Шударга Ерөнхийлөгч хэлсэндээ хүрч Өршөөлийн хуульд хориг тавих уу?

МАХН-ын гишүүд Өршөөлийн хууль санаачилж байгаа талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний хэлж байгаагаар аль нэг төрийн тэргүүн бус гишүүд болон иргэний нийгмийн байгууллагууд санаачилж байгаагаараа ихээхэн онцлогтой гэв. Мөн өмнөх хуулийн нэг алдаатай тал нь хохирлоо барагдуулаагүй ялтан өршөөлийн хуульд хамрагдчихдаг явдал юм. Энэ нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Харин энэхүү хуульд хохирлоо барагдуулах сонирхолгүй болон эдийн засгийн чадамжгүй бол Өршөөлийн тухай хуульд хамруулах боломжгүй гэж тусгажээ. Энэхүү хуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр хамрагдах уу гэдэг асуултад УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга намын журмын нөхөр Л.Цог “хамрагдах боломжтой” гэсэн юм. Учир нь уг хуульд гурван жилээс дотогш ял авсан хүнийг хамруулна гээд санал оруулж иржээ. Энэхүү хоёр үг зөвхөн намын даргадаа зориулан санаачилж, наана цаагуур нь бялдуучлах гээд байна уу гэсэн хардлага төрүүлээд байна.

Монгол Улсад ардчилал ялснаас хойш Өршөөлийн тухайнэртэй ч, хэн нэгний эрх ашигт нийцүүлсэн, аль эсвэл тэмдэглэлт ой тохиолдуулсан, ямар нэгэн улс тєрийн хvчний давуу байдал, нэр хvнд олоход “буяны vйл”- ийн арга хэрэгсэл болсон хууль таван ч удаа гарчээ. Хамгийн сүүлд 2009 онд Өршөөлийн тухай хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилж, УИХ-иар батлуулж, хэрэгжсэн. Хуулийн хэрэгжилт нь сайн, муу үр дүн араасаа дагуулсан бөгөөд энэхүү хуулийг 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэргээр ял шийтгүүлсэн 42 хүнд зориулсан улс төрийн захиалгатай хууль ч гэдэг.

Гэтэл энэхүү хуулийн үргэлжлэл болж, Клиникийн II эмнэлэгт хэвтэн, ял эдэлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан хууль гарахад бэлэн болоод байна. Хуулийн төсөл нь бэлэн болсон бөгөөд УИХ-ын даргад өргөн барих л үлджээ. Тэдний хэлж байгаагаар Монгол Улсад 7000 гаруй хоригдол байдгаас 3000 орчим нь хүндэвтэр гэсэн зүйл ангитай юм. Тэдний хоол унд, өмсөх хувцасны зардалд улсаас жилд 12 тэрбум төгрөг зарцуулдаг аж. Иймд энэхүү хууль батлагдсанаар улсын төсөвт хэмнэлт бий болж, тэрхүү мөнгийг улс эх орны бүтээн байгуулалтад зориулна гэв. Цэцэрлэгийн хүүхдэд үлгэр ярьж байгаа мэт ичих ч үгүй ярьж байгаа тэд нэг хуулиар нөгөө хуулийг завхруулах гэж байна.

Гэтэл улсын төсөв хэмнэсэн нэрээр халхавч хийж, улс орны мөнгийг шавшигдуулсан авлига хээл хахуулийн “үүр” болсон цагаан захтнуудын хэрэг хэрэгсэхгүй болж, наранд гарч магадгүй боллоо. Угтаа бол албан тушаалаа урвуулан, төсвийн мөнгийг хувьдаа завшсан, төрийн өндөр албан тушаалтнуудад хууль үйлчилж эхэллээ гэж бодож байтал эсрэгээрээ болох нь.

Энэхүүү хуулиас л та ялтан Н.Энхбаяр шоронгоос хэрхэн улс төрийн тоглолт хийж, улстөрчдийг утсан хүүхэлдэй мэт гарын аясаар хөдөлгөж байгааг харж чадна.

Сүүлдээ бүр Н.Энхбаярыг ял эдэлж байгаа гэдэгт эргэлзээд байх юм. Түүнд зориулж, “Сайд” нарын гэх тодотголтой II эмнэлгийн хоёр сайд хоорондоо тохироо хийж, нүд ирмэхийн зуур шорон болгосон. Гэтэл өнөөдөр түүнийг суллахын тулд бүхэл бүтэн УИХ-ын 24 гишүүн өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, хуулийг төсөл өргөн барихаар бэлдэж байна.

Ингэж байхаар, хууль үйлчилдэггүй Монголд Н.Энхбаярыг шууд суллах нь улсын төсөвтэй биш юмаа гэхэд ард иргэдэд хэрэгтэй байх аа. Н.Энхбаярыг суллах нэрийдлээр батлах гэж байгаа хуулийн хүрээнд суллагдсан хоригдлууд нь дахиад гэмт хэрэг үйлдэж, хэн нэгнийг нулимстай нь хатаахыг үгүйсгэхгүй.

Хуулийг завхруулагчдад хазаар хэрэгтэйг анхаарах цаг болжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон нутгийн иргэдтэй уулзаж байх үеэр Өршөөлийн хуульд хамрагдсан зарим хүн шоронгоос гарч ирээд дахин гэмт хэрэг үйлдээд байна гэхэд “хэрвээ Өршөөлийн тухай хууль дахин санаачилвал би шууд хориг тавина” гэж хэлж байсан удаатай. Шударга ёс ярьдаг Ерөнхийлөгч маань тийм зан гаргаж, энэхүү хуулийн төсөлд хориг тавих уу гэдэг удахгүй нүднээ илхэн болох байх аа.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ