Хуулийн төслүүдийг баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцуулав.

Төслийн “Улсын байцаагч нь цалингийн нэгдсэн нэг ангилал, шатлалтай байна” гэсэн хэсэг ньТөрийн албаны тухай хуулийн зарим заалттай зөрчилдөж байгаа, “Улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэгийн загвар, эдэлгээний хугацаа, хэрэглэх журмыг батлах” гэсэн заалт нь Татварын ерөнхий хууль болон Гаалийн тухай хуулиар тус тус зохицуулагдаж байгаа, мөн “гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хянан баталгаажуулах” гэсэн заалт нь Татварын ерөнхий хуулиарзохицуулагдахаар байгаа тул төслийн 10.1.18 дахь заалтын "хянан баталгаажуулах" гэснийг "дахин хянуулахаар Маргаан таслах зөвлөл рүү 1 удаа буцаах шийдвэр гаргах" гэж өөрчлөх гэсэнзарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Үүний дараа эдгээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүнээс өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслүүдийг нэгдсэн хуралдаанд оруулан батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй үзсэн тухайБайнгын хороог төлөөлж УИХ-ын гишүүн Б.Наранхүү илтгэлээ.

Дээрх хуулийн төслүүдийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Дараа нь гишүүд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүд зарчмын санал гаргаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Батцогт Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж улмаар олонхын саналаар хуулийн төсөл батлагдлаа.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонх дэмжсэнээрэдгээр хуулийн төслүүд батлагдлаа.

Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ