Монгол энэрэнгүй сэтгэлийн хүчээр Ази тивийг тэргүүлэх ёстой

Эрхэмсэг ноён, Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэмсэг ноён, Монгол Улсын Их Хурлын дарга аа,

Эрхэмсэг ноён, Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Хатагтай, ноёд оо,

Агуу үндэстний эх орон, үзэсгэлэн төгөлдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ би чин сэтгэлээсээ баяртай байна.

Монгол Улсын Их Хуралд үг хэлж байгаа минь их нэр төрийн хэрэг юм. Монголын ардчиллын 25 жилийн ой тохиож буй жилд ийнхүү үг хэлэх боломж олдсон нь онцгой аз завшаан юм.

Амралтын Ням гараг гэлгүй намайг ингэж зочлон хүндэтгэж байгаа Та нарынхаа өгөөмөр сайхан сэтгэлд би гүн хүндэтгэлээ илэрхийлье. Халуун дулаанаар угтан авч, гайхалтай сайхан зочлуулж байгаад тань би гүнээ талархаж байна.

Миний бие оюун санааны хөрш 1.25 тэрбум анд нөхдийн тань халуун мэндчилгээг энэ хүндтэй танхимд тээж ирлээ.

Оюун санааны хөрш байхаас илүү хүний харилцааны эрхэм дээд хэлбэр гэж үгүй ээ, мөн үүнээс илүү шүтээнлэг хэлхээ холбоо ч гэж үгүй билээ. Биднийг оюун бодолдоо тийнхүү тээж явдагт тань Энэтхэгчүүд бид Та бүхэнд нэн хүндэтгэлтэй байдаг.

Хувь хүний болоод улс үндэстний амьдралд сайн анд найз нөхөд шиг үнэт бэлэг үгүй ээ. Тиймээс ч би нийт үндэстнийхээ өмнөөс Монгол анд нөхдөө гүнээ үнэлэн хүндэтгэж байдгаа илэрхийлье.

Энэтхэг, Монгол хоёр улс нь хөгжлийнхээ нэн хариуцлагатай үетэй золгож байна. Та бид дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Гэвч оюун санааны ертөнц дэх бидний хэлхээ холбоо хязгааргүй юм.

Хоёр мянган жилийн тэртээ, Энэтхэгээс лам нар энэ сайхан нутагт Бурхан багшийн сургаалыг тээж хүнд бэрх бөгөөд урт замыг туулж ирж байжээ. Олон хүн эндээс оюуны мэдлэг эрэлхийлэн халуун Энэтхэг оронд очиж байжээ.

Хүний үзэл санаа, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан олон зууны тэртээ агуу Монголчууд Ази, Европыг хооронд нь холбосон билээ. Тэдний эрэлхэг зориг, адал явдал өнөөдөр ч дэлхий даяар хүмүүсийн ой тойнд үлдэн хоцорчээ. Хүн төрөлхтний түүхэн дэх тэдний нөлөө асар их юм.

Түүхийн эргүүлгэнд Та бидний соёл, утга зохиол, урлаг хоорондоо хэрэн холбогдож, Энэтхэг соёлын олон янзын баялаг өнгө төрх Монгол газар ул мөрөө тод үлдээжээ.

Өнөөдөр Энэтхэг, Монгол хоёр орны хооронд тогтсон зүрх сэтгэл, оюун санааны харилцаа нь орон зайн саадыг давах хүчтэйг дэлхий дахинаа нотлон харууллаа.

Энэ харилцаа нь жил бүр оюун санааны эрэлд Монголоос Энэтхэгт хүрэлцэн ирдэг хэдэн зуун буддын лам нараар дамжин хөгжиж байна, мөн сургууль соёлын мөр хөөсөн хэдэн зуун оюутан залуусаар эрч хүчээ улам авч байна.

Энэ нь мөн 1990 оноос 2000 онд Энэтхэгийн Элчин сайдаар ажилласан Кушок Бакула Ринбүчийн үйл хэргээр үргэлжилж байна. Энэ хүний байгуулсан Бэтүб хийд бидний холбоо харилцааны мөнхийн бэлгэдэл юм.

Монгол дахь Йогийн дэлгэрэлт нь бидний оюун санаа нэгдмэл болохыг илтгэж байна.

Хагас зуун жилийн тэртээ бахархах түүхтэй, тусгаар Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэх гэж хичээн чармайж байхад бид танай талд тууштай бат зогссон. Цаг хугацааны эргэлтэд Та нар маань НҮБ-д болон бусад олон газарт бидэнтэй нэг байсан.

Хүн хоорондын харилцаа ийм хүчтэй байсан ч эдийн засгийн харилцаа төдийлэн идэвхтэй байж ирсэнгүй. Гэвч шинэ эринд бидний харилцаа салбар бүрт өргөжин хөгжинө гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Энэ нь Энэтхэгийн эдийн засгийн өсөлтөөс эрч хүч авна.

Нэг жилийн өмнө манай орны 1.25 тэрбум сонгогчид хүн төрөлхтний түүхэнд хамгийн том ардчилсан сонгуульд тогтвортой байдал, өөрчлөлтийн төлөө саналаа итгэл төгс өгсөн. Амлалтаа биелүүлэхийн тулд бид хурдтай, шийдвэр төгс, зорилготой ажиллаж байна.

Жил хүрэхгүй хугацаанд манай эдийн засгийн өсөлт 7.5 хувьд хүрлээ. Энэтхэг улс том эдийн засагтай орнуудын дотор эдийн засгийн өсөлтөөрөө хамгийн хурдтай орон болж чадлаа.

Энэтхэг орны эдийн засаг үүнээс ч илүү хурдтай өсөх чадавхтай. Дэлхийн эдийн засаг сул байгаа үед түүнийг хөдөлгөөнд оруулж чадах шинэ хүч болж гялалзах од нь Энэтхэг гэж дэлхийн улс орнууд нэгэн дуугаар хэлж байна.

Энэтхэгийн нүсэр том нийгэм, эдийн засаг, тэдгээрийн олон янз байдал их сорилт бэрхшээлтэйг бид сайн ойлгож байна. Гэвч бид хүчирхэг бодлого, сайн засаглалдаа итгэл төгс байна.

Манай үндэстний нэгдмэл байдал, манай хүмүүсийн нэгдмэл зорилго бидэнд итгэл үнэмшил төрүүлж байна. Ингээд ч зогсохгүй 35-аас доош насны 800 сая залуус бүхий улам бүр залуужиж буй Энэтхэгээс хүсэл эрмэлзэл булаглан ундарч байна. Тэд мөрөөдлөө биелүүлэх, мөрөөдөлдөө хүрэх чадвартаа итгэл төгс байна.

Бид манай ард түмний амьдралыг өөрчлөхийн хамт дэлхийд шинэ боломж нээж, өөрийн найз нөхдөдөө туслах чадвараа дээшлүүлж байна.

Энэ бол Будда болон Гандийн орны чин эрмэлзэл юм аа.

Энэ бол дэлхий нэг гэр бүл гэсэн манай эртний үзлээс гаралтай бидний төрөлхийн чанар юм.

Энэтхэгийн эдийн засаг манай бүс нутаг болон дэлхийд хүч нэмэхийн хамт энэ нь Монголд бас ач тусаа өгнө. Эдийн засгийн өсөлт ч бас Монголд сайн байна.

Хэдийгээр бидний хооронд орон зай, газар зүйн саад байдаг ч манай хоёр талын харилцаа бас өснө. Монгол орны эрдсийн нөөц баялаг бидний түншлэлд хөдөлгөгч хүч өгнө. Газар зүйн байршил бол Монголчуудын түншүүдээ сонгох эрх чөлөөнд нь хязгаарлалт болохгүй гэж бид үзэж байна.

Бид хамтарч байж дижитал ертөнц дэх эдийн засгийн боломжуудыг ашиглах болон өсөн нэмэгдэж байгаа кибер аюул заналаас илүү найдвартай өөрсдийгөө хамгаалж чадна.

Энэ өргөн уудам тал нутагт сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулж цагаан хувьсгалыг эхлүүлэхэд Энэтхэгийн туршлагыг ашиглаж болно. Монголын ноолуурын баялагт нэмүү өртөг шингээх ажлыг бид хамтдаа эндээс шууд эхэлж болно.

Монголд бид боломжийн үнэтэй эрүүл мэндийн орчин үеийн үйлчилгээг үзүүлэхэд түншлэн ажиллаж байна. Эмчилгээний нэгдсэн системтэй болгох замаар уламжлалт эмнэлгийн өвийг манай хоёр оронд болон гадны орнуудад улам хөгжүүлж бид чадна.

Энэтхэгчүүд гадагшаа их аялах боллоо. Монгол Улсад байгалийн болон оюун ухааны боломж их байна. Иймээс Монгол орон нь Энэтхэгчүүдийн зорьж ирэх орны нэг байж болно.

Худалдаа болон хөрөнгө оруулалтаас илүү манай хөгжлийн түншлэл бидний хамтын үзэл санаа, зөн совинг илтгэж байдаг.

Түншлэлийн хамгийн дээд хэлбэр бол хүний нөөц, байгууллагын хөгжлийн хөрөнгө оруулалт юм. Энэ бол тухайн үндэстэнг хөгжлийнхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай болгодог. Энэ нь мөн тухайн үндэстний хийх сонголтынх нь харилцан хамаарлыг сайжруулж өгдөг. Эдгээр нь цугтаа хөгжил дэвшлийг илүү тогтвортой болгодог.

Бид энэ үзэл баримтлалдаа нэн хариуцлагатай хандах болно.

Өнөөдөр би Атал Бихари Важпайн Мэдээлэл, холбооны технологийн шилдэг төвийг байгуулж, өргөжүүлэн шинэчлэх ажлынх нь шавыг тавина.

Дараа нь үдээс хойш Монголд хавдрыг эмчлэхэд туслах Бхабхатрон багажийг гардуулж өгнө. Энэ бол бидний иргэний чиглэл дэх цөмийн хамтын ажиллагааны анхных нь болно.

Эцэст нь нэг тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын байгууллагын хөгжил, дэд бүтэц, хүний нөөцийг хөгжилд зориулж олгох болсноо миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан.

Бидний аюулгүй хамтын ажиллагаа өсөн нэмэгдэж байна. Бие биеэсээ их зүйл сурч чадна. Юмыг сайн хийдэг монгол хүний ур чадварт хэн ч эргэлзэхгүй ээ.

Батлан хамгаалах дасгал сургуулилтыг хамтран хийж байгаадаа бид бахархаж байдаг. Хил хамгаалах, кибер аюулгүйн чиглэлд идэвхтэй хамтран ажиллах гэж байгаад би баяртай байна.

Бидний харилцааны бодит хүч нь хүмүүс хоорондын сайн санаа, орон зайн хүрээнд биднийг нэгтгэдэг итгэл үнэмшилд суурилдаг.

Энэ бол тус хоёр орныг зүгээр нэг хооронд нь ойртуулахаас ч илүү ихийг хийж чадна.

Энэ бол Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг бэхжүүлж тусална.

Бурханы элч нар нэгэн цаг үед хайр энэрэл, энэрэнгүй үзэл санаагаар Ази тивийг холбож байв. Тэдний үзэл санааны үнэт зүйлс хэзээ ч ач холбогдлоо алдаагүй бөгөөд тэдний үлдээсэн ул мөр цаг хугацааны шалгуурыг даван гарчээ.

Номхон далайн эргээс Энэтхэгийн далайн төв хүртэл, Зүүн өмнөд Азийн далайн эргээс Гималайн алдарт өндөрлөг хүртэл, тропикийн их ойгоос энэ тал нутаг хүртэл Ази тивийн хаана ч миний аялсан газарт Будда Бурханд зориулсан хөшөө суварга, сүм хийд их тархжээ.

Хүний амьдралын найман зам мөрийн тухай Бурхан багшийн сургаал нь зөвхөн хувь хүний аз жаргалд хүрэх замыг заах төдийгүй нийгэм, улс үндэстний сайн сайхан байдалд хүрэх гол хөтөлбөр юм.

Энэ бол бид бүгдээрээ сайхан сэтгэлтэй байж, хайр энэрлийг үзүүлж, энэрэнгүй сэтгэлтэй байх тухай үзэл юм.

Энэ бол хүн төрөлхтөн, хүний эрхийг гүнээ хүндэтгэх тухай сургаал юм, энэ бол энхийг эрхэмлэж, хүч үл хэрэглэхийн тухай итгэл үнэмшил юм.

Энэ зам бол манай нийгэм дэх ядуу, эмзэг бүлгийн хүмүүст хэрхэн туслах тухай сургаал юм.

Ертөнц дэх бүх зүйлс хоорондоо учир холбоотой, төлөв даруу байхын мөн чанарыг илэрхийлсэн мэргэн ухаан юм. Тийм учраас ч энэ бол илүү тогтвортой дэлхийг бүтээх арга зам юм.

Хэт хэрэглээ, хүн ба байгалийн зөрчилдөөн дэлхийд аюултайг сургажээ.

Хөгжсөн Баруун, ашиг орлого нь арвижин нэмэгдэж буй өсөн өндийх эрмэлзэлтэй Ази хоёр энэ сургаалыг дагаж мөрдөх ёстой.

Дүгнэвээс энэ бол энх тайванч харилцааг эрхэмлэх, эрх тэгш байх, жижиг болоод том, буурай болоод хүчтэй ямар ч улс үндэстэн өөр хоорондоо харьцахдаа бие биеэ харилцан хүндэтгэх, хамтран ажиллах тухай удирдамж юм.

Энэ бол хувь хүмүүс, улс үндэстэн, бид бүгдээрээ хүн төрөлхтөн болон манай гарагийн төлөө нэгдмэл хариуцлага хүлээх ёстойн уриа дуудлага юм. Тиймээс энэ нь бүх үндэстний нийтлэг сайн сайхны төлөө зүтгэх урам зоригийг бидэнд өгдөг.

Бурхан Буддагийн сургаал нь ардчиллын зарчмуудад илрэлээ олдог. Үнэний зам нь сэтгэх, бодох, үйлдэх, үг хэлэх эрх чөлөөнд суурилдаг. Эдгээр нь ардчиллын суурь үндэс юм.

Энэ нь харилцан хамаарал, олон янз байдал, хамтдаа оршин тогтнох явдлыг хүлээн зөвшөөрөх үзлээр тодорхойлогддог. Үүний мөн чанар нь хүний эрх чөлөө, үзэл бодлоо харилцан хуваалцах, хуульд захирагдах, ялгавартай байдлыг энхийн арга замаар шийдвэрлэх явдал юм.

Тиймээс хэрвээ бид Их Мастерийн Үнэн Замыг дагах юм бол ардчиллын үнэт зүйлсээр замнахтай агаар нэгэн билээ.

Энэхүү хоёр сонгодог үзэл санааны нэгдлийг Монгол Улсаас харж байна.

Ази тивд хандаж би үүнийг доорх байдлаар хэлье:

Үндэстэн бүр Засгийн ямар ч хэлбэрийг сонгосон байсан, өөрсдийгөө Улс гэж яаж ч тодорхойлсон байсан, бид өөр хоорондоо харилцахдаа ардчиллын зарчмуудыг байнга хэрэглэх ёстой.

Ямар ч замыг сонгосон байсан, бидний зөрчилдөөний түүх, эсвэл бидний хүсэлт шаардлага юу ч байсан, оюун санааны нийтлэг өв биднийг холбосон байдаг. Буддизм болоод ардчилал нэгдмэл байх нь энх тайван, хамтын ажиллагаа, эв зохицол, эрх тэгш байдлыг Ази тивд буй болгох арга замыг бидэнд олгож байна.

Энэ бүс нутаг хувь заяаныхаа төлөө нойрноос сэржээ. Сүүлийн хагас зуун жилд ийм их хөгжил дэвшлийг дэлхий Азиас өөр бүс нутагт хараагүй юм. Нэгэн үед ийм их хэмжээний өөрчлөлт манай тивээс өөр бусад тивд болж байсангүй. Энэ бүс нутаг бол эртний мэргэн ухаан, залуулаг эрч хүчний өлгий нутаг юм. 21 дүгээр зуунд дэлхийг энэ тив тэргүүлнэ гэж үздэг. Гэвч амар хялбар бус тодорхойгүй байдал, шийдэгдээгүй асуудлууд, үл мартагдах дурсамжууд энэ бүс нутагт бас байна аа.

Итгэл найдвар, боломж бололцоо нь улам бүр ихсэхийн хэрээр Азийн ялгавартай байдал нь олон янз байдлын дундаас илт товойн харагдаж байна.

Олон жилийн турш Ази тив дэлхийд их зүйл өгсөн. Ирээдүйгээ бүтээх үүрэг хариуцлага одоо энэ тивд оногдож байна.

Иймээс хүний үндсэн үнэт зүйлс, хүн төрөлхтний өмнө хүлээсэн түгээмэл хариуцлагыг хүлээн зөвшөөрөх, улс үндэстний хоорондын харилцаанд ардчиллын хэм хэмжээг ашиглах явдал өмнө нь хэзээ ч байгаагүйгээр бидэнд шаардагдаж байна.

Оюун санааны нийтлэг өвдөө бүгдээрээ анхаарлаа идэвхтэй хандуулъя. Ингээд Азийн ирээдүйг дархлахын тулд ардчиллын үнэт зүйлсээр хэлэлцүүлэг өрнүүлцгээе.

Нэг үед эрэлхэг зоригоор тэргүүлж байсан үндэстэн бол Монгол Улс юм. Одоо энэрэнгүй сэтгэлийн хүчээр манай тивийг тэргүүлэх ёстой.

Эртний мөргөлийн замыг ойлголцол, хамтын ажиллагааны шинэ зам болгож өөрчлөхийн тулд Та нартай болон бүс нутаг дахь бусад улстай бид хамтдаа ажиллах болно.

Бидний хүрэх гэж зорьж байгаа ирээдүйд энэ нь ганцаараа баталгаатай хүргэж чадахгүй гэдгийг бид мэднэ ээ. Гэхдээ энэ бол амжилт гаргах илүү боломжийг бидэнд олгох үүд хаалгыг дахин нээж байгааг би мэднэ.

Эрхэмсэг Ноён Монгол Улсын Их Хурлын дарга аа,

Энэ өглөөний мөргөлөө миний бие Махабодхи модны үндсийг Монгол Улсын Гандан хийдэд суулгаснаар эхэлсэн.

Энэ бол оюун санааны нэгдмэл өвдөө миний үзүүлсэн хүндэтгэлийн бэлгэ тэмдэг байлаа. Тарьсан мод маань ургаж төлжихийн хэрээр энэ нь манай хоёр орны хоорондын түншлэл өсөн бэхжих бэлгэдэл болох юм.

Цаг хугацаа улирахын хэрээр энэ нь дэлхий дэх хүмүүнлэгийн бэлгэ тэмдэг, энэ гараг ертөнцөө хайрлан хамгаалахын бэлгэ тэмдэг бас байх болно.

Баярласнаа дахин илэрхийлье. Баярлалаа.

Би танай парламентын танхимд орж ирээд нэгэн зүйлийг анзаарлаа. Танай Төрийн сүлдэнд бадамлянхуа цэцгийг бэлгэддэг юм байна. Манай улсад ч бас бадамлянхуаг бэлгэддэг юм.

Энэ нь манай хоёр орны хооронд нийтлэг төсөөтэй олон зүйлс байдгийн нэг нотолгоо юм.

Сарвебхавантусухинах. Та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ