Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.01.20.Мягмар гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.00 цагт эхэлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Тус байнгын хороо чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны завсарлагаархуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм. Байнгын хорооны танилцуулгатай холбогдууланУИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулав.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг чуулганы тухайн өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэх хуулийн заалттай. Ингээд байнгын хорооны саналаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 41 гишүүний 37 нь буюу 90.2 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Хууль батлагдсанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн тусгай шаардлагыг хангахын тулд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулан 2018 оны төсвийн жилд хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэж бууруулах эрх зүйн зохицуулалт бүрдэж байгаа юм.
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулав.
Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдсан тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн гаргасан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэний зэрэгцээ хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 45 нь буюу 88.2 хувийн саналаар дэмжиж баталлаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ