Хоригийг хэлэлцэхэд хэн нь хэн бэ гэдгээ харуулна
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Увс аймагт яваа. Тэрээр Увс нуурын хөвөөнд намынхаа баруун бүсийн чуулганд оролцчихоод энэ сарын 17-18-ны өдрүүдэд аймгийн удирдлагуудтай уулзан орон, нутгийн ажил байдал, бүтээн байгуулалт болон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж яваа юм. Нэг үгээр хэлбэл намын ажлаа ч амжуулж, төрийн ажлаа ч хийсээр яваа.
Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулинд хориг тавих нь тодорхой болсон тул ирэх долоо хоногт ээлжит бус чуулганыг дахин хуралдуулна гээд явсан З.Энхболд даргыг улс төрийн хүрээнийхэн төдийгүй нийгэм даяараа хүлээж байна.
Хүлээхдээ намууд лав зүгээр суусангүй Ерөнхийлөгчийн тавьсан хоригт яаж хандах, хэсэгчилсэн хоригийг хүлээн зөвшөөрч хуулинд өөрчлөлт оруулах уу, эсхүл тэр чигээр нь зүтгүүлэх үү гэдгээ дор бүрнээ ярилцаж тохиролцоо хийж байгаа гэх.
Ер нь МАН-ын зургаан сайдын орны хүмүүс томилогдох асуудал ингэж гацах юм гэж хэн санах билээ. Харин улстөрчид бол тааварлаж л байсан нь лавтай.Дараа дараагийн өрнөлийг ч гадарлаж байгаа. УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлаж Өршөөлийн хуулинд тавьсан хоригийг хэлэлцэж зүтгүүлтэл МАХН-ын зүгээс Засагт хамтрах тухай ярих эрт байна хэмээн гэдийсэн тул энэ долоо хоногтоо лав улс төрийн гацаа үргэлжилсээр байх нь тодорхой.
Хуулиараа УИХ-ын гишүүдийн 66,6 хувь нь буюу 3/2 нь хүлээж аваагүй тохиолдолд хууль хэвээрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэ нь 3/1 нь хүлээж авбал хориг хүчинтэй гэсэн үг. Тиймээс МАН 3/1 нь болохын тулд ээлжит бус чуулганд нэгдсэн удирдлагатай оролцох нь лавтай. Харин Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн зүгээс 3/2 болж хүлээж авахгүйн төлөө зүтгэнэ.
Үнэндээ авлигын эсрэг хийж буй тэмцлээсээ ухрахаар зүтгэнэ гэдгийг бид улсынхаа ерөнхийлөгчийн үгнээс хангалттай ойлгож авсан. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн Монгол төрийн бодлого барьдаг гэрийн босгоны шороонд ойртуулахгүйг хичээж байгаа хүмүүсийг ойртуулахын төлөө АН-ын бүлэг кноп дарна гэсэн үг. Яг энэ утгаар ерөнхийлөгчийн талд зогсох гишүүд ч гарч болзошгүй гэнэ.
Тиймээс Өршөөлийн хуулинд тавьсан хоригийг хэлэлцэх үеэр ногоон гэрлээр гарахад амаргүй гэдгийг эх сурвалжууд ярьж байна. УИХ-ын дэгд хоригийг нээлттэй хэлэлцэх заалт байгаа. Үндсэн хуулинд зааснаар төрийн, хувь хүний, байгууллагын нууцтай холбоотой асуудлаар л хаалттай хэлэлцдэг учраас тус хуулинд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг нээлттэй хэлэлцэх учиртай. Тэр үед л энэ хуулийг хэн батлах гээд зүтгээд, гүлдийгээд байгааг ард түмэн олон нийт харах юм.
С.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ