“Алдар”-ынхан шагнал хүртлээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчдыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонхүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Түүний хамт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд байлцав. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон амжилт үзүүлсэн дараах тамирчдыг шагнаж урамшуулсан юм. Тухайлбал, “Дайчин алдар-1” медалиар үндэсний баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын гавъяат дасгалжуулагч” цол хүртсэн “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч А.Гантулга, “Дайчин-Алдар-2” медалиар үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн Б.Одгэрэл нарыг шагналаа.

Мөн “Эх орны төлөө-1” хүндэт тэмдэгээр Монгол Улсын хошой мэргэн цол хүртсэн С.Энхтунгалаг, Монгол Улсын мэргэн цол хүртсэн Б.Батбаатар, “Эх орны төлөө-2” хүндэт тэмдэгээр Урианхай харваандтүрүүлж, “Монгол Улсын мэргэн” цол хүртсэн Б.Хатансайхан, “Эх орны төлөө-3” хүндэт тэмдэгээр Монгол Улсын начин цол хүртсэн Э.Даш, хурдан морины уралдаанд азаргаа аман хүзүүдүүлсэн Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн уяач О.Батболд нарыг шагнасан юм. Харин ЗХШЖ-ын дарга, хошууч генерал Д.Даваа дээрх тамирчдыг хүлээн авч уулзахдаа эрийн гурван наадмын бүх төрөлд нь амжилттай оролцсонд нь баяр хүргээд амжилт гаргасан тамирчин бүрт алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамт дурсгал болгон үлдээжээ. ЗХЖШ-ын даргын удирдах зөвлөлийн шийдвэрээр Улсын харцага цол хүртсэн, дэслэгч Б.Одгэрэлд“Ахлах дэслэгч” цол,Улсын начин цол хүртсэн, дэд ахлагч Э.Дашид “Дэслэгч” цол тус, тус олгов.

Дашрамд сонирхуулахад, Үндэсний их баяр наадмаар “Алдар” спорт хорооны дээрх тамирчдаас гадна цөөнгүй залуус амжилттай оролцсон юм. “Алдар” спорт хорооны тамирчин, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс хүчит 512 бөхийн барилдаанд үзүүр, түрүүнд үлдэж цолоо бататгав. Мөн “Алдар”-ын тамирчид болох Монгол Улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын заан Ч.Санжаадамба нар долоо давж, их шөвөгт шалгаран үлдсэн. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанаас гадна орон нутгийн наадмын үндэсний бөхийн барилдаанд “Алдар”-ын тамирчид амжилт үзүүлсэн. Тодруулбал, Завхан аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн бөх, аймгийн начин П.Батсүх, Дархан-Уул аймгийн наадмын үндэсний бөхийн барилдаанд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бөх, аймгийн начин Х.Гантулга, Баян-Өлгий аймгийн наадмын бөхийн барилдаанд Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн бөх, аймгийн заан М.Мустафа, Сүхбаатар аймгийн наадмын барилдаанд аймгийн заан н.Баасанбат нар түрүүлж Аймгийн арслан цол хүртжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ