Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.11.20.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 11 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвецид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нар танилцуулав.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ОУЦХБ/ нь олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт болон мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд анх 1865 онд “Олон улсын телеграфын хороо” нэртэйгээр байгуулагджээ. Тус холбооны төв нь Женев хотноо, Ази, Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайландын Бангкок хотодбайрладаг аж. Өнөөдрийн байдлаар тус байгууллагад дэлхийн 192 орон гишүүнээр элсээд байгаа агаад манай улс 1964 онд гишүүн орноор элсчээ.

ОУЦХБ-ын эрх барих дээд удирдах байгууллага нь 4 жилд нэг удаа хуралддаг Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурал юм. “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Дүрэм, Конвенци”-ийг Монгол Улсын Их Хурал 1994 онд соёрхон баталсан бөгөөд 1998 онд АНУ-ын Минеаполис хотноо хуралдсан Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурлаас тус байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Их Хурал 2003 оны 4 дүгээр сард соёрхон баталжээ.

Харин 2010 оны 10 дугаар сард Мексикийн Нэгдсэн Улсын Гуадалахара хотноо хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бага хурлаас тус байгууллагын Үндсэн дүрэм болон конвенцид нэмэлт өөрчлөлт оруулсан тул Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу уг нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагыг үндэслэн энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэхэд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл ажлын хэсгээс асуулт асууж тодруулсныдараа Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийг төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.

Дараа нь Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нар танилцуулсан юм.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжихийн хэрээр манай иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес эрхлэх зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан монгол иргэд олноор зорчдог зарим улстай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлд анхаарч, одоогоор 7 улстай ийм гэрээ байгуулаад байгаа аж. Мөн манай улс Ялтан шилжүүлэх тухай 1978 оны Берлиний конвенцид нэгдэж орсон орнуудын нэг юм.

Харин Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид Европын холбооны гишүүн 47 улс, гишүүн бус 19 улс нэгдэж орсны тоонд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бельгийн Вант Улс, Бүгд Найрамдах Ирланд Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Америкийн Нэгдсэн Улс, Австрали, Япон зэрэг улсууд багтдаг аж. Иймд уг конвенцид нэгдэн орсон улс тус бүртэй ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулахын оронд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэж орсноор эх орондоо ялаа эдлэхийг хүссэн иргэдийг шилжүүлэх харилцааг зохицуулсан эрх зүйн үндэс бүрдэх юм байна. Энэ хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулангишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны саналаар хуулийн төслийг соёрхон батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.5 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, уг хуулийн төслийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь шаардлагатай өөрчлөлт оруулаагүйгээс ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин тодорхой бус болсныг залруулж, холбогдох өөрчлөлтийг оруулснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Хуулийн төслийг боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий хорооны саналыг авч тусгасан. Мөн уг хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, зарчмын хоёр санал ирүүлснийг төсөлд тусгасан гэдгийг дурдав.

Уг хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд Ард нийтийн санал асуулга явуулах өдөр бүх нийтээр амрах; санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах; санал авах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах зэрэг асуудлыг тусгажээ. Түүнчлэн санал өгөх, санал тоолох, саналын хуудсыг хүчингүйд тооцохтой холбогдсон зарим зохицуулалт хийхээр тусгасан байна.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонх нь хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, Н.Энхболд, Н.Батцэрэг, Д.Ганхуяг, Ш.Түвдэндорж нар асуулт асууж тодруулав. Төсөл санаачлагч Н.Батбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиудын шинэтгэлтэй нийцүүлэн уг хуульд техникийн шинж чанартай зарим зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа, тэгж байж энэ хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм гэдгийг онцлов. Мөн хуулийн төсөл дэх цаг хугацааны талаарх заалтыг хэлэлцүүлгийн шатанд өөрчлөх боломжтой гэдгийг хэллээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Л.Цог, Д.Ганхуяг нар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Ц.Нямдорж нар дэмжихгүй байгаагаа хэлэв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.1 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ