Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан 15 цагт эхэлж, үдээс өмнөх хуралдаанаар баталсан хэлэлцэх асуудлын дагуу эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудлын талаарх байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг танилцуулахын өмнө Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат горимын санал гаргаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Цэцийн 06 дугаар дүгнэлтийн заалт тус бүрээр санал хураахаар болов.
Үндсэн хуулийн цэцээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…Хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргаад байсан билээ.
Хууль зүйн байнгын хороо өмнөх хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд дүгнэлтэд дурьдагдсан Үндсэн хуулийг зөрчсөн гэх гурван заалтыг заалт тус бүрээр санал хураалгахаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан ч хамтад нь хурааж шийдвэрлэсэн тохиолдол гарсан юм. Иймд Улсын Их Хурал, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу энэ удаагийн хуралдаанаараа гаргасан шийдвэрээ залруулан заалт тус бүрээр санал хурааж шийдвэрлэхээр тогтсон.Ийнхүү дээрх Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх асуудлаар санал хураахад эхний хоёр заалтыг хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэв. Харин гуравдугаар буюу “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эсвэл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51.3 дахь хэсэгт заасан хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно гэсэн заалтыг зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох хуульд өөрчлөлт орууллаа.
Үүний дараа Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд найруулгын шинжтэй зарим саналуудыг тусгасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу соёрхон батлах болон нэгдэн орохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Уг хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцээд Засгийн газарт эрх олгохыг дэмжээд байсан юм.
Хуралдааны төгсгөлд Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудал байв.
1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан шинэчлэн найруулж төслийг боловсруулсан байна.
Гишүүд, хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлж дууссаны дараа хурал даргалагчийн зүгээс завсарлах цаг нэгэнт болсон тул хэлэлцүүлгийг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлье хэмээн мэдэгдсэнээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ