Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
350 сая ам.доллартай тэнцэх юанийн үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаална
Засгийн газрын 2015 оны 217 дугаар тогтоолд заасны дагуу олон улсын зах зээлд 3,5 жилийн хугацаатай, 350 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний юаниар илэрхийлэгдсэн Засгийн газрын үнэт цаас гаргахтай холбогдуулан Дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийн гэрээг шинэчилж, шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд Агентийн гэрээ, Үнэт цаасны захиалгын гэрээ, Үнэт цаасны үнэ тогтоох баримт, Тооцооны агент томилох тухай гэрээ болон үнэт цаас гаргахтай холбоотой бусад гэрээ, хэлэлцээрийн талаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хэлэлцээ хийж, гарын үсэг зурахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.
“Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг”-т туссан өрийн үйлчилгээний төсөвт үзүүлэх ачааллыг жигдлэх, Засгийн газрын өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах зорилтын хүрээнд төсвийн хэрэгцээ шаардлага болон олон улсын зах зээлийн тааламжтай нөхцөл байдалтай уялдуулан эхний ээлжид 3,5 жилийн хугацаатай, 350 сая ам.доллартай тэнцэх юанийн үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаална. Энэ нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, дотоод үнэт цаасны өрийн зохицуулалтын арга хэмжээ авах, төлбөрийн тэнцлийг дэмжих зорилготой бөгөөд Өрийн удирдлагын тухай хуульд заасан Засгийн газрын гадаад үнэт цаас гаргах зориулалттай нийцэж байгаа юм.
Шинэ нисэх буудлын хурдны замыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хууль, “Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах тухай” Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх “Улаанбаатар хот- Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн хурдны автозам”-ыг барьж байгуулах ажлыг Хятадын талын санал болгосон компаниудаас сонгон шууд гэрээ байгуулж хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд зөвшөөрлөө.
Хятадын талаас уг төсөлд оролцуулахаар хурдны авто зам барих туршлагатай гурван компанийг сонгон санал болгож байгаа бөгөөд эдгээр компаниудад монголын талын Ажлын хэсгээс тодорхой санал, нөхцөлийг тавьж, хэлэлцээ хийсний үндсэн дээр сонгон гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулна
Үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээнд зориулан борооны 500 ширхэг пуужин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөцсангаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө. Борооны пуужинг богино хугацаанд нийлүүлж, үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг үр дүнтэй, шуурхай зохион байгуулан дүнг 8 дугаар сард багтаан танилцуулахыг Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт үүрэг болголоо.
Тариалангийн бүс нутгаар огцом халж, халуун салхитай байгаа нь чийгийн нөөц муутай байсан бүсүүдийн буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Хэт халууны улмаас бэлчээрийн өвс гандаж хатан, тариалангийн талбайд мал орж бэлчээрлэх явдал газар авлаа. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраасирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад цаашид тариалангийн үндсэн бүс нутгуудад хур тунадас багатай, хэт их халуун байх магадлалтай байна. Тиймээс үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ