Улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ
Энэ намрын анхны хишиг барилдаан амжилттай, сайхан болж өндөрлөлөө. Залуу арслангууд магнайлсан энэ өдрийн барилдаанд уран, хурц, дайчин барилдаан мөн ч их гарлаа. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат, Алдар спорт хорооны бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв. Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын заан Д.Баасандорж нар шалгарсан юм.
Харин дунд шөвөгт улсын шинэ харцага Б.Одгэрэл, улсын начин Ч.Цогбаяр, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, аймгийн арслан Б.Чимэдвандан нар үлдсэн билээ.
Хоёрын давааны төгсгөлд аймгийн цолтнууд хоорондоо нугарч барилдсанаас аймгийн арслан Ш.Пүрэвгарьд аймгийн заан Б.Түмэндэмбэрэл нарын барилдааныг онцлохгүй байхын аргагүй. Хурд мэдрэмжний гайхамшгийг мэдрүүлж чаддаг энэ хоёр залуугийн хэн нь давахыг тааж ядан суух хоромд Түмэндэмбэрэл заан алсын шуудаг аван барьцаа лавшруулан өргөж цацан давснаар үзэгчдийн уухайн дор туг тойров. Мөн энэ үеэр аймгийн арслан А.Хосбаяр аймгийн заан Б.Амбасэлмааг босоо өмсөж давсан нь бас л гайхамшигтай агшин байлаа. Аймгийн арслан Э.Ванданцэрэн аймгийн заан Д.Дарханбаатарыг тун даацтай хавирч давна лээ.
Гурвын даваа эхлэхийн өмнө Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж буй АПУ ХК, Атар-Өргөө ХК, МҮБХ, Өмнөговь аймгийн ЗДТГ зэрэг байгууллага, хамт олонд дурсгалын зүйл гардуулав.
Гурвын давааны хамгийн сенсацитай барилдаан бол аймгийн начин Ууганбаяр улсын арслан Э.Оюунболдыг түрээд хөөхөөр нь хүчийг нь дагуулж даацтайхавиран давсан барилдаан байлаа. Мөн а.а Ба.Отгонбаатар начин Э.Энхбатыг мордоход нь сөрж халз хутгаад газардуулчихсан. Өвөрхангай аймгийн харьяат сумын заан Ж.Бямбадонид аймгийн харц арслан Ш.Мөнгөнбаатарыг сэрвүү барьцнаас өлгөж хавираад бас л тун уран хаясан юм.
Дөрвийн даваанд заан Б.Соронзонболд а.н Ууганбаярыг давхар тохоод давах нь сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг үгийг санагдуулна. Хажуугийн үзэгч Соронзон заан тохох нь дээ... гэж хэлж дуусаагүй шахам байхад л тохчихсон. Мөн чиг аатай давалт. Булганы "гоё" А.Отгонбаатар арслан а.а Н.Ганзоригийг хөлдөө алдсан боловч дагуулж гуядаад давчихсан. Улсын начин Ц.Одбаяр аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр нарын барилдаан багагүй удааширсаны эцэст Одбаяр начин давхар шуудагнаас түрж хөөн давна лээ.
Хишиг барилдаан бүр дээр тодруулдаг хоёр азтан ХУД-ийн ЗД-ын орлогч аймгийн заан Анхбаяраас азын 50.000 төгрөгөө гардаж авсан бөгөөд энэ хоёр азтаны нэг нь Завхан нутгийн гаралтай үзэгч бүсгүй байсан нь содон.Улсын арслан Д.Ганхуяг хагас саятан хоёр азтанг тодруулж, азын 500,000 төгрөгийг нь гардуулан хамтдаа патериа даруулж, амжилтыг ерөөлөө.
Тавын даваанд улсын гарьд Б.Гончигдамба улсын начин Ч.Цогбаярыг амалсан агаад барилдааны явцад Цогбаяр гарьдынсэнжигний барьцыг маш хүчтэй халах үедээ гарынхаа үзүүрээр эрүүнд нь дэлсээд гэдрэг суулгачихав. Энэ нь санамсаргүй хэрнээ маш хүчтэй халалт байсан юм. Гарьд тэр хүчтэй "дэлсэлт"-д манарч дэвжээн дээр босч чадалгүй хэсэг хэвтсэний дараа эмч нарын дэмжтэгтэйгээр тахимаа өгөөд талбайг орхив. Дараа нь багагүй хугацаанд эмчийн тусламж авсаар байлаа... Аймгийн арслан Б.Хашбат улсын арслан П.Бүрэнтөгсийг хөмөрсөн боловч даасангүй өөрөө даруулан уналаа.Энэ даваанд улсын заан Д.Баасандорж улсын заан Б.Батмөнхийг амалсан нь бас л содон, сонин амлалтын нэг гэж болохоор... Бааска заан ч амлалтандаа итгэл төгс байж Батмөнх зааныг хавирч давснаар тугаа тойров. Тунасан хоёр арслангийн барилдаан эн тэнцүүхэн өрнөж Н.Жаргалбаяр арслан О.Гантулга арсланг давхар шуудагнаас шахаж өргөөд давчихна лээ. Хоёр "Од"-ын барилдаан бас их сонирхолтой болсон. Одгэрэл харцага Одбаяр начинг амалж барилдахдаа давхар шуудагнаас өргөөд тавихад нь босоо үлдэж чадсан төдийгүй тэрүүхэнд нь мушгиад бас л өвдөглүүлчих нь бахтай. Харин дараагийн даваанд Бүрэнтөгс арслан Одгэрэлийг сэнжигнээс гуд татаад өвдөг шороодуулсан бол Батсуурь арслан Жаргалбаярын толгойг уургалан дөрвөн хөллүүлээд мөн л гуд татан давсан билээ. Содномдорж баз хүргэн Цогбаярыг зайлж мушгин давж, Баасандорж а.а Чимэдванданг өөрийн дархан ширвэх мэхээр давсан юм.
Их шөвөгт Бүрэнтөгс Баасандоржийг давхар шуудагнаас түрж хөөн, Содномдорж Батсуурийг мөн шуудагнаас хашиж өргөн хаяснаар залуу арслан харцага хоёр түрүү булаалдахаар шалгарлаа.
Наймын даваанд Содномдорж Бүрэнтөгсийг хөмөрч давснаар Хан-Уул дүүргийн 50 жилийн ойд зориулсан Богдхан уулын хишиг барилдааны түрүү бөхөөр тодорч, Бүрэнтөгс арслан энэ намрын хоёр дахь үзүүрээ авлаа.
Маргааш Нийтийн монгол бөх болон өсвөр бөхчүүдийн ээлжит барилдаантай. Бүртгэл 10 цагаас, барилдаан 12 цагт эхэлнэ.
Дүйз :
Гурвындаваа
1. П.Бүрэнтөгс у.а–Б.Дагвадорж а.х
2. Н.Батсуурь у.а–Л.Балдорж а.н
3. Э.Оюунболд у.а –Э.Ууганбаяр а.н
4. Б.Гончигдамба у.г–У.Береке а.х
5. Д.Баасандорж у.з–Г.Ганбаатар а.н
6. Б.Батмөнх у.з–Ш.Мөнх-Од а.з
7. Б.Соронзонболд у.з–Н.Баттүвшин а.з
8. Ц.Содномдорж у.х–Б.Батбаяр а.н
9. А.Цацабширу.х –Т.Ядамсүрэн а.н.н
10. Ө.Даваабаатар у.х–О.Батжаргал а.н.н
11. Б.Одгэрэл у.х–Х.Алтансүх а.з
12. Э.Энхбат у.ө.и.н–Б.Отгонбаатар а.а
13. Ц.Лхагвасүрэн у.ө.и.н–Н.Батсайхан а.а
14.Ш.Уламбаяр у.ө.и.н –Ш.Отгонтөгс а.х
15. Б.Насандэлгэр у.н–М.Даваасүрэн а.з
16. Д.Цогзолдорж у.н –Б.Ганбаатар а.а
17. Л.Гантулга у.н –Б.Хашбат а.а
18. Ч.Баянмөнх у.н –Д.Бат-Эрдэнэ а.з
19. Ч.Цогбаяр у.н–Ш.Дарханбат а.а
20. Ц.Одбаяр у.н–Т.Сүрэнжав а.а
21.Л.Цэрэнтогтох у.н–Б.Бат-Эрдэнэ а.а
22. Т.Баасанхүү у.н –Ж.Наранбаатар а.а
23.Ш.Мөнгөнбаатар а.х.а –Ж.Бямбадонид с.з
24. Н.Жаргалбаяр а.х.а–Д.Цэрэнтогтох ц.н
25.Ө.Сүхбат а.х.а–Х.Энхчулуун а.х
26. О.Гантулга а.х.а–Н.Хүрэлсүх а.х
27. А.Отгонбаатар а.а–Д.Пүрэвдорж а.х
28. М.Бадарч а.а–Б.Түмэндэмбэрэл а.з
29.Д.Анар а.а –Б.Чимэдвандан а.а
30.Д.Бадамгарав а.а –А.Хосбаяр а.а
31. Н.Ганзориг а.а–Э.Ванданцэрэн а.а
32.М.Эркебулан а.а –Ч.Хөхчирэнгэр а.а
Дөрвийн даваа
1. П.Бүрэнтөгс у.а–Ж.Бямбадонид с.з
2. Н.Батсуурь у.а–Э.Ууганбаяр а.н
3. Б.Гончигдамба у.г–О.Батжаргал а.н.н
4. Д.Баасандорж у.з–Т.Ядамсүрэн а.н.н
5. Б.Батмөнх у.з–Х.Энхчулуун а.х
6. Б.Соронзонболд у.з –Ш.Отгонтөгс а.х
7. Ц.Содномдорж у.х–Д.Бат-Эрдэнэ а.з
8. Б.Одгэрэл у.х–Ж.Наранбаатар а.а
9. Ц.Лхагвасүрэн у.ө.и.н –Б.Чимэдвандан а.а
10. Б.Насандэлгэр у.н–А.Хосбаяр а.а
11. Ч.Цогбаяр у.н–Б.Отгонбаатар а.а
12. Ц.Одбаяр у.н–Ч.Хөхчирэнгэр а.а
13. Н.Жаргалбаяр а.х.а–Б.Ганбаатар а.а
14. О.Гантулга а.х.а–Б.Бат-Эрдэнэ а.а
15. А.Отгонбаатар а.а–Н.Ганзориг а.а
16.М.Бадарч а.а –Б.Хашбат а.а
Тавын даваа
1.П.Бүрэнтөгс у.а–Б.Хашбат а.а
2. Н.Батсуурь у.а–Б.Насандэлгэр у.н
3. Б.Гончигдамба у.г–Ч.Цогбаяр у.н
4. Д.Баасандорж у.з–Б.Батмөнх у.з
5. Б.Соронзонболд у.з–Б.Чимэдвандан а.а
6. Ц.Содномдорж у.х–А.Отгонбаатар а.а
7. Б.Одгэрэл у.х–Ц.Одбаяр у.н
8. Н.Жаргалбаяр а.х.а–О.Гантулга а.х.а
Зургаагийн даваа
1. П.Бүрэнтөгс у.а–Б.Одгэрэл у.х
2. Н.Батсуурь у.а–Н.Жаргалбаяр а.х.а
3. Д.Баасандорж у.з–Б.Чимэдвандан а.а
4. Ц.Содномдорж у.х–Ч.Цогбаяр у.н
Долоогийн даваа
1. П.Бүрэнтөгс у.а–Д.Баасандорж у.з
2.Н.Батсуурь у.а –Ц.Содномдорж у.х
Наймын даваа
1.П.Бүрэнтөгс у.а –Ц.Содномдорж у.х
СЭТГЭГДЭЛ БИЧИХ