“Манай хоёрыг Буриадын цагдаа нар огт тоогоогүй юм билээ”

-РЕЗИН СУМТАЙ БУУГААР ХӨЛ, ТОЛГОЙ, НУРУУНД НЬ БУУДЖЭЭ-

Өнгөрсөн даваа гаригийн 22:00 цагийн орчим ОХУ-ын Буриад улсын Сэлэнгийн районы Нур-Тухум тосгоноос 8 км-ын зайд Монгол Улсын иргэн Б.А болон С.А нарыг зорчиж явахад дээрэмдэж, зодон, улмаар буудан амь насанд нь халдахыг завдсан хэрэг гарсан билээ.

Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас ГХЯ-нд ирүүлсэн мэдээнд, манай залуусыг цагаан өнгийн “Тоёото харриер” маркийн машинтай, өнгөлөн далдлалтын ногоон эрээн хувцастай хүмүүс зогсоож, бичиг баримтыг нь шалгажээ. Улмаар машинаас нь гарган, тээшийг онгойлгуулж цүнх, гар утас бусад эд зүйлийг аваад дээрэмдэн явсан байна гэж мэдээллэсэн аж. Түүгээр ч зогсохгүй гэмт этгээдүүд манай улсын иргэн Б.А-г резин сумтай гар буугаар буудсанаас хөл, толгой, нуруундаа шархдаж, эмнэлэгт очиж толгойдоо хоёр оёдол тавиулсан. Эмнэлгээс боолт хийн, амь насанд нь аюулгүй гээд явуулсан тухай мэдээлэл өгчээ.

Одоо манай хоёр иргэн Гусино-Озерийн цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа аж. Өнөөдрийн байдлаар гэмт этгээдүүд олдоогүй байгаа бөгөөд тэднийг эрэн сурвалжилсаар буй юм байна. Буриадын ДЯЯ-наас өгсөн мэдээллээр, тэднийг гадагш гарахад хаалт тавин эрэн хайж байгаа аж.

Бид хайсны эцэст хохирогчдын нэгний ойрын хамаатнаас энэ талаар тодрууллаа.

-Яг юу болсон юм бол? Яагаад монгол залуус халдлагад өртөв гэдэгт хүмүүс анхаарал хандуулж байна?

-Ах нь өчигдөр л энэ тухай мэдээллийг хэвлэлээс олж уншаад, дүүтэйгээ холбоо барьсан. Санаа зоволтгүй л гэж байна лээ. Гэхдээ санаа зовохгүй байна гэж юу байх вэ дээ. Буриадад гэмт хэрэг, аллага их гардагийг ах нь мэднэ. Тийм учраас хүмүүст бас сэрэмжлүүлэг болог дээ гэж бодох юм. Манайхан ОХУ руу үнэгүй зорчдог болсон. Хэн дуртай нь өөрийн унаагаар хил давхиж гараад байдаг. Энэ нь гэмт этгээдүүдийн анхаарлыг татдаг болсон байх. Энэ удаад миний дүүгийн унаж явсан машин буриад залуусын халдлагын бай болсон байна. Хэнд ч ийм явдал тохиолдохгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс аль болох анхаарал сэрэмжтэй явахыг хүмүүст анхааруулах байна.

-Тэд ямар хэргээр Буриад явсан юм бэ?

-Бага хэмжээний бараа авах зорилготой явсан юм билээ. Өмнө нь ч хэд, хэд явж байсан. Гэтэл цагдаагийн бололтой дүрэмт хувцастай хүмүүс дохиж зогсоосон юм билээ. Цагдаагийн эрээн мод, бороохой барьчихсан хүмүүс болохоор зогсчихсон гэсэн. Тэд манай хоёрын баримт, бичгийг шалгаад буцаагаад өгсөн гэсэн.

-Буудуулсан гэсэн мэдээлэл байгаа?

-Тийм ээ. Тэр залуус тээшний хэсгээ онгойлгохыг шаардаж, буу тулгасан байна лээ. Тэгээд миний дүүг хамт явсан залуутай нь зодож, дээрэмдээд буудсан гэсэн.

-Дүүд чинь ямар гэмтэл учирсан юм бол?

-Хөл, толгой, нуруундаа гэмтэл авч, эмнэлэгт очоод толгойдоо хоёр оёдол тавиулсан гэсэн.

-Азаар аминаас нь холуур байж дээ?

-Харин тийм. Сум нь резинэн сум байсан гэж цагдаагийнхан нь хэлсэн байна лээ.

-Буудуулаад явж байхдаа тус улсын цагдаагийнхантай олон таарсан ч огт тоохгүй байсан гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар танд ярьсан зүйл бий юу?

-Тэр хоёр зам дээр зогсож байгаад монголчуудаасаа тусламж авсан байсан. Буриадын цагдаа нартай тааралдсан ч тоохгүй байсан гэсэн. Монгол руугаа буц гэж хэлсэн юм билээ.

-Одоо дүүгийн чинь болон хамт явсан хүнийх нь бие хэр байгаа бол?

-Өчигдөр ярихад өөрөө би гайгүй, сайн байгаа л гэж байсан.

-Хэдийгээр нутагтаа ирнэ гэж байна вэ?

-Сайн мэдэхгүй байна. Гэмт хэрэг ОХУ-ын нутаг дэвсгэрт гарсан учраас шууд буцаачихдаггүй юм байна. Эмнэлэгт боолт хийлгэж, оёо тавиулаад цагдаагийн газарт байцаалт өгсөн гэсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ