Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсов
Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэлдээ, “Парламентад суудалтай улс төрийн бүх нам, эвсэл хамтран байгуулсан Монгол Улсын Засгийн газар байгуулагдаад яг 9 хонож байна. 9 хоног гэдэг бол бусад бүх Засгийн газрын хувьд ажилтайгаа дөнгөж танилцаж эхэлж байдаг хугацаа. Харин манай засгийн хувьд эрс шийдэмгий шийдвэр гаргах, энэ замаар явах уу үгүй юу, энэ ажлаа хийх үү үгүй юу гэдэг ээдрээт асуудлуудын хариуг өгөх тулгамдсан үе болоод байна. Их хүн Шекспирийн орших уу, эс орших уу гэдэг алдарт ишлэлийг энд сануулахад ч хэтрүүлсэн болохгүй болов уу.
Бид өнөөдөр яг ямархуу байдалтай байна, Монгол гэдэг айл маань яаж шуухан аж төрж байна гэдгээ одоо илэн далангүй нэг ярьж авцгаая. Ингэж ярихын тулд эхлээд элдэв улс төрөө хойш тавья, хойтонгийн хойтон их хурлын сонгуультай гэдгээ түр мартацгаая, хэн нь илүү эх орончоороо ч уралдахаа зогсоё, энд тэндгүй бор хоногоо төөрүүлж байгаа хүмүүсийн зовлонгоор, хэн нь хүмүүст илүү хайртайгаараа популизм хийхээ ч орхиё. Асуудлуудаа эрүүл саруулаар, элдэв эмоцигүйгээр нэг ярьцгаая.
Хүндрэлийн асуудлууд маань эрт дээрээс улбаатай. Энд нэг хоёр Засгийн газар, хуруу дарам хэдхэн улс төрчдийг чичлэх гэвэл дахиад л буруу зам руугаа орно. Бид 25-хан жилийн хугацаанд бусад улсуудын хоёр, гурван зуун жилийн түүхийг, бас түүний алдаа оноог нь товчилж, монтажилж яваа ард түмээн.
ДНБ оны үнээрээ 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 16,5 их наяд төгрөг байна.
Уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарт 16 орчим хувийн өсөлт гарч, 2014 онд эдийн засгийн өсөлт 7 орчим хувьд хүрэхээр байгаа боловч, худалдаа болон барилгын салбар 5-10 хувиар унахаар байна.
Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ оны сүүлээр 11.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 53 хувь байх төлөвтэй байна. Үүнд, гадаадын хөнгөлөлттэй зээл 4 их наяд байгаа бол дотоод, гадаад бонд, баталгаа тус бүр 2.5-2.7 орчим их наяд төгрөгийн дүнтэй байна.
Төсвийн алдаатай бодлогын хажуугаар мөнгөний нийлүүлэлт, зээлийн өсөлт зэрэг мөнгөний бодлогын арга хэмжээнүүд савлагаа ихтэй, эдийн засгийн мөчлөг дагасан, тодорхойгүй, эдийн засгийн зарим сегментийг дэмжих байдлаар чиглэгдэж ирсэн. 2013 онд банкны нийт системийн зээл олголт 54 хувиар өссөн байна. Энэ дүн 2014 онд 20 хувиас бага байх төлөвтэй байна. Өнгөрсөн жилд 30 орчим хувиар өсч байсан мөнгөний нийлүүлэлт энэ онд 9 хувьтай байхаар байна.
Монгол Улс маань байгалийн хичнээн баялагтай ч, хөрөнгө оруулалтгүй бол хүн хүч, техник технологигүй бол хамгийн гол нь зөв бодлогогүй бол алтан дээр суусан чигээрээ манай үеийнхэн үлдэх юм байна гэдгээ ч харлаа.
Өнөөдөр Монгол Улсыг хөгжилтэй, хүчтэй болгохгүй гэсэн ямар нэг хүчин жаахан тос асгаад өгөхөд л бид дүрэлзэхэд бэлэн магадлал бий болох гээд л байна. Байдал ийм байхад Монголчууд бид үндэсний зөвшилцөлгүйгээр, нэгдсэн хүчгүйгээр, нэгдмэл үйл ажиллагаагүйгээр энэ эрсдэлийн ард гарахгүй ээ. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдын урилгыг зөвшөөрч, улс төрийн их эрсдэлийг огоорон, улс үндэстнийхээ эрх ашгийг өмнөө тавьж, Их эвслийн Засгийн газрыг байгуулах аргагүй бас амаргүй сонголтыг хийсэн парламентад суудалтай намууд болох АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-д гүн талархлаа илэрхийлж байна.
Нэгдэж эвсэх нэг хэрэг. Харин нийлээд зүтгэх нэлээд хэцүү боловч амаргүй шийдвэрүүд гаргах цаг хугацаа яалт ч үгүй ирлээ. Бид одоо хийхгүй бол хэн ч, хэзээ ч хийж чадахгүй. Энэ шалгуурыг хамтдаа туулаад гарцгаая.
Сарын нийт орлого нь сая хэдэн зуугаас давсан өрхийн хүүхдийн 20 000-г түр орхиж, хэрэгтэй хүүхдүүдэд, хэрэгтэй өрх гэрүүдэд нь хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн олгоё.
Нийгмийн шилжилтийн эхэн үед Төрийн албанд ажиллах хүний нөөц хомс үед мэргэжилтэй боловсон хүчнээ төрд ажиллуулахын тулд олон хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшууллын тогтолцоог тухайн үедээ бий болгосон. Одоо боломжтой заримыг нь өнөөдрийн бодит байдалтайгаа уялдуулах шаардлагатай байна. Жишээлбэл, ТАХ-н тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжинд салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтоох шаардлагатай байна. Энэ ажлыг одоо хийхгүй бол ирэх жилээс эхлэн энэ зориулалтаар зарцуулах хөрөнгө хүүхдийн нийт мөнгөний хагастай тэнцэхээр их болоод байна. Энэ мэтээр эдийн засгийн даацаа тооцсон, хөнжлийнхөө хэрээр хөдөлсөн нийгмийн бодлогод шилжье” гэв.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат: - Өнөөдөр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр бүрдсэн байна. Өнөөдөр бодит амьдрал дээр цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байхад төрийн албан хаагчдаа цомхотголд оруулна гэж ярьж байгаа нь бодит амьдралтай нийцэхгүй байна. Иймд Засгийн газар сайд, дэд сайдуудынхаа тоог нэмсэн хэрнээ доошоо цомхотгол хийнэ гээд байгаа нь ямар учиртай талаар тайлбар авья.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: - Хямралын хувьд янз бүрийн маргаан гардаг. Энэ бүх маргаанаас зайлсхийж үйл ажиллагаандаа төвлөрлөх нь чухал гэж ойлгож байгаа. Ер нь эдийн засгийн хямрал бий болчихсон байна. Түүнээс үүдэлтэйгээр санхүүгийн хямрал болоход ойрхон байна. Хэрвээ санхүүгийн хямрал болоод эхлэх юм бол цаашдаа эдийн засгийн хямрал болно гэдэг дүр зургууд харагдаж байгаа учраас эхлээд энэ бүхнээс урьдчилан сэргийлж авах ёстой арга хэмжээнүүдийг авах ёстой. Засгийн газар хоёр удаа цуглаж бодит байдлаа ярилцсан. Өмнө нь төсвийг тодотголоо гээд шууд Засгийн газрын бодлого орж ирдэг байсан. Тэр нь Улсын Их Хурал дээр их задардаг учраас өнөөдөр Ерөнхий сайдын мэдээллийг ашиглан иймэрхүү чиглэлийн төсвийн тодотгол орж ирэх нь байна шүү гэсэн урьдчилсан сигнал өгч байна гэсэн үг. Улсын Их Хурлаас төрийн албан хаагчийн цомхотголын асуудлаар Засгийн газар хийнэ гэсэн зүйлээ үргэлжлүүлээд явуул гэвэл Засгийн газар үргэлжлүүлээд явуулна. Гэхдээ нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед 10000 төрийн албан хаагчийг шууд гудамжинд гаргаад араас нь гэнэт халагдсаны тэтгэмж өгч байхаар өнөөдрийн нөхцөл байдал дээр ийм үр дагавар үүсэх нь байна гэсэн асуудлыг нээлттэй ил тод ярьж байгаа юм. Иймд төрийн албан хаагчдын цомхотголтой холбоотой асуудлаар гишүүдийн байр суурийг өнөөдөр сонсоё гэсэн байр суурьтай байгаа.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар: - Ерөнхий сайд байнга төсвийн тодотгол хийж байдаг. Та Төрийн албан хаагчдыг 15 хувь цомхотгоно гээд зарлачихсан. Эхлээд дэд сайдуудаасаа цомхотголоо эхэл. Түүнийхээ дараа төрийн албан хаагчдын асуудал руу орно биз. Монгол Ардын намтай 15 дэд сайдтай байна гэж тохирчихоод 17 болгосон. Үүнийгээ Та засчих. Монгол Ардын намтай байгуулсан гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуул. Хөрөнгө оруулагчид хэнд итгэдэг вэ гэвэл хэлсэн ярьсандаа хүрдэг, хэлснээ хийдэг хүнд л итгэдэг. Хүүхдийн цэцэрлэгийн мөнгө, хүүхдэд өгдөг мөнгөн дээр хэмнэлт битгий гарга. Өөр хасах зүйл олон бий.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: - 2015 онд орлого, зарлагаа танах хэрэгтэй байгаа. Одоо бид улс төрөө хойш тавиад хийх зүйлээ хийх ёстой. Нийгмийн халамжийн бодлого очих ёстой хүндээ очих асуудлыг бид орхигдуулж болохгүй гэдгийг мэдээлэлд хэлсэн. Дэд сайдуудын сэдвийг дахин дахин яриад, сандал ширээний асуудлыг яриад байх цаг биш. Одоо цаашид хийх ажлуудаа ярья. Хоёр намын тогтсон зүйл дээр үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй байгаа. Иймд сандал ширээ ярих асуудлаа хойш тавихыг хүсмээр байна. Цэцэрлэгийн хоолны болон одоо хүүхдэд өгч байгаа бүх мөнгийг үргэлжлүүлж өгнө. Харин хоолны чанарын асуудлыг байнга ярьдаг учраас эцэг эхчүүд ачааны зарим хэсгээс нь үүрэлцэе. Одоо өгч байгаа мөнгөө бууруулахгүйгээр дээрээс нь эцэг, эхчүүд хагасыг нь төлөөд хамт явцгаая гэсэн саналыг тавьж байгаа гэсэн үг.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт: - 2012 онд эдийн засгийн өсөлт 17,5 хувьтай байсан бол өнөөдөр 6 хувьтай болж гурав дахин багассан байна. Инфляци өссөн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 6 дахин буурч, Монгол Улсын нийт өр 2,2 дахин , Банкны системийн хугацаа хэтэрсэн зээл 6 дахин нэмэгдсэн. Долларын ханш 60 орчим хувиар өссөн гээд 2012 онтой харьцуулахад гэгээтэй гэрэлтэй зүйл байхгүй байгаа. Энийг та хэлэх ёстой. Харин хамтарчихаад таны хэлж байгаа асуудлыг ярих юм бол зөвшөөрөхгүй. Хамтарчихаад улам хүнд байдал руу явуулаад, Ардын намтай хамтарснаас ийм боллоо гэж ярина шүү дээ. Өнөөдөр уналтыг зогсоох гэж, улсаа дампууруулахгүй гэж хамтарсан болохоос ард иргэдээ бухимдуулах гэж, улам хүнд байдалд оруулах гэж хамтраагүй. Бодит шалтгаанаа тайлбарлаж өгөх хэрэгтэй.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: - Байдал таны хэлсэнтэй адил байгаа. Өнөөдөр үүсээд байгаа асуудлыг зөвхөн нэг Засгийн газар устгасан, ийм байдалд хүргэсэн гэвэл явцуу байдал руу орно. Өнөөдрийн хямралын асуудал нэг эх сурвалжаас эхтэй. Бид түүнийгээ мэднэ. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг хаасан. Үүнийг олон хууль, тогтоомжоор бий болгосон. Бид шууд түүнийгээ хэлэх хэрэгтэй. Стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулах гэсэн. Тэр нь амьдрал дээр эсрэгээр үйлчилсэн. Урт нэртэй хуулиудаа хэрэгжүүлэх гэсэн. Амьдрал дээр мөн л эсрэгээр хэрэгжээд явсан. Дээрээс нь 106 лицензийн асуудал болон Оюутолгой, Тавантолгой хөдөлж чадахгүй болсон, хэдийгээр эхэлсэн ч гэсэн дараа дараагийн шатны хөрөнгө оруулалтын асуудал нь шийдэгдэхгүй гээд энэ олон жилийн үйл явц маань өөрөө хөрөнгө оруулалтын асуудлыг 7,5 дахин мөнгөн дүнгээр буурууллаа. Түүний эсрэг бид зээлж авсан бондоороо, мөн эдийн засгийг тэлэх гэсэн оролдлогоороо, Монголбанкны идэвхтэй үйл ажиллагаа, мөнгөний бодлогоор давах гэж оролдлоо. Өнгөрсөн онд өсөлт хоёр оронтой тоонд хадгалагдсан. Гэхдээ нөгөө талд орж ирж байгаа урсгал бий болохгүй, түүхий эд унаж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадахгүй, хөрөнгө оруулалтын орчин сайжирч чадахгүй байдлыг авчирлаа. Нөгөө талаар төсвийн хариуцлага, бодлогоо өөрчлөхгүй бол болохгүй байна. Гарсан бодит байдал, шалтгаан ийм байна. Энэ гарсан оношоо эмчлэхийн тулд ямар арга хэмжээ авч явуулж болох вэ гэдгээ бид ярих ёстой.
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей: -Хямралыг ойрын хугацаатай холбож ярих юм бол сүүлийн дөрвөн жилийн бодлогын үр дагавар, дахиад цаашлуулж бодвол сүүлийн 10 жилийн бодлого, шийдвэрийн үр дагавар гэж харж байгаа юм. Яагаад гэхээр төсөв мөнгө хангалттай болохоор цамаан загнадаг, хомсдоод ирэхээр баахан өр, зээл тавьдаг. Тэгэхээр ийм нөхцөл байдалд хүрч, хүндэрснийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Яг энэ хүнд үед хамтарсан засаг байгуулагдаж, хувь заяатайгаа эвлэрээд хамтын шийдвэр гаргахаас өөр аргагүй болж байгаа. Ерөнхий сайдын мэдээлэлд санхүүгийн хямралд хүрсэн гэж дүгнэсэнтэй санал нэг байна. Төлбөрийн тэнцэл маш хүнд байдалд орсонтой мөн санал нэг байгаа. Ялангуяа худалдааны өсөлт сөрөг бууралттай, барилгын салбар мөн бууралттай байгаа нь илүү хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Ерөнхий сайд онош нь тодорхой байна, эмчлэх бас боломжтой гэж өөдрөг дүгнэлт хийсэн. Мөн хүндрэлээс гарах гол гол чиглэлүүдийг хэллээ. Ихэнхдээ үүнд санал нийлж байгаа. Гэхдээ эдгээр шийдвэрийг гаргахад зарим гишүүдийн хэлсэнчлэн тийм ч амар биш. Ихэнх шийдвэр Улсын Их Хурлын түвшинд ирж байж гарна. Тэгэхээр шийдвэрээ гаргах хамгийн урьдчилсан нөхцөл бол тавьж байгаа зорилт, арга замаа эхний ээлжинд Засгийн газрын кабинеттаа сайн ойлгуулж, санал нэгтэй байж, кабинет нь кабинетын зарчмаар ажилласан тохиолдолд гарна шүү дээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд: -Зэс, нүүрс, алтны үнэ нэмэгдсэн монголын эдийн засагт ямар нэгэн бүтцийн өөрчлөлт гараагүй байхад 68 хувийн татвар нэмж Улсын Их Хурал орлоготой болж эхэлсэн. Ингээд орлогоо нэмэгдсэнээс илүү хэмжээгээр зарлагддаг болсон, бялхаж эхэлсэн, янз бүрийн зүйл бодож олж мөнгө өгдөг болсон. Хүүхдэд, шинэ гэрэлсэн , зүгээр байж байхад нь 21000 төгрөг өгөх гээд, заримыг мартаж эхэлж байна л даа. 2004 онд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад төрийн албан хаагчдын тоо 124 мянга байсан. Одоо 180 гарч 60 шахам мянгаар нэмсэн. Сүүлийн 10 жилд төсвийн орлого, зарлага, эдийн засаг гурвуулаа 10 дахин нэмэгдсэн. Зарлага бол 12 дахин нэмэгдсэн байгаа. Үргэлж зарлагаа давуулж зарцуулж ирсэн. Одоо хэн нэгэн хүнийг буруутгаад нэрийг нь хэлэх юм бол 2004 оноос хойш маш олон Ерөнхий сайдын нэрийг хэлнэ. Маш олон намын нэрийг хэлнэ. Үүний учрыг олох гэж явах юм бол цагийн гарз болно. Ийм зүйл хийснээ Ерөнхий сайд анх удаа Улсын Их Хурлын чуулганд хэлж байгаа нь өөрөө сайн хэрэг. Сүүлийн 10 жилийн мөнгөө хэрхэн буруу менежмент хийсний тайлан байгаа. Ерөнхий сайдын хэлсэн олон зүйл ажил хэрэг болохгүй байх магадлал байгаа. Тэр нь яагаад гэвэл энэ танхимд сууж байгаа 76 гишүүний олонх нь дэмжиж кнопоо дарахгүй бол аль нь ч ажил болохгүй. Зүгээр мөрөөдөл болоод дуусна. Засгийн газар ч хичээх хэрэгтэй. Улсын Их Хурал ч гэсэн ямар байдалд орсонтойгоо адилхан “нэг хуудсан дээр очно” гэж ярьдаг. Тэрэн дээрээ очих хэрэгтэй байна. Зарим гишүүдийн үгнээс ерөөсөө юу ч болоогүй, сайхан юм шиг энийг ч цомхотгож болохгүй, тэрийг ч цомхотгож болохгүй, тэрний маань мөнгө хэцүү шүү гэсэн яриа цухалзаж байна. Тэр бол нэг хуудсан дээр очоогүй байгаагийн шинж л дээ. Хуучин шигээ үргэлжилж болохоор юм шиг бодоод байгаа юм. Тэгж болохгүй цэг рүүгээ бид оччихсон. Одоо хэцүү ч байсан сая Ерөнхий сайдын хэлсэн алхамуудыг хийхээс өөр аргагүй. Хийхгүй байх арга бас байна. Үргэлжлүүлэн зээл аваад зээлийнхээ хүүнд гүйцэгдээд, ирээдүйд олж магадгүй төсвийн орлогоо одоо зээлж идээд өндөр хүү төлөх. Дэлхийн хөрөнгийн зах зээл “Чингис бонд”-ыг авч байсан шиг 4.5, 5.5 хувь одообайхгүй болсон. Өндөр хүүтэй зээл нь. Аль замыг сонгохоо Улсын Их Хурлын гишүүд 2015 оны төсвийн тодотгол ирэх долоо хоногт хэлэлцэгдэж эхлэхэд үүнийгээ ойлгомжтой илэрхийлэх хэрэгтэй. Хуучин шигээ байхгүй орлогоо бичээд, зарцуулаад дүр үзүүлээд явах уу, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, мөнгөтэй байх үедээ бий болгосон олон татаас, халамж, хавтгайрсан, хүн болгонд өгдөг зүйлээсээ татгалзаж чадах уу гэдэг л асуудал байгаа юм. Улсын төсөв гэдэг бол хязгааргүй тоо биш гэдгийг төсвөө гурван жил дараалан нэг их наядаар бүрдүүлж чадаагүйнхээ дараа ойлгож байгаа нь бас л оройтсон ухаарал. Ирэх долоо хоногийн даваа гарагт 2015 оны төсвийн тодотгол өргөн баригдана. Түүн дээр Ерөнхий сайдыг саяын ярьсан бүх зүйлээ оруулж ирэхийг хүсч байгаа. Гишүүд аль замыг сонгох нь хэлэлцүүлэг дээр харагдана. Ерөөсөө цомхотгол хийхгүй сайхан дүр үзүүлээд триллион төгрөг зээлээд явах уу, санхүүгийн хариуцлагатай улс болж цаашаа алхах уу гэдгээ нэг утгатайгаар хэлэх хэрэгтэй. Өвчтэй хүнийг өвтгөхгүйгээр өвчнийг эдгээх арга байхгүй. Хэцүү ч гэсэн энэ алхамаа бид хийх ёстой. Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч, санал хэлж дууссаны дараа чуулганы хуралдаан өндөрлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ