С.Ганбаатар Хөдөлмөрийн Үндэсний намын дарга боллоо

Хөдөлмөрийн Үндэсний нам өнгөрсөн өдрүүдэд хуралдаж намын даргаа сонгожээ. Учир нь намын дарга С.Боргил үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Тэрбээр чөлөөлөгдөх болсон шалтгаанаа “Олон нийтэд илүү танигдсан, ХҮН-ыг сонгуульд авч орох туршлагатай, улс төрч намын даргын ажлыг хийх нь зүйтэй” гэж тайлбарлажээ. Намын хуралд 300 гаруй төлөөлөгч 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн намын хороодыг төлөөлөл оролцсон аж. Намын даргад С.Ганбаатар болон танхимаас намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа болон Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн намын хороон дарга Т.Бат-Оргил нарыг нэр дэвшүүлсэн байна. Харин Б.Найдалаа, Т.Бат-Оргил нар С.Боргилын саналыг дэмжин нэрээ татаж авчээ. Санал хураалтаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН намын даргаар 98 хувийн саналаар сонгогдсон байна.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ