Монголчуудын "Дэлхийн мисс"
20 гаруй хоногийн турш үргэлжилсэн "Дэлхийн мисс 2014" тэмцээний финал өчигдөр Лондон хотын "Excel" ордонд болж өнгөрлөө. Тэмцээний ялагчаар Өмнөд Африкийн гоо бүсгүй Rolene Strauss тодорч титмийн эзэн болсон юм.
Манай улсыг төлөөлж оролцсон Төрбатын Батцэцэг шилдэг топ модель төрөлд 20 дугаар байр, дэмжигчдийн санал асуулгаар 21 дүгээр байр, спортын төрөлд 29 дүгээр байр эзэлсэн бөгөөд харамсалтай нь бусад төрөлд эхний байруудад шалгараагүй учир шигшээд багтаагүй юм.
Шилдэгт багтаж, миссийн титэм зүүгээгүй ч Т.Батцэцэг монголчуудыг нийтээр нь догдлуулж нэгэн зүгт харуулж, омогшуулж чадсан юм. Финалын нээлтэн дээр дэлхийн 121 орны бүсгүйчүүдээс сонгогдож бүжиглэсэн 8 бүсгүйн нэг манай мисс Т.Батцэцэг байсан юм. Тэрээр үндэсний дээл хувцсаар гоён, гартаа бийр барин хөөмийн аян дээр бүжиглэсэн бөгөөд дэлхийн гоо бүсгүйчүүдээр монгол биелгээг "биелүүлсэн" байна.
Түүний цахим хуудас урмын, талархлын үгээр дүүрсэн бөгөөд хайрлаж хүндэлж, хэзээд дэмждэг элэг нэгт ахан дүүс нь түүнийг сэтгэлдээ аль хэдийнээ "Дэлхийн мисс"-ээр өргөмжлөөд амжжээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ