АН, МАН-ын гэх залуусыг хаврын тариалалтад явуулъя

Зуны эхэн сар гарлаа. Улстөрчдийн хаврын синдром арайхийж намжиж байтал хийх юмгүй хэдэн залуус улс төр болж тоглоод эхэлжээ. МАН-ын залгамж үеийг бэлтгэн гаргах НАМЗХ-ны залуус мөнхөд л албан тушаал, сандал суудлаа булаалдаж байдаг.

Улс орондоо юуг хийж бүтээвэл зүгээр вэ гэж толгойгоо ажилуулж өрсөлдөхийн оронд холбооныхоо сандал суудлын төлөө ингэж тэмцэлдэж байгаа учраа мэдэхгүй хүүхдүүд төрд гарвал яанам бэ.

Эрх мэдэл, мөнгө хөрөнгийг амар замаар олохын төлөө цус нь бургилсан ийм залуусын дундаас хүний амь бүрэлгэсэн тохиолдол ч гарсныг бид мартаагүй.

Оюутолгойн бүтээн байгуулалт үргэлжлэхээр болов гэж монголчууд баярлаж суухтай зэрэгцээд дахиад л улс төрийн албан тушаалын төлөө цагаандаа гарч, ичгүүр сонжуураа алдсан хэдэн залуус үймүүлж эхлэв. Өөрсдийгөө АН-ын залуус гэж танилцуулсан хэсэг залуус “АН Монголын төрийг удирдах ёсгүй” гэж мэдээлэл хийлээ. Үнэндээ манай сэтгүүлч охидууд лгүйж очиж оодруулаад байгаагаас үймүүлж шальсан ч юм алга.

Ардчилсан нам удирдах ёсгүй гэж үзвэл энэ залуус намын үнэмлэхээ хураалгаад боломжийн гэж үзсэн намдаа элсэхэд сонголт үнэндээ л free. Үгүй бололтой, тэд өөрсдөө л юмны эзэн сумны занги болохоор тэмүүлж байгаа аж.

Л.Наранбаатар,П.Галиндэв, н.Мөнхжаргал, Д.Мөнх-Эрдэнэ нарын энэ залуусыг хараад инээд хүрэхээс илүү ичгүүртэй санагдах. Сайд болгоогүйн төлөө намаа байн байн хаяж явдаг (нэгэн цагт намаа ганцаараа төлөөлөн парламентад сууж асан гавьяатай) Л.Гүндалайгаар АН дутаагүй байхад тэднээр л дутав гэж.

АН-ын дарга З.Энхболд нэгэнтээ “Мөнх-Эрдэнэ Баянхонгор аймгийн уяачдын холбооны дарга. Өөрийгөө дараагийн УИХ-ын гишүүн гээд бодчихсон нөхөр. Жагсаалтад ормоор байгаа бол дор хаяж нэг удаа парламентын гишүүнээр ажилласан байх ёстой. УИХ-д нэр дэвшмээр байгаа бол дор хаяж сумын ИТХ-д гарч ирсэн байх ёстой. Ингэж шат дамжлагатай явахгүй болохоор Баянхонгор аймгийн уяачдын холбооны дарга шиг нөхөр гарч ирээд шууд УИХ-ын гишүүн болно гэж мөрөөдөөд байж болохгүй. Ийм засаг захиргаагүй байдал хаана ч байж болохгүй. Залуу хүн эхлээд өөрийгөө засах хэрэгтэй. Жишээ нь, Мөнх-Эрдэнийг УИХ-ын гишүүн болох яагаа ч үгүй байна гэж харж байгаа. Эхлээд сумын ИТХ-ын төлөөлөгч болох хэрэгтэй” гэж хэлсэн байдаг.

Үнэндээ сум, хороонд ч ажиллаж үзээгүй нусгайнууд шууд л хууль тогтоогоод сайд, засаг ноён болоод явах юм гэнэ.

Өнөөгийн улс төрд тэмүүлсэн залуусын хамгийн буруу сэтгэлгээ бол энэ юм. Зөв сэтгэлгээгээр хийсэн бүтээсэн зүйлтэй байж, улс эх орныхоо төлөө хүчээ өгөх гэсэн өндөр боловсролтой, чадвартай залуус Монгол улсад үеийн үед байсаар ирсэн. Энэ цагт ч бий.

Цаана чинь хаврын тариалалт 50-60 хувьтай байна гэнэ. Хүн хүч дутмаг гэнэ. Нэгэн цагт илгээлтийн эзэд гэж жинхэнэ эх оронч залуус байсан сан. Тэгвэл хийх юмгүй, жиргээнд том том дуугарч, сэтгүүлчдийг цуглуулан төр ярьсан энэ хүүхдүүдийг хаврын тариалалтад л явуулахсан.

Х.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ