Ким Чен Ун бол өрнөдийн бүтээгдэхүүн
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн бямба гаригт далайн түвшнөөс дээш 2750 метрийн өндөрт орших Пэктусан буюу Цагаан оройт хэмээх уулын оргилд гарч нар мандахыг харсан тухай тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээлснээр олон улсын хэвлэлүүд уламжлан дамжуулж байна.
Энэхүү уул нь Солонгосын ард түмний хувьд ялалтын бэлгэдэл болдог бөгөөд Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ир энэхүү уулын өвөрт мэндэлсэн гэгддэг, гэсэн хэдий ч түүхчид түүнийг Орост Ким Ир Сений партизаны отрядадтөрсөн гэж баталдаг.
Ким Чен Унтай хамт Хойд Солонгосын Агаарын элитийн ангийн албан хаагчид болон намын албаны хүмүүс уулын оргилд гарч нар мандахыг харсан гэнэ. Ингэснээрээ удирдагч өөрийн бие тэнхээ сайн, цог жавхлантай байгаагаа ард түмэндээ харуулахыг зорьсон хэмээн олон улсын хэвлэлүүд үзэж байна.
Ер нь Ким Чен Уныг өвөг эцэг, эцгээсээ илүү сайн Пи Арч зөвхөн дотоодын иргэд төдийгүй өөрт нь төдийлөн сайшаалтай ханддаггүй өрнөдийнхөн болон гол холбоотон гэгддэг Орос, Хятадын талд яаж харагдаж, ямар сэтгэгдэл төрүүлэхээ нарийн тооцоолж аливаа үйлдэл хийдэг хэмээдэг.
Сүүлийн үед түүнээс илүүтэй олон улсын анхаарлыг татсан явдал бол Ким Чен Уны гэргий Ли Соль Чу юм. Түүнийг 2014 оны арванхоёрдугаар сараас хойш олны өмнө гараагүй явдалд өрнөдийнхөн элдвээр таамаг тавьж байсан юм. Магадгүй Ким Чен Ун дараагийн эхнэрээ хэдийнэ олсон, эс бөгөөс нас барсан, аль эсхүл удирдагчийнхаа хилэнг төрүүлснээрээ Ли Соль Чу аль хэдийнэ амиа алдсан ч байж мэднэ хэмээн хэвлэлүүдэд бичсээр ирсэн.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын тэргүүн хатагтай нөхрийнхөө хамтаар хөлбөмбөгийн тэмцээн үзэж яваа зургууд тус улсын "Нодон синмун" сонинд гарсан аж.
Ингэснээр Ким Чен Уны эхнэртэй холбогдсон элдэв таамаглалууд ул мөргүй болж одоо их удирдагчийн дараагийн алхмыг өрнөдийн хэвлэлүүд отож эхэлжээ. Одоогийн байдлаар Ким Чен Уны хамгийн сүүлийн "PR-ийн ажил" Пэктусаны оргил болоод байна.
Удахгүй тавдугаар сарын 09-нд Москвад ялалтын баярын үеэр олон улсын хэвлэлүүдийн хамгийн ихээр анхаарлын төвд байх хүнээр Ким Чен Уныг зүй ёсоор нэрлээд байгаа.
Швейцарийн Берн хотын их сургуульд элсэн орж, Пак Ун гэдэг нууц нэрээр суралцаж байхад хамт сурч байсан найзуудынх нь хэн нь ч Хойд Солонгосын өв залгамжлагч болохыг мэдээгүй гэдэг. Ким тэнд сурч байхдаа англи, герман, франц хэл сурч өрнөдийн улс төрийн түүх төдийгүй амьдралын хэв маягийг маш сайн судалсан гэдэг.
Тийм ч учраас өвөг эцэг болон эцэг шигээ хаалттай нэгэн болоогүй аж. Түүнийг Швейцарьт хамт сурч байсан найзууд нь NBA-гийн тоглогчдын үнэнч шүтэн бишрэгч гэдгийг нь дурссан байдаг. Тэр Коби Брайнт, Майкл Жордан зэрэг ододтой хамт зургаа авахуулж, тоглолтыг нь анхааралтай ажигладаг байжээ. Тиймээс Ким Чен Ун Деннис Родмантай үй зайгүй нөхөд болсон гэдэг.
Ингээд түүний тухай сонирхолтой мэдээллүүдээс түүвэрлэн хүргэе:
- Ким Чен Ун Швейцарьт анх ирэхдээ бусад оюутнуудын сарын цалингаас дөрөв дахин их мөнгөтэй, Nike брэндийн хувцастай байсан гэдэг.
- Шалгалтын өмнө хуулахаас сэргийлж багш нь сурагчдын цүнхийг нэгжихэд Ким Чен Уны цүнхнээс порно сэтгүүл гарч ирэн, асуудалд орж байсан тухай ангийн найз нь ярьсан байдаг.
- Түүнийг архи уух дуртайгаасаа болоод чихрийн шижин өвчтэй болсон. Тиймээс цусны даралт нь үе үе ихэсдэг гэж нэгэн эх сурвалж мэдээлсэн ч батлагдаагүй өнгөрсөн юм.
- Ким Чен Уны төрсөн өдөр бол үндэсний баяр ёслолын өдөр гэж 2010 онд зарласан билээ.
- Түүний бага насны ямар ч гэрэл зураг байдаггүй гэнэ. Ганцхан өсвөр насандаа авахуулж байсан хар цагаан зураг бий
- Залуу коммунист удирдагч оюутан байхдаа үсчинд очихоос хамгийн их айдаг тул үсээ өөрөө тайрдаг байсан гэнэ.
Тэгвэл одоо түүний үсний засалт Умард Солонгосын залуучууд дунд моод болсон бөгөөд түүнийг хувьдаа үсчинтэй юу эсхүл өөрөө өөрийнхөө үсэнд санаа тавьсан хэвээр үү гэдэг асуултад өрнөдийнхөн хариулт олдоггүй хэвээр.
- Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд түүнийг эцэгтэйгээ адилхан харагдах гэж гоо сайхны хагалгаанд орсон тухай нууц дэлгэж байв.
Түүний төрх жин нэмсэн эсвэл гоо сайхны хагалгаатай холбоотой өөрчлөгдсөн эсэхийг хэн ч мэдэхгүй. Юутай ч, өсвөр насандаа авахуулсан ганц зурагнаас тэс өөр царайтай болжээ.
- Тэрээр Солонгосын ардын армийн дэжан буюу генерал цолтой.
- Ким хувиараа компьютерийн чиглэлээр суралцдагийг, энэ чиглэлээр маш өндөр мэдлэгтэй нэгэн болсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Магадгүй дэлхийн залуусын орох дуртай олон сайтад тэрээр зочилж яваа юм билүү хэн мэдлээ.
- Дэлхийн хамгийн нууцлаг удирдагч тэрээр Жэки Чаны үнэнч шүтэн бишрэгч бөгөөд кинонуудыг нь хэдэн цагаар ч хамаагүй үзээд суучихдаг гэнэ.
- Ким овогтны тогооч байсан нэгэн хүн Ким Чен Ун ах Ким Чон Чулаас илүү аавтайгаа адилхан байсан тул өв залгамжлагч болсон тухай дурссан байдаг. Түүний ах Япон руу хуурамч пасспортоор нэвтэрсэн учраас удирдагч болоогүй талаар өөр нэгэн эх сурвалж баталдаг юм.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ