Алтан соёмбот далбааг мандуулах баатрууд
“Астана-2015” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд таван хоног үлдээд байна.
Энэ жилийн дэлхийн аварга олимпийн өмнөх гэдгээрээ маш онцлогтой. Тэр ч утгаараа дэлхийн129 орны 816 жүдоч зодоглохоор болсон. Тэмцээнийг Монгол орон даяар C1, Sport box, ETV телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэх юм байна.
Энэ сарын 24-30-ны хооронд ДАШТ-нд тэмцээнд манай улсаас 21 тамирчин, таван дасгалжуулагчийн хамт явахаар бэлтгэлээ базаагаад байна. Монголын жүдо бөхийн холбооноос мэдээлэл хийж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох шигшээ багийн тамирчдыг зарлаад байна.
ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг
Эрэгтэй шигшээ
1. Ганбатын Болдбаатар 60 кг
2. Ц.Цогтбаатар 60 кг
3. Даваадоржийн Төмөрхүлэг 66 кг
4. Хашбаатарын Цагаанбаатар 66 кг
5. Сайнжаргалын Ням-Очир 73 кг
6. Ганбаатарын Одбаяр 73 кг
7. Нямсүрэнгийн Дагвасүрэн 81 кг
8. Лхагвасүрэнгийн Отгонбаатар 90 кг
9. Найдангийн Түвшинбаяр -100 кг
10. Отгонбаатарын Ууганбаатар 81 кг (багийн барилдаанд)
Эмэгтэй шигшээ
1. Мөнхбатын Уранцэцэг 48 кг
2. Мөнхбаатарын Бундмаа 52 кг
3. Адъяасамбуугийн Цолмон 52 кг
4. Доржсүрэнгийн Сумъяа 57 кг
14. Алтайгийн Батзул 57 кг
15. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа 63 кг
16. Цэнд-Аюушийн Цэрэннадмид 63 кг
17. Пүрэвжаргалын Лхамдэгд -78 кг
18. Одхүүгийн Жавзмаа+78 кг
Баттулгын Мөнхтуяа+78 кг
Дасгалжуулагч
Одвоогийн Балжинням
Дашгомбын Баттулга
Гантөмөрийн Дашдаваа
Хишигбатын Эрдэнэт-Од
Шархүүгийн Цэвэлмаа нар оролцоно.
Дэлхийн аварга болсон жүдоч олимпийн эрхийн 900 оноо, дэд байрт шалгарсан бөх 540 оноо, хүрэл медаль хүртсэн бол 360 оноогоор чансаагаа ахиулах юм. Ингээд энэ удаагийн ДАШТ-д явахаар зэхэж байгаа манай баг тамирчдаас гол найдлага тавьж байгаа бөхчүүдийн талаар өгүүлье.
Доржсүрэнгийн Сумьяа 57 кг
"Астана-2015" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хамгийн олон бүсгүйчүүд хүч үзэх бөгөөд нийт 49 орны 61 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Энэ жинд манай улсаас ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа, Алтайгийн Батзул нар хүч үзнэ. Энэ жингийн чансааг Румыний Корина Каприориу тэргүүлэн барилдана.
Д.Сумьяагийн хувьд сүүлийн үед болж байгаа жүдогийн олон улсын хэмжээний тэмцээнүүдэд бүгдэд нь жингээ төлөөлөн оролцож медаль зулгааж байгаа. Тиймээс энэ дэлхийн аварга түүний хувьд хэн болохоо үзүүлэх талбар мөн билээ.
Харин № 2-т Португалийн Тельма Монтейро бичигдэж байгаа бол манай ОУХМ Д.Сумьяа гуравдугаарт эрэмблэгдэж байна. Тэрбээр чансаагаараа D хэсгийг тэргүүлэх бөгөөд Германы Мирям Ропертой нэг хэсэгт таарахаар болсон. Түүнчлэн топ 8-д Бразилийн бөх дэлхийн аварга Рафаэла Сильва, АНУ-ын Марти Малой, Францын Аутомне Павиа, Австрийн Сабрина Филкмостер нар бичигдэж байна. Эдгээр тамирчдын толгойлсон хэсэгт олимп, дэлхийн аварга Японы Каори Мацүмото, ДАШТ-ий хүрэлтэй Нидерландын Санне Верхаген нар сугалаагаар орох болно.
Мөнхбатын Уранцэцэг 48 кг
Эмэгтэй 48 кг-ын жинг дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг тэргүүлэн барилдана. Дэлхийн чансааг хол тэргүүлж буй Урнаа гавьяатын жинд энэ удаад 35 орны 45 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна.
Гавьяатын хувьд яах аргагүй торгон амжилтын ирэн дээрээ яваа учир энэ дэлхийн аварга түүнийх болно гэдэгт итгэлтэй байна. Чансаагаараа ч энэ жингийнхээ бүх тамирчдыг хол орхин тасархай тэргүүлж яваа нь баталгаа болох бизээ.
Тэмцээн уламжлал ёсоор топ 8-д эрэмблэгдсэн тамирчид хэсэг толгойлох бөгөөд А хэсгийг манай гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүлэн барилдах бөгөөд түүний хэсэгт тэмцээний чансааны #8 Украины Мариана Черняк орно. Харин В хэсгийн Гвеней Писаогийн Тасиана Лима тэргүүлж байна. Түүнчлэн С хэсгийг Аргентиний Паула Парето тэргүүлэх бол өнгөрсөн оны дэлхийн аварга Ами Кондо D хэсгийг тэргүүлэх нь тодорхой болоод байна.
Гэвч энэ жинд топ 8-д эрэмблэгдээгүй дэлхийн шилдгүүд байгаа бөгөөд олимпийн аварга Бразилийн Сара Менезес, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Японы Харүна Асами, олимп, дэлхийн медальт Чарлин ван Сник, Универсиадын аварга БНСУ-ын Жеон Бо-Кюн нар сугалаагаар аль хэсэгт шидэгдэж орох нь сонирхол татаж байна. Түүнчлэн энэ жинд ОУХМ Галбадрахын Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс анхны тэмцээндээ хүч үзэх юм.
Ганбатын Болдбаатар -60кг
Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд одоогоор нийт 60 орны 69 бөх оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд тэднийг Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар тэргүүлэн барилдана. Тэрбээр бүтэн жилийн турш дэлхийн чансааг тэргүүлсэн ч өнгөрсөн сард Азербайжаны Орхан Сафаровад тэргүүлэгчийнхээ байр суурийг алдаад байгаа. Гэвч Азербайжаны бөх нутагтаа болсон Европын анхдугаар наадамд үзүүрлэхдээ бэртэл авснаар олимпийн өмнөх ДАШТ-ийг өнжихөөс өөр аргагүйд хүрчээ.
Ингэснээр манай гавьяат тамирчин Г.Болдбаатар чансааны тэргүүн байрт эрэмблэгдэх болсон бөгөөд дэлхийн аварга болсоноосоо хойш Инчеоны Азийн наадам болон Улаанбаатарын Гран Пригээс мөнгө, World Masters-аас хүрэл авсан амжилттайгаар Астанагийн дэлхийн аваргад зодоглоно.
Тэрбээр тэмцээний чансааны наймдгаарт эрэмблэгдсэн Францын Винсент Лимартай А хэсэгт хуваарлигдсан бөгөөд хэсгээ тэргүүлбэл Узбекистаны Шарапудин Лутфиллаев, Гүржийн Амиран Папинашвили нарын хэсгийн ялагчтай хагас шигшээд учраа таарах боломжтой.
Тэднээс гадна Чингис хаан гранпригийн алтан медальт цэл залуу Ц.Цэрэннадмид болон, олимпийн авраг Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар,С.Ням-Очир нарын барилдааныг түмэн олон анхааралтай ажиглан харах нь гарцаагүй.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ