Олигархаасаа дуучин нь дээр ч юмуу даа
Одоогийн парламентад бөхчүүд цөөнгүй байдаг бол ирэх сонгуулиар тэдний дунд дуучин нэмэгдэж орох нь гарцаагүй болжээ. Дуучин С.Жавхлан урлаг уран сайхнаасаа хөндийрч, улс төрийн мөр хөөгөөд нэлээдгүй олон жилийг үзжээ.
Тэрээр анх 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж 3.8 хувь санал авч байсан бол 2012 оны УИХ-ын сонгуулийн 15-р тойрог, Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж 11.36 хувийн санал авч байв.
Хоёр ч сонгуульд өрсөлдөөд шороодсон мань эр гурав дахь дээрээ л нэг юм санасандаа хүрч магадгүй болжээ. Тэрээр уул ус, эх орон ард түмнийхээ төлөө энд тэндгүй уйлж, дуулж явсныхаа хүчинд олны хайртай дуучин маань баргийн улстөрчдийг хойноо орхиж рейтингээрээ эхний аравт жагссанд би лав нэг их гайхаагүй.
Баахан олигархуудаа барьж шоронд хийхийг нь хийж, зугтаалгахыг нь зугтаалгасан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нэгэн цагт "олигархаасаа популист нь дээр" гэж хэлсэн гэдэг. Тэрэн шиг л төрд зайдалж өөрсдийн бизнесээ явуулж байдаг хэдэн олигархаас ядаж (түүнийг улстөрчид популистуудын нэг гэдэг) С.Жавхлан мэт нь гарчихвал арай ч мань мэтийнхээ татварын хэдэн цаасыг идэж уугаад байхгүй нь лав биз. Дэвших гэж байгаа нам нь л МАХН болохоос хүнийхээ хувьд сайн залуу гэдгийг монголчууд сайн мэддэг.
Долоо хоногийн өмнө С.Жавхлан намын гишүүний хувиар ч дүүгийн хувиар ч Н.Энхбаярыг зорьж очсон нь хэвлэлүүдээр цацагдсан. Эндээс харсан ч дуучин маань сонгуульдаа эртнээс бэлдээд эхэлсэн, намын даргаасаа "тойрог" эсхүл "жагсаалт" аваад хагартлаа баярлаад ирсэн, Н.Энхбаяр ч УИХ-д энэ удаа торохгүй торойх нэг гишүүнтэй боллоо гээд сэтгэл хангалуун байгаа тухай эх сурвалжууд ярьж байлаа.
Шумуул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ