүүл мэндийн суурь хураамжийг нэмэх асуудлыг оруулж байгаа. Арьсны өвчин судлалын үндэсний төв зөвхөн арьсны эмчилгээг даах бус давхар дотрын өвчнийг эмчилдэг. Нэг эмч өдөрт 65 хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгдөг. Энэ нь ачаалал их, чанар ямар байгаа нь ойлгомжтой гэдгийг хэлсэн юм.

Уулзалтад Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Б.Бат-Оргил, 1 дүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж, 1 дүгээр төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Б.Чулуунбаатар, Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн дарга О.Батгэрэл, Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга О.Батгэрэл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Г.Энхтөр, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн дарга А.Цогцэцэг нар оролцож эрүүл мэндийн байгууллагын стандарт ямар байх, эмнэлгийн байгууллагын ачааллыг хөнгөлөх асуудлаар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ