Л.Гансүх: Анд нараа оройтно гэж хэзээ ч байхгүй
Цагаан морин жил сэвэлзсэн АРДЧИЛЛЫН цэгээн унага ажнай хөлөг болсон 25 жилийн босгон дээр халуунд халалцаж, хүйтэн хөрөлцөж хамтдаа явсан журмын анд нартаа баярын мэндийг хүргэж,бүдэг бадаг гэрэлтэй, бор хоног, шар өдрийг ядан ядан өнгөрөөх шоронгийн тавгүй өрөөнөөс ч болов баяраа чин сэтгэлээсээ та нартайгаа хуваалцаж байна.
Алдаж онож явсан энэхэн хугацаанд АН-ын цөхрөхгүй итгэл, хувьрашгүй зүтгэл, тулах тулгуур болсон түмэн олон нөхөд,эгэл жирийн олон гишүүд, дэмжигчид та нар шүү гэдгээ хэлэх гэж харуй бүрий гэрэлд үсгээ тэмтчин байж илэрхийлье.
90 онд бид чи МоАХ,би Соцдек, өөрөө МҮДНяк биздээ гэх ялгаралгүй нэгэн үзүүрт сэтгэлээр, нэгэн зорилго тийш хамтдаа гурваа гэж хүчээ нийлүүлэн, эвийн зангиатай зүтгэж явсан сайхан цагаа нэг дурсацгаая.
Ялалтанд хөөрч, ололтонд омтгойрсноос лааз өшиглөж явснаа ч нэхэн санах цаг ирж байгааг мэдэрцгээе.
АН-ын жирийн олон гишүүд та нар, партизанууд та нар огт алдаа хийгээгүй. Алдсан асгасан, эвдрэлцсэн, толхилцсон, завсар зайгаар улс төрийн шалтгаанаар өрсөлдөгчөө биш өөрснийгөө намнасан нь та нар минь биш, бидний хэсэгхэн найз нар минь шүү гэж бодож сууна.
Цаг нөхцөөн бодож суухад бид юун дээр чухам алдаад байна, юунд ариун зарчим, чиг авсан азимутаасаа хазайж, ад зэтгэрийн хорлолд орж, оройд нь хүрэхгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй зовлонгийн үр баялагт зарим нэг маань хөл алдаж, андуудаа сонсохгүй, олон түмнээ чагнахгүй, эвдрэлцэж, улайрч, өрсөлдөгчдийнхөө идэш болж, сонгогч олныхоо итгэл сэтгэлийг сэвтээдэг байна.
Анд нараа гэвч оройтно гэж хэзээч байхгүй, өнөөдөр л танар минь эвдрэл талцлаа хойш тавьж, олон түмнийхээ итгэл сэтгэл, журмын олон нөхдийнхөө цөхөрөөгүй зүтгэлийг бодон бодон байж, уулзан,уулзан учир зүйгээ олж, эвийн холбоогоо сэргээгээсэй гэж хүсэхдээ дотроо бөглөрөх гоморхолоо, туулж байгаа зовлонгоо мартан байж уриалж байна.
Заяагаар учирсан АРДЧИЛЛЫН андууд минь, төрийн гурван өндөрлөг минь сайнтай муутай ч энэ цагийг бид л авчирсан. Үүнийг төгөлдөржүүлэхэд Архимедедийн тулгуурт ганц цэг дутсан шиг бидэнд ганцхан цэг дутаж байна. Энэ бол та бүхний минь ЭВ ОЮУ шүү.
Анд нараа захиагаа би Р.Чойномийн мөрөөр өндөрлөе.
За тэр хараа биздээ найз нар минь минь
Захиа бодролын мөр дундуур
Засгийн шоронгийн төмөр хаалганы ир
Заазуур адил тас дараад хаагдлаа
Яаядаа гэсэн халуун уур ертөнцөөс үлдэж
Яс нэвтлэм чийгтэй өрөөний хүйтэн агаарт
Ауүгүн Раблэгийн бичсэн шиг миний өмнөх хоригдлуудын
Өнгө өнгийн дуунууд хөлдүү хэвтхийг харж байна
Хүрэн модон наараар бие нухсан өрөөнд
Хүйтэн чулуун ханаар сэтгэл нухсан шоронд
Хүний ёсноос гадуур хэлмэгдэнхаягдаж
Хүртсэн хувийн амьдарлаа олон хоногоор бодож
Гандах мандах хоёрын хар цагаан зааг дээр
Ганхаж гунхаж явсан тавь гаруй насандаа
Бидний итгэж явдаг үнэн гэдэг үнэн биш
Биелээсэй гэж явсан жаргал маань жаргал биш боллоо гэж бодож сууна.
2015.12.06
СЭТГЭГДЭЛ БИЧИХ