Оршин суугч: Манай 65 дугаар байр хэзээдээ “Нархан” хотхоны барилга биш болчихов оо
"Алтай контсракшн"-ы барьсан "Нархан" хотхоны барилгын хана нурсан талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, НОБГ-т Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гадна пасадны хөөсөнцөр, шавардлаг хуурсан, хүн, эд материал дээр унах гээд байна гэсэн дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэргэжилтэн, нийслэлийн Аврах ангийн бүлэг очиж тус байрны 13 давхрын хойд талын 5х8х0.10 хэмжээтэй / 4 м3/ гадна пасадны хөөсөнцөр унах гэж байсныг аюулгүй байдлыг хангаж хөөсөнцөрийг буулгасан юм.
Тэгвэл уг барилга манай барилга биш гэх тайлбарыг "Алтай контсракшн"-ы зүгээс өгч байна. Харин энэ талаар байрнаасаа гарч ирсэн нэгэн оршин суугчаас тодруулахад, “Нархан” хотхоны 65-р байр гэж л явдаг ш дээ. Яагаад гэнэт “Нархан”-ых биш болчихов. Өчигдрийн хувьд байрны хана, пасад нураад байх хүчтэй салхи болоогүй шүү дээ. Газар хөдлөлт болбол энэ байраас юу ч үлдэхгүй юм байна л даа. Өчигдөр “Тэнгэр лэнд” гэж компани барьсан, захиалагч нь олдохгүй байна зэрэг ойлгомжгүй юм яриад л байсан. Дээд хэсэг нь нурчихсан тул доошлоод нурахгүй гэх баталгаа алга” гэсэн юм.
Нархан хотхоны барилга нурсан нь нийслэлд чанаргүй барилга баригдаж байгаагийн тод илрэл болсон. Хэрвээ цагдаагийн байгууллагынхан газрыг хамгаалалтад аваагүй бол хүний дээрээс унаж, хүн гэмтээх хэрэг гарч болзошгүй байдал үүсээд байлаа. Энэ мэт чанаргүй барилгын тоо олширч байгааг Нархан хотхоны барилга харууллаа. 20-30 гаруй минут үргэлжлэх борооны ая даалгүй хана нь нурсан нь иргэд ямар байранд оршин сууж байгааг харуулж байна.
Б.Анир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ