Төрийн байгуулалтын байнгын хорооныхон орон нутагт ажиллав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны дарга А.Бакей тэргүүтэй гишүүд, тус байнгын хорооны ажилтнууд болон албаны бусад хүмүүс өнөөдөр /тавдугаар сарын 20/ Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус байнгын хорооныхон үүний өмнө Улаанбаатар хотын гурван дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ удаагийн арга хэмжээнийхээ тухайд А.Бакей дарга тайлбарлахдаа “Аймаг, нийслэлийн ИТХ, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага /НӨУЁБ/-ын үйл ажиллагаатай танилцах, уг ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа талаар иргэдийн санал бодлыг сонсох, аймаг бүрт байдаг УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажил байдалтай танилцаад орон нутгаас дэвшүүлж буй саналыг тусгасан Ажлын хэсгийн нэгдсэн дүнг ТББХ-ны хурал дээр танилцуулж, шаардлагатай бол тодорхой асуудлаар тогтоол шийдвэр гаргуулах зорилготой”-гоо дуулгасан юм.

Байнгын хорооны төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан, аймгийн захиргааны зарим хэлтсийн болон ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнүүд хүлээн авч уулзаад ажил байдлынхаа талаар товч мэдээлэл хийв. Тэдний ярьснаар бол тус аймгийн ИТХ-д 41 төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд болсон Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар 27 сум, 97 багтай тус аймгийн НӨУЁБ-ын удирдлагын 80 орчим хувь нь шинэчлэгдэж, анх удаа сонгогдсон хүмүүсээр бүрдсэн тул тэднийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нь хөгжүүлэхэд голлон анхаарч ажиллаж байгаа аж.

ТББХ-ныхон тэднээс төсвийн тухай шинэ хуулиар орон нутагт урьд өмнөхөөс илүү эрх мэдэл олгож, аймаг, сумдын ИТХ, Засаг даргын эрх мэдэл өргөжсөн өнөөгийн нөхцөлд Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалт батлахдаа иргэдийн саналыг хэрхэн тусгаж, хэр оновчтой хэрэгжүүлж байгаа, уг сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор сум, орон нутгийн хэмжээнд хэр бодитой, дорвитой шийдвэр гаргаж буй талаар лавлахад аймгийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн М.Эрдэнэдалай хариулахдаа “ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, орон сууцны засварын ажил, аймгийн 90 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажлуудыг чухалчилж байгаа” гэсэн юм. Түүний өгүүлснээр бол иргэдийн дунд зохион байгуулж буй ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалт батлах хэлэлцүүлгийг эхнээс нь сайтар зохион байгуулж явуулахгүй бол ирц бүрдэлтээс аваад хөрөнгө хуваарилалт дээр төвөгтэй асуудлууд гарч ирдэг аж. Үүнтэй холбогдуулан ТББХ-ны дэргэдэх Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Д.Батцогт “ОНХС гэдэг нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд НӨУЁБ-ныхаа үйл ажиллагаанд оролцох, иргэдээ хөгжүүлэх чиглэлд үйлчлэх ёстой тул энэ сангийн зарцуулалтад иргэд өөрсдөө хяналт тавих бүрэн боломжтой”-г тэмдэглэж байв. М.Эрдэнэдалай бас өнөөгийн түвшинд аймаг, сумын ИТХ-ын даргаар ажиллах хүний шалгуур Засаг даргынхаас ч нарийн чанд байх ёстой атал мэдлэг боловсрол муутай хүнээр энэ хариуцлагатай албыг хашуулж байгаад шүүмжлэлтэй хандаж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулин дахь Иргэдийн төлөөлөгчийг огцруулах, эргүүлэн татахтай холбоотой заалт, Газрын тухай хуулин дахь газрыг дуудлага худалдаагаар олгох тухай заалт зэрэг хэрэгжилт нь муу байгаа тодорхой хэд хэдэн хуультай холбогдуулан санаа оноогоо хэлсэн юм.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын орон тоо, Иргэний танхим, ИТХ-ын үйл ажиллагааны уялдаа холбооны асуудал хөндөгдсөний дээр УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвийн асуудлаар аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оюунцэцэг ярихдаа “Урьд өмнө Хууль зүйн хэлтсийн дэргэд Эрхзүйн сургалт, сурталчилгааны төв ажиллаж УИХ-аас гарсан хууль тогтоомжийг олон нийтэд хүргэдэг байсан бол одоо орон тооны хүн байхаа больсон, энэ ажлыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс авч, өрөө тасалгааны боломжоос шалтгаалан Иргэний танхимын үйл ажиллгаатай нэгтгэсэн. Энэ оны 2-р сараас эхлэн Иргэний танхимыг аймгийн захиргааны байрнаас гаргаж, Зуунмод сумын төв гудамжинд байрлуулснаар 4 ажилтантай болж үйл ажиллагаа нь идэвхэжсэн ч УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах ажил орхигдоод байгаа”-г дуулгалаа. Тухайн нөхцөл байдлын талаар ТББХ-ныхон нэлээд нухацтай хэлэлцсэн бөгөөд “УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төв бол УИХ-ын гишүүнийг сурталчлах бус УИХ-ын үйл ажиллагаа, түүнээс батлан гаргасан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ёстой”-г ч анхааруулан хэлж байв.

Байнгын хорооны гишүүд аймгийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцсаны эцэст хорооны дарга А.Бакей тэдний ажлыг дүгнэж хэлэхдээ Төв аймгийн ИТХ хурлаа тогтмол хийн шийдвэрээ гаргаж, хуулийн дагуу Хурлаа бүрдүүлж, Иргэний таниимаа тусад нь ажиллуулж байгааг сайшаагаад нэг шинэ юм хийхдээ нөгөө хуучнаа орхигдуулалгүй хослуулахыг, тухайлбал, ЗДТГ-ын дэргэдэх Хуулийн хэлтэс, Иргэний танхим хоёрын зарим функц нэгдсэнээр УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажил доголодох ёсгүйг анхааруулсан юм.

Үүний дараа гишүүд Зуунмодын төв талбайд байгуулагдаад хоёрхон сар болж буй Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцав. Нэг менежер, 3 оператортай тус төвийн байр цэвэрхэн, тохилог, хаяг, утас нь хаа холоос тод харагдахын дээр олны хөлийн газар байрласан болохоор орж гарах хүний хөл энд тасардаггүй бололтой. “Хууль тогтоомж, хөдөлмөрийн биржийн мэдээлэл түгээж, “Орон сууцны ашиглалт”, “Архигүй монгол хүн” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг, татвар, газар зэрэг асуудлаар нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа, сувилагчдын өдөрт зориулсан өдөрлөгөөр 200 орчим хүнд үйлчилсэн, аймгийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдол нийлээд 385 хүрээд байгаа, тэдгээрээс газрын харилцаа, автозамын асуудал иргэдийн анхаарлыг ихээхэн татаж байна” гэж тус танхимын менежер Ч.Жадамбаа ярьж байлаа. Тэрбээр бас Төв аймаг үүсэн байгуулаглдсаныхаа 90 жилийн ойг угтаж 42 нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнтэй болсныг ирсэн зочдод танилцуулснаас монгол хонины цэвэр, бүдүүн ноосоор хийсэн 2 төрлийн даавуу, ширмэл эсгий олбог, цэвэр арьсан гутал, зөгийн бал, чацаргана, бяслаг зэрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд нь гадна дотнын хүмүүст орон нутгаа сурталчлах чамлахааргүй үзмэр болохоор аж. Ийнхүү төр иргэн хоёрыг холбох гүүр болж буй орон нутгийн иргэний нэгээхэн танхим үүдээ нээгээд удаагүй ч үнэхээр өнгөтэй, өөдрөг, эрч хүч, эрмэлзэл дүүрэн ажиллаж байгаад ТББХ-ны дарга А.Бакей баяр хүргэж, урмын үгээр шагнан ажилд нь амжилт хүслээ гэж УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ