Америк Умард Солонгостой байлдвал ийм юм болно
{!!!right!!!}Америк болон Умард Солонгосын хооронд өрнөж болзошгүй дайны сэдэвт ном зохиол, кино, тэр бүү хэл видео тоглоом хүртэл гарч байдгаас энэ тухай сэдвээр хэвлэл мэдээллүүд зогсоо зайгүй бичих нь ч аргагүй юм гэмээр. Саяхан БНАСАУ-ын төв телевизээр капиталист Америктай дайтахад бэлэн гэсэн утгатай мэдээ цацсанаас энэ сэдэв дахин олны анхааралд шилжээд байна. Өрнөдийн бүх л хэвлэлүүд төдийгүй ОХУ, Хятадад хүртэл энэ тухай бичиж эхлэх нь зүй ёсны хэрэг юм.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор АНУ-ын цэргийн шинжээч, өдгөө Чикаго Трибун сонины тоймч Дэвид Уилсоны бичсэн саяхны нэгэн материал болох “United States vs North Korea” нийтлэлийг товчлон сийрүүлж байна.
“... Умард Солонгосын цэрэг арми байнгын өндөр бэлтгэлтэй дэлхийн хамгийн шилдэг армийн нэг. Ийм армитай хүч тулгарах нь АНУ-ын хувьд 1990-ээд оны эхээр Персийн буланд хийсэн цэргийн ажиллагаатай, тэр бүү хэлэнэ тулгаралт даамжирвал өнгөрсөн зууны дэлхийн 1, 2-р дайнд нүүрлэсэнтэй эн зэрэгцэх хэмжээний томоохон дайн болж түүхэнд үлдэх магадлалтай. Гэхдээ дайнд олон улсын нөхцөл байдал, геополитикийн асуудлууд гол түлхүүр болж, хэр их хүний цус асгарах вэ гэдгийг шийддэг.
Ямар нэг байдлаар хоёр улсын хурцадмал харилцаа эцсийн цэгтээ тулж тэсэрснээр цэргийн мөргөлдөөн үүслээ гэж бодоё. Үүнийг одоогийн нөхцөл байдлаар таамаглаж, төсөөлөхийг хичээцгээе. Мэдээж хэрэг АНУ-ын түүхэнд өрнөсөн дайнуудын адилаар (иргэний дайн, Мексикийн дайныг эс тооцвол) дайн бусдын газар нутагт өрнөнө.
Номхон далайн цаадах улстай дайтах туршлага АНУ-д хангалттай бий. Номхон далайг, Ази тивтэй хамт хяналтдаа оруулсан Японы эзэнт гүрнийг аралд нь шахаж, үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурах байдалд хүргэсэн Америкийн туршлага энэ удаагийн Номхон далайн мөргөлдөөнийг шийдвэрлэх гол зүйл байх болно. Умард Солонгосын хувьд зэвсэг хөдөлгөвөл л Өмнөд рүү дайрчих гээд байдаг эрсдэлтэй тал бий. Умард болон АНУ-ын хоорондын мөргөлдөөнд Сөүл өртөхгүй байна гэдэг нь ч боломжгүй. Тиймээс Америк болон Хойд Солонгосын хоорондын дайн бол хоёр Солонгосын дундах хагас зууны дараах тулгаралт байх болно.
Өнгөрсөн зууны дунд үед өрнөсөн Солонгосын дайн энэ удаагийнхтай зүйрлэшгүй өөр байх болно. Хоёр Солонгос хоёулаа өндөр зэвсэглэлтэй байнгын армитай. Тив алгасагч пуужингууд аль алинд бий. Гагцхүү хэн сайн бэлтгэлтэй, сайн тосож устгах пуужингийн системтэй нь л энд ялах юм. Гэхдээ умардынхан өмнөд рүү буу шагайгаад зогсохгүй тэд байнга үарлаж байдаг тив алгасагч пуужингуудаа Номхон далайг давуулаад шидэж л орхино.
Гэхдээ тэдний хамгийн сайн пуужингууд нь ч Америкийн нутагт унаж огтхон ч чадахгүй. Ер нь Солонгосын хойгоос холдож амжаагүй байхад нь л Номхон дөлгөөн далайн хаа сайгүй байрлалтай Америкийн цэргийн баазуудаас тэр пуужингуудыг угтан сөнөөчих болно. Харин эргүүлээд пуужингийн цохилт өгөх талд Америкт хамгийн том асуудал бол “хүмүүнлэг ёс”. Маш бага орон зайд байгаа олон арван сая хүн бүхий байршилд хүчтэй пуужин харвах нь энгийн иргэдийн амь нас хэдэн зуун мянгаараа хиарах эрсдэлд хүргэнэ. Ийм асуудал үүсвэл олон улсын эсэргүүцэлтэй тулгарах тул Америк цэгчилсэн цохилт хийхээс аргагүйд хүрэх юм. Их л бодож Америкийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Номхон далайд удаан зууралдсаны эцэст Солонгосын хойгийн тэнгист шавааралдах нь гарцаагүй. Нэг ёсондоо хэвтээ лууны дэргэдээс шахуу цохонд нь пуужин шагайхтай л зүйрлэмээр.
Хойд Солонгосын сая хүнтэй байнгын арми далай гатлаад Америк орж чадахгүйгээс хойш Өмнөдийн хилийг гишгэхээс өөрийг хийж чадахгүй. Хуурай замын цэрэг нь хэчнээн олон байлаа гээд Японы арлууд хүрэхээс хэтрэхгүй тул Америкийн эсрэг агаар болон усанд л дайтах юм. Технологийн давуутай зэвсэглэлээ Америк ч бүрэн дүүрэн харуулж Хойд Солонгосын нутагт цэгчилсэн цохилтууд хийж агаарын болон усан дайралт хийж чадах бүгдийг дарж, Ким Чен Уны гарыг мухарлаж орхино.
Үүнтэй зэрэгцэн ОХУ, Хятад зэрэг улсууд хүчний харьцааг тэнцүүлэхийн тулд олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлэх боловч дайнд шууд орчих амаргүй. Тиймээс геополитикийн сөргөлдөөн арай ч дэлхийн дайнд хүргэчихгүй. Энэ тулаан сарын хугацаанд л үргэлжлэх бөгөөд мөргөлдөөн эхэлснээс эхний арав хоногт л ялагч нь тодорхой болж Умардын цэргийн хүчний цохилтын цэгүүд устаж алга болох юм. Автомат буу барьсан олон зуун мянган явган цэрэг л Хойд Солонгост үлдэх төдийгүй, хохирол нь Өмнөдийнхөн болон Япончууд байх болно. Ингээд эцэст нь олон улсын шахалтад орсон АНУ гал зогсоох хэлэлцээр санаачилснаар Ким Чен Ун ялагчийн дүрээр ард олондоо хандаж төв телевизээрээ үг хэлнэ. Угтаа бол Умардынхан дахиж зэвсэглэх чадалгүйгээр улс орноо дампууруулах юм. Эцсийн эцэст ийм үр дүнд л хүрэх гэж хойд солонгосчууд дайны тухай ярих нь илүүц юм...”
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ