Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлав

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсний дараа Төсвийн байнгын хороо хуралдан дээрх төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийх үеэр асуух асуулттай болон саналаа хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр нэгдсэн хуралдаанаар гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийн төслүүдийг батлахыг дэмжлээ.

Үүний дараа төсвийн тодотголыг дагалдуулан өргөн барьсан Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн явцад тухайлан санал хэлэх болон асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Б.Болор гишүүн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв. Гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд дөрөвдөх хэлэлцүүлгийг хийн хуулиудад өөрчлөлт орсон зүйл, заалтуудыг нэг бүрчлэн уншин танилцуулан санал хураалт явуулсны эцэст төслүүдийг эцэслэн баталлаа.

Дараагийн хэлэлцэх асуудал нь Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Төсвийн байнгын хорооноос төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд дэмжин, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ