Г.Отгонцэцэг: Хүмүүс намайг "Орхидос"-ын хойт ээж гэдгээр нь хардаг

"Орхидос" киноны хойт эхийн дүрээр ард түмнийхээ хорсол, зэвүүцлийг төрүүлж, эсрэг дүрээр сэтгэлд нь хоногшсон хүн бол УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Отгонцэцэг. Ингэж өөрийгөө үзэн ядах, муу хэлүүлэх хүртэл дүр бүтээсэн нь түүний тухайн дүрийг хэр сайн гаргаж чадсаныг илтгэх уран чадварын илрэл биз ээ. Тэрээр хамгийн сүүлд триллер төрлийн "Аюултай харилцаа" дэлгэцийн уран бүтээлд тоглосон бөгөөд түүнийг ямар дүр бүтээснийг уг киног үзсэн хүмүүс өөрөө өөрсдийнхөөрөө дүгнэсэн биз ээ.

-Таныг үзэгчид “Орхидос” киноны хойт эхийн дүрээр илүү сайн мэднэ. Та энэ удаа ямар дүр бүтээв?

-Энэ дүрийг үзэгчид бол эсрэг гэж хүлээж авах байх. Зохиолд ч гэсэн эсрэг гэж бичсэн. Харин миний хувьд хохирогч гэж дүр дээрээ ажилласан байгаа.

-Өнгөрсөн жил таны хувьд уран бүтээлийн ургац арвин байв уу? Дараагийн дэлгэцийн ямар уран бүтээл таныг хүлээж байгаа вэ?

-Сүүлийн үед театрынхаа уран бүтээлдээ түлхүү ажиллаж байгаа. Өнгөрсөн жил долоон “7 сэтгэхүй” буюу 7 уран бүтээлчийнхээ 2,3 бүтээлд нь тоглолоо. Мөн дэлхийд алдартай сонгодог жүжиг болох “Нора” жүжгийн Норагийн дүрд тоглосон. Ер нь олон шинэ уран бүтээлүүд дээр ажилласан. Өнгөрсөн жилийн хувьд зохиол нь тэр бүр таалагдаагүй учраас кинонд бараг тоглоогүй. Харин энэ киноны хувьд зохиол нь маш их таалагдсан. Өөрийгөө үзэгчдэд өөр өнцгөөс нь харуулах, ур чадвараа ч гэсэн хөгжүүлэх боломжтой байсан. Харин дараагийн уран бүтээлийн санал ирсэн байгаа. Гэхдээ яг эхлээгүй байгаа болохоор тоглох үгүй нь бүрэн шийдэгдээгүй байна.

-Жүжигчин хүний хувьд ямар дүрд тоглохыг илүүтэй хүсдэг вэ?

-Уран бүтээлч хүн бүр маш олон дүрд тоглохыг хүсдэг. Хүмүүс ихэнхдээ намайг “Орхиодос”-ын хойт ээж гэдгээр нь хардаг болохоор аль болох өөрийгөө үзэгчиддээ өөр талаас нь харуулах, арай эерэг талаас нь үзүүлж, өөр өнцгөөс хүмүүст мэдрүүлэх дүрд дуртай байдаг. Гэхдээ бид зүгээр нэг дүрд тоглоод өнгөрөх биш, өөрийгөө хөгжүүлж, нэг шат ахих боломжтой байдаг ньуран бүтээлч бидний нэг онцлог. Ерөнхийдөө зохиол сайтай байвал таалагддаг даа. Тэр тусмаа жүжигчин хүн ямар ч дүрд хувирах чадвартай байх ёстой. Тэр үүднээсээ заавал тийм ийм дүр гэхгүй. Ер нь бол дотроо Broadway-н мюзиклд тоглохыг мөрөөддөг.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ