60 гарсан эмэгтэйчүүд залилангийн хэрэгт ял эдэлж байна
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт та эмэгтэйчүүдийн хорих ангид ажилласан байна. Хүний эрхийн хуульч гишүүд хорих ангиудад ажиллаж байгаа нь тэнд гарч буй олон зөрчилтэй асуудалд анхаарал хандуулж буй хэлбэр юм болов уу. Хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг ноцтой асуудал үнэхээр байна уу?
-Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, жил гаруйн өмнө өргөн барьсан Өршөөлийн тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан хорих, урьдчилан хорих, цагдан хорих газруудад хүний эрхийн асуудал ямар байгаа талаар УИХ-аас хүний эрхийн чиглэлээр ажилладаг хуульчид үзэж танилцаж байгаа. Бид дөрөвдүгээр сарын сүүлээр Мөнгөнморьтын хорих ангиар явсан. Дараа нь 461 дүгээр анги буюу урьдчилан цагдан хорих анги, Хонхор, Луусан, Амгалангийн хорих ангид ажилласан. Өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийн хорих ангид ажиллаад ирлээ.
Эдгээр ангиудад хүний эрх зөрчигдсөн, хүний амь нас эрүүл мэндэд хохирол учирч, нас барсан, олон улсын хүний эрхийн конвенци, НҮБ-ын Хүний эрхийн тунхаглал, Эрүүдэн шүүхийг хориглох тухай олон улсын конвенци, Үндсэн хууль бусад хуулиудыг зөрчдөг гэсэн мэдээлэл олон удаа ирсэн учраас хяналт шалгалт хийсэн юм.
Тухайлбал, Цагдан хорих байранд хоригдож байсан н.Амарсайхан гэж хүн амиа алдсан нь ноцтой асуудал. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, таслагдаагүй, урт удаан хугацаанд хоригдсон хүнийг эрүүл мэндийн асуудал нь ноцтой байхад анхаараагүй нь өөрөө ноцтой хэрэг юм. Хорих байранд хип хоп хамтлагийн дуучин Ш.Батбаяр /Баавар/ шатсан хэрэг гарсан.Ер нь манай хууль хяналтын байгууллагынхан гэмт хэргийн шинж чанар байхгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, хүмүүсийг урт удаан хугацаагаар хорьж шалгаж байна.
Олон сар жил хоригдсоны дараа тухайн хүн гэм буруутай нь тогтоогддоггүй, хэргийг нь хэрэгсэхгүй болгоод явуулдаг. Гэм буруугүй гэж сулласаны дараа олон сар хорьсондоо хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Ийм тохиолдол хэдэн арваар гарч байгаа. Айлын гэрт салаавч гаргасан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, ял ногдуулсан атлаа Төрийн ордонд салаавч гаргасанд нь ямар ч ял зэм байхгүй.
Гэх мэтчилэн хуулийн завхрал, тэр нь улстөржсөн, хүний эрхийг зөрчсөн, эрх барьж байгаа нам нь улс төрийн өс хонзонгоор тодорхой бүлэг хүмүүсийг хэлмэгдүүлдэг явдал Монгол Улсад нэг бус удаа гарч хүний эрх ноцтой зөрчигдөж байна.
-Шинэ хуулиудад эдгээр асуудлыг ямар байдлаар тусгаж өгөх юм бэ?
-Хүний эрх зөрчиж байгаа асуудал нэг бүрийг тусгаж өгнө. Энэ байдлыг дахиж өөгшүүлэхгүй. Зөрчилтэй асуудлыг залруулна. Олон гишүүд хорих байгууллагаар явж энэ мэт асуудлыг нэгбүрчлэн тэмдэглэж авч байгаа. Урт удаан хугацаагаар урьдчилан хорьж хэрэг хүлээлгэдэг хуулийн практик салахгүй байгаа учраас энэ асуудлыг шинэ хуульд тусгаж таслан зогсооно. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт борлуулалт хариуцсан захирал байсан Э гэх эмэгтэйг гурван жил буюу 36 сараар цагдан хорьсон байгаа юм. Ийм хуулийн завхарлыг таслан зогсооно.
Шинээр батлагдах Эрүүгийн хууль мөн Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ заалтыг тусгаж өгнө. Хүний эрхийг ноцтой зөрчдөг, тэгсэн атлаа өөрсдийгөө ардчилсан улс гэж нэрлээд явж болохгүй ээ.
-Эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа ихэнхи бүсгүйчүүд хүчирхийлэлд өртөж, аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн гэсэн харамсалтай мэдээлэл байна лээ. Үнэхээр ийм асуудал байна уу. Хуульд өөрчлөлт хийх гарц байна уу?
-Эмэгтэйчүүдийн хорих байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Шүүхийн шийдвэр гараад ялаа авсан хүмүүс тэнд зүгээр суудаггүй. Ажил хөдөлмөр эрхэлж байна. Чанга, жирийн дэглэмтэй хүмүүжигчид үйлдвэрлэлийн боломж олгож гэр ахуйн хэрэгсэл, оёдлын үйлдвэр ажиллуулж захиалгаар гэрийн цагаан бүрээс, монгол гутал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг юм билээ. Эмэгтэйчүүд хэдийгээр ял эдэлж байгаа ч оёдол, тогооч зэрэг олон чиглэлээр мэргэжил эзэмшиж байсан.
Хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө хийдэг болсон байна. 1990-ээд оноос хойш улс орон хямарсан, эдийн засаг хүндэрсэн энэ нөхцөлд хорих байгууллагууд нөхцөл байдлаа харьцангуй сайжруулсан, хүний эрхийг хангах талаар зөв ажиллаж байна гэж харлаа. Яг ял эдэлж байгаа хүмүүстэй уулзаад үзэхээр ноцтой асуудал их байна лээ.
Эмэгтэйчүүд маань хоёр гурван төрлийн хэрэгт холбогдож байна. Нэгдүгээрт, ахуйн хүчирхийлэлд их өртсөнөөс байнга бусдын дарамтад орсноос хүний амь нас, эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн буруутан болдог. Архичин, танхай, бэлгийн дарамт үзүүлсэн асуудлаас болж гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт хэтрүүлдэг, удаан хугацаанд дарамтад байснаас сэтгэл санааны өөрчлөлтөд орж гэр бүл, хамтран амьдрагчийнхаа аминд хүрдэг.Энэ асуудлыг Гэр бүлийн хүчирхийллийн хуульд илүү анхаарч, тусгах ёстой юм байна. Үүнийг улс төрийн шоу болгож болохгүй. Хамт хорих ангиудаар явсан гишүүддээ ч хэлсэн. Нэг хүнтэй уулзаад түүнийгээ олон нийтэд цацах нь зохимжгүй. Таныг асуусан учраас нөхцөл байдлыг би ярьж байгаа юм шүү.
Миний хувьд 10 гаруй хорих ангиар орж асуудлыг олон талаас нь харж шинээр батлагдах хуулиудад тусгахаар мэдээлэл авч нэгтгэж байгаа. Эмэгтэйчүүдийн дараагийн их холбогддог хэрэг нь залилан. Бусдын эд хөрөнгийг залилдаг хэрэг хавтгайрчээ. Зарим тохиолдолд гэмт хэрэг гэж үзэхээргүй зүйл ч байсан.
Хүнээс гэрээ байгуулж мөнгө зээлчихээд бүрэн төлж чадаагүйн улмаас шүүхээс ял сонссон хүмүүс их байлаа. Залилангийн хэргийн бүтэц бүрэлдэхүүн тодорхойгүй, мөрдөн байцаагч, шүүгч нарын мэргэжлийн ур чадвар муу байна. Хууль эрхзүйн орчинг ч илүү тодорхой болгох хэрэгтэй байна.
Бусдын их хэмжээний хөрөнгө мөнгийг залилан авч хохироосон атлаа ямар ч ял зэм хүртдэггүй, танил тал хувийн холбоо сүлбээгээ ашиглан хариуцлагаас чөлөөлөгддөг явдал газар авсан. Гэтэл тавхан сая төгрөгийн асуудлаас болж тулгар биетэй, нялх хүүхдээ тэврээд 2-3 жилийн ял аваад орсон бүсгүйчүүд ч хориход байж таарлаа.
60 гарсан өндөр настай эмэгтэйчүүд залилангийн хэрэгт холбогдож ял эдэлж байна. Өмч хөрөнгө, шунахайн сэдэлтэй асуудалд бүсгүйчүүд өртөх нь ихэссэн учраас улс орон даяар урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгаа явуулах хэрэгтэй гэдэг нь харагдаж байсан. Тэр байтугай зээл аваад жижиг бизнес эрхэлж байгаад дампуурсан иргэний эрхийн харилцааны асуудлыг эрүүгийн хэрэг болгочихсон хуулийн завхрал байлаа. Хохирол нь төлөгдчихсөн жил гаруйн ялтай нялх хүүхдээ тэврээд сууж байгаа хүмүүс хэд, хэд тааралдлаа. Энэ бүхнийг уншиж судалж асуудлыг нягтална. Жилийн ялтай жирэмсэн эмэгтэй байх юм. Үүнийг хөнгөн ялтай учраас хохирлыг нь барагдуулаад явуулж болно. Гуравдугаарт, бүсгүйчүүд маань архидан согтуурснаас гэмт хэрэгт холбогдож байгаа нь харамсалтай. Хулгайн болон шунахайн сэдлээр хэрэг үйлдэж хэцүү нэртийн хаалга татсан нь цөөнгүй байна. Маргаашийн үр дагаварыг бодохгүйгээр бусдын өмч хөрөнгөд эзэн сууж завших хулгайлах асуудал гаргаж болохгүй гэдгийг ойлгуулах сургалт, сурталчилгаа чухал.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа хийх хэрэгтэй байгаа. Гэтэл хэдэн тэрбумаар нь шорон барих талаар л манай улстөрчид анхаараад явж байна шүү дээ. 8000 гаруй хоригдол гэдэг бол асар өндөр тоо. Хүн амынхаа тоонд харьцуулаад үзэхэд Монгол Улс гэмт хэргийн гаралтаараа бусад улс орнуудаас тэргүүн эгнээнд явж байгаа гэж хэлэхэд хэтийдэхгүй.
-Эмэгтэйчүүдэд ял оноохдоо мөрдөн байцаагч хүндрүүлж үзэх шалтгааныг өөрөө бодож гаргадаг гэсэн байна лээ. Тухайлбал, олон жил дарамтлуулахдаа нэг удаа цохиод авахсан гэж боддог уу гэх мэтээр шалгааж “тийм” гэсэн хариулт авчихвал өс хонзонгийн сэдлээр, урьдаас төлөвлөж гээд 3-5 жил нэмдэг гэж эмэгтэй хүмүүжигчид ярьсан байсан. Энэ талаар судлах уу?
-Шууд тэгсэн гэнэ лээ гээд ярьж болохгүй л дээ. Тэр чинь мөрдөн байцаагчийн нэр хүндэд халдсан асуудал болчихно. Ийм зүйл гарч байгаа асуудлыг шалгаж тогтоох ёстой юм. УИХ-ын гишүүд мэргэжлийн хуульч биш. Эмэгтэйчүүд хүний эрхийн хуульч гэдэг өнцгөөс ийм асуудлыг ярьж, хэлж байгаа. Тэгэхээр яг тийм асуудал гарсан уу гэдгийг мэргэжлийн хүмүүсээр шалгуулж тогтоох ёстой. Өдөөн хатгасан, өдсөн асуулт асууж, яриулчихаад шууд мөрдөн байцаагчийг буруутгаж болохгүй.
Үүнийг судлах л чухал. Хүнд ял авсан гэнэ лээ гэж яриад суух биш бодлогын төвшинд асуудлыг ярих ёстой юм. Зарим улстөрчид зөвхөн нэг талаас асуудалд ханддаг.Өөрийнх нь танил, нэг намын хүн шоронд орчихоор очиж уулзчихаад хүний эрх зөрчигдлөө гээд хашгираад явж болохгүй биз дээ. Бодлогын хүрээнд асуудлыг ярих ёстой л доо. Хэн нэг хүний асуудлыг сонгож яриад явж болохгүй. Хүний эрхийг сахихгүй байгаа тодорхой факт, баримт хангалттай байна. Хуулийн байгууллагууд хүний эрхийг сахихгүй байгаа. Урьдчилан сэргийлэх төрийн бодлого байхгүйгээс сум, хороо, дүүргийн дарга, ажилтнууд ямар ч ажил хийдэггүй. Өөрөөр хэлбэл, төр үүргээ биелүүлэхгүй байна. Хууль дээдлэх бодлогыг хүн амд хүргэх ажлыг хийж байгаа хүн алга гэсэн дүгнэлтэд хүрээд байна шүү дээ.
-Эхчүүдтэйгээ хоригдож байгаа хүүхдийн асуудлыг яаж шийдэх вэ. Эх нь ял эдлэх ёстой байхад хүүхэд хоригдож байгаа ийм улс өөрсдийгөө ардчилсан гэж нэрлэх шаардлага байна уу?
-Маш ноцтой асуудал наадах чинь болчихлоо. Хамгийн гол нь ял эдэлж буй хүүхэдтэй эхчүүдийн дийлэнх нь хөнгөн, хүндэвтэр хэрэг үйлдсэн хүмүүс байгаа. Хүн амины хэрэгтээ хүнийг ял эдлүүлэх ёстой юу гэвэл ёстой. Нэг нас хүртэл ээжтэйгээ хамт байдаг. Үнэн хэрэгтээ хүүхэд шоронд ял эдэлж байна гэсэн үг. Нэг наснаас дээш бол тусгаарлаж ар гэрт нь хүргэдэг, эсвэл асрамжийн газарт хүргүүлдэг. Энд бас дахиад л бодлого яригдана. Эхчүүд гэмт хэрэг хийхгүй байх орчин нөхцлийг бүрдүүлье. Хөнгөн, хүндэвтэр хэргүүдийг нийгмээс тусгаарлаж, төсвийн мөнгийг үрдэг явдлаа больё.
Жилийн хорих ялтай жирэмсэн эмэгтэй зургадугаар сарын 1-нд төрнө гээд сууж байгааг би дээр ярьсан. Энэ асуудлаар улс төр хийхээ болих ёстой. Бодлогоор шийдье. Хууль хяналтын байгууллага ч тухайн асуудалд нэг өнцгөөс ханддаг явдлыг зогсоох ёстой. Ийм завхрал олон гарлаа. Албан газар мэдэгдэл гаргасан байхад, энэ мэдэгдэлд хүний нэр дурдаж хүний эрх зөрчсөн гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байсан тохиолдол ч бий.
Салаавч гаргасан гэж шийтгүүлсэн түүх ганцхан Монгол Улсад гарсан. Улс төрийн сонгуулийн үеэр хорих байгууллагад хоригдож байгаа хүний зан үйлийн талаарх мэдээллийг олон нийтэд цацсан, хорих байгууллага сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцсон тохиолдол нь манай улсын улс төрийн түүхэнд гарсан маш ноцтой асуудал. Хорих байгууллага гэдэг бол нууцлалтай үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл сонгуулийн зорилгоор аль нэг улс төрийн намд үйлчлэхээр нууц камераар бичлэг хийсэн нь өөрөө хүний эрхийг зөрчсөн хамгийн ноцтой асуудал. Дэлхий дахинд хамгийн бүдүүлэг, харанхуй улс оронд ч ийм зүйл гарсан гэдгийг дуулаагүй.
-Хүний эрхийн үндэсний комисс жил бүхэн тайлан тавьдаг. Энэ удаад ч тэд ноцтой асуудал хөндсөн. Гэтэл энэ тайлангийн талаар хэн ч ярихгүй байна. Цөөхөн хэдхэн улстөрчдөөс өөр энэ талаар ярьж байгаа гишүүн алга. Манай улс ер нь олон улсын гэрээ конвенцийг хэр дагаж мөрддөг улс юм бэ. Хангалттай байж чаддаг уу?
-Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээ конвенцид нэгдэж орсон хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс орон. Харамсалтай нь монголын улс төрийн ялзрал, олигархи бүлэглэлүүдийн эрх ашгийн зөрчил, ялангуяа уул уурхайн том газарт эзэн суух гэсэн улстөрчид, бизнесийн бүлэглэлүүдийн зөрчил өнөөгийн улс төрийг маш том алдаа завхралд хүргэлээ. Төрийг хямралд хүргэлээ. Засгийн газар сахилга, хариуцлага гэдэг зүйлийг мартчихсан. Хууль хяналтын байгууллага хүртэл хэсэг бүлэгт үйлчилдэг болсон. Хүний эрхийн салбарт Монгол Улсын нэр хүнд маш муу байгаа. Авлига газар авчихсан. Нэг хүний тоонд харьцуулахад маш өндөр авлигатай улс орон. Авлигын төвшин буурч 120-оос 80 руу орсон гэдэг шиг худлаа юм байхгүй. Захын хүн л хэлээд өгнө. Хүний эрхийн үндэсний комисс хэдийгээр хангалттай ажиллаж байгаа ч тэд шүдгүй арслан шиг ажилладаг. Улстөрчдийн ноёрхол буруу талд үйлчилдэг болсон цагт энэ байгууллага ямар ч ид шидгүй.
Хуулийг нь өөрчилж, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн үүрэг хариуцлагыг ойлгуулж байж л асуудлыг өөрчилнө. Гэм буруутайг нь шүүхээр нотлоогүй байхад хэрэгтэн гэж хэвлэл мэдээллээр цацдаг, урт хугацаагаар цагдан хорьдог асуудлыг одоо зогсоох хэрэгтэй. Хэрэг хүлээлгэх гэж шоронд суулгадаг асуудлыг зогсооно. Зайлшгүй шаардлагатай, гэрч хохирогчид дарамт учруулахаас урьдчилан сэргийлсэн, нотлох баримтыг устгах магадлалтай хэргээс бусад бүх хэргийг мөрдөн шалгаж буруутайг нь нотолсны дараа хорьдог тогтолцоог бий болгоно. Нэг сараас илүүгүйгээр таслан сэргийлэх, хорих үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зөв юм. Онц ноцтой хүн амины хэрэг бол ялаа оноогоод дараа нь шүүхийн асуудлаа шийдэж болно. 10 удаагийн хулгайн хэрэгтээ хүний нэг хулгайн хэрэг нотлогдсон бол тэр хэрэгт нь тохирсон ялыг өгөх ёс¬той. Харин үлдсэн хэргийг нь мөрдөн шалгаж тогтоосныхоо дараа ял нэмэх эсэхийг ярина гэсэн үг.Энэ бүхнийг өөрчилнө гэдгээ зоригтой бөгөөд хариуцлагатай мэдэгдэж байгаа. Энийг хийж чадахгүй хүний эрхийн хуульч гэж УИХ-д суусны ач холбогдол гарахгүй биз дээ.
-Хуульзүйн салбарын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг хийнэ гэж Х.Тэмүүжин сайд ярьж л байсан. Гэтэл эргээд бүх хуулиудыг өөрчлөөд оруулаад ирчихлээ. Хуульзүйн салбарт үнэхээр ухралт хийгдчихэв үү. Хууль зүйн салбарын хамгийн чухал амин сүнс болсон Тахарын албыг татан буулгах асуудал яригдаж эхэллээ?
-Хууль зүйн салбарын шинэчлэл хийх ёстой байсан уу гэвэл байсан. Тахарын албыг татан буулгахыг ярихаас өмнө хуульзүйн салбарын шинэчлэлийг ярих ёстой. Энэ салбарт хийгдэж байсан олон шинэчлэл харамсалтай нь буцаж байна. Тэдний нэг нь тойргийн шүүх байгуулах асуудал. Ерөнхийлөгчийн болон бусад нам эвслийн хууль зүйн салбарт хийх шинэчлэлийн амин сүнс нь ч энэ байж магадгүй.
Шүүхийг төрөлжүүлж, тойргийн системтэй болгосон байсныг буцааж байгаад харамсч байгаа. Гэхдээ бүгд сайн байсан гэвэл худлаа. Үндсэн хуулийн цэц дээр олон хууль бүдэрч, цэц хуулиудад хориг тавьж байгааг ч анхаарах ёстой. Хууль шүүхийн салбарт батлагдсан олон хууль дандаа хүний эрхийг зөрчсөн байсныг Үндсэн хуулийн цэц татаж авсан. Тахарын алба байх ёстой. Татан буулгахыг би хувьдаа дэмжихгүй. Гэхдээ орон нутагт байгаа Тахарын албадууд хийх ажилгүй шахам сууж байдаг. Хотын төвд байгаа алба нь хийх ажилтай байж мэдэх ч орон нутагт төсвийн мөнгө үргүй зарлагадаж, хэдэн хүн зүгээр сууж болохгүй. Тиймээс энэ албыг ШШГЕГ-ын харьяа байгууллага байхаар ажиллуулж болно.
ШШГЕГ-ын ажилтнууд нь хэдэн мянган хоригдлоо багтаахгүй, ачааллаа дийлэхгүй байхад Тахарын албаны ажилчид зүгээр сууж болохгүй. Нэг байгууллагын харьяанд орсноор хоорондоо уялдаа холбоотой ажиллах боломжтой болно.
-Ерөнхийлөгч уучлал үзүүлэх нь буруу, цаазын ялаас татгалзсан асуудлыг дэмжихгүй, цаазын ялаа эргэж сэргээх ёстой гэж олон хүн хэлдэг. Хүний эрхийн хууль тогтоомжийг өөрчлөх асуудалтай холбоотой энэ асуудал ч одоо хөндөгдөх байх даа?
-Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд уучлал үзүүлдэг. Тэр бол хууль эрхзүйн хүрээндээ л хийгдсэн асуудал. Харин хохирлыг төлүүлсний дараа шийдэх хэрэгтэй байсан. Жастин Каплад уучлал үзүүлсэн нь буруу, зөв гэж ярьдаг л юм. Тэр бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал гэдэгт санал нэг байна. Тиймээс би буруутгаад байдаггүй. Нэг хүний тухай биш би бодлого ярьдаг гэдгээ дээр хэлсэн. Хууль шүүхийн салбарын эдгээр хуулиуд орж ирэхэд цаазаар явах ял байх ёстой, ёсгүй гэсэн маргаан гарна гэдэг нь тодорхой.
Цаазын ял байх ёстой гэж үздэг хэсэг бүлгийн эсэргүүцэл ч идэвхжиж, энэ талаар эсэргүүцэл илэрхийлдэг эрдэмтэн судлаачид нь үгээ хэлэх болов уу. Гэхдээ Монгол Улс цаазын ялаас татгалзсан нь маш том дэвшил. Хүний эрхийн төлөө би гудамжинд тэмцэж явахдаа олон жил цаазын ялыг халах ёстой гэж байр сууриа илэрхийлж явсан. “Эмнести Интернэшнл” зэрэг олон байгууллага цаазын ялыг халах ёстой гэж тэмцсэн. Бидний тэмцэл үр дүнгээ өгсөн. Ардчилсан орны Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрт үнэхээр талархах ёстой. Тиймээс олон жилийн тэмцлийг маань ажил хэрэг болгосон Ерөнхийлөгчид талархах нь зүйн хэрэг болов уу.
-Өршөөлийн тухай хууль яагаад гацчихав. Энэ хуулийн амин сүнс л эдгээр хөнгөн ялтай, хохирлоо барагдуулчихсан иргэдийн асуудлыг анхаарах шүү дээ?
-Нэр бүхий гишүүд жил гаруйн өмнө Өршөөлийн хууль өргөн барьсан нь яг л энэ мэтээр хөнгөн хүндэвтэр хэрэгт ял эдэлж байгаа 3500 гаруй хүний эрх ашгийг хамгаалах гэсэн асуудал. Харамсалтай нь хэсэг бүлэг улстөрчдийн эрх ашигт дарагдаж, МАНАН-ийн улс төрийн золиос болоод батлагдаж чадахгүй байна. Хохирол төлбөрөө төлчихсөн, ял нь хөнгөн хүмүүсийг хорьдог. Тэр хүмүүсийн төлөө төр жилд 100 гаруй тэрбум төгрөг зүгээр л зарцуулаад явж байна. Харалган, бодлогогүй улс төрийн явцуу эрх ашгаас болж Өршөөлийн хууль гарахгүй байгаа нь эдийн засгийн хувьд ч ихээхэн ноцтой байгаа. Хүмүүс бухимдаж, дургүйцлээ илэрхийлж эхэллээ. Тэр тусмаа ял өгөөд явуулчихдаг бус хохирлыг нь барагдуулах асуудлыг шийдмээр байна. Хохирсон иргэдээс маш их өргөдөл ирдэг. Хохирогчид миний хохирлыг барагдуулаад тэр хүнээс мөнгийг минь аваад өгөөч гэж хүсдэг. Гэтэл цагдаа хуулийн байгууллага хохирлыг барагдуулах биш хорих цагдахыг урьтал болгодог. Хохирогч хохирлоо барагдуулж чадахгүй гомдолтой хэвээр үлддэг асуудлыг өөрчлөх цаг нь болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ