С.Бямбацогт: Олон суудалтай нам ачаагаа үүрээд явах ёстой
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрээр Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг чуулганаар хэлэлцэхэд МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй шалтгааныг тайлбарлав. Тэрээр "2012 оноос өнөөдрийг хүртэлх хоёр жилийн турш ажиллаж байсан Ерөнхий сайд маань улс орны ард иргэдийн амьдрал, эдийн засгийн нөхцөл байдлыг доройтуулсан. Үүнд нь УИХ хариуцлага тооцож огцруулсан. Энэ танхимд ажиллаж байсан ЗГХЭГ –ын дарга Ч.Сайханбилэг гэдэг хүн дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшиж орж ирлээ. Бид энэ хямралт байдлыг бий болгосон хүнийг дэмжихгүй гэдэг байр сууриа албан ёсоор илэрхийлсэн. Өнөөдөр манай оронд үүсээд буй хямралт байдлыг бий болгосон УИХ –д байгаа олонхы суудалтай нам, эвслийн бүлгүүд хариуцлагаа хүлээх ёстой. Энэ үүднээсээ асуудлаас зугтахгүйгээр, ачаагаа олонх маань үүрэх ёстой гэж үзэж МАН өнөөдрийн хуралд оролцоогүй юм. Олонх улс орныхоо төлөө зав бодлогыг хэрэгжүүлж чадсангүй" гэсэн юм.
-Ямар бодлогыг зөв бодлого гэж ойлгох вэ?
-Улс орны эдийн засаг хүнд байдалд орсон. Улс орноо хөгжүүлэхийн тулд шийдэх ёстой олон асуудлууд байна. Нэгдүгээрт улстөржихгүй байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт үндэсний зөвшилцөл, ойлголцолын асуудал байна. Төрийн тогтвортой бодлоготой байх хэрэгтэй байна. Тэр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд намууд ажиллаасай.
-Цаашдаа Ардын нам төрийн үйл ажиллагаанд яаж оролцох вэ?
-УИХ-ын үйл ажиллагаанд манай намын бүлэг идэвхтэй оролцож байгаа. Хамгийн сүүлд эрх баригч нам Ерөнхий сайдын асуудлыг бүтэн 14 хоног ярьж төсвөө чхэлэлцэх сөхөөгүй байх үед МАН санаачлага гаргаж улс орны 2015 оны төсвийг цаг хугацаанд нь батлуулсан. Бид улс орон, ард түмнийхээ төлөө цаашдаа идэвх санаачлагатай ажиллах болно.
-Шинэ Ерөнхий сайдын тухайд ямар бодолтой байна вэ?
-Сая чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг хямралыг даван туулахын төлөө ажиллана гэдгээ хэлж, улс орон хямралтай байгааг хүлээн зөвшөөрлөө. Өмнө нь энэ хүмүүс Ардын нам л дандаа бүхнийг харлуулах юм гэдэг байсан. Харин Ч.Сайханбилэг хямралаас гаргахын тулд бүх анхаарлаа чиглүүлнэ гэж хэлсэн нь алдаагаа хүлээн зөвшөөрсний илэрхийлэл юм.
-Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанд Ардын нам оролцсонгүй. Засгийн газарт Ардын нам хамтрахгүй гэж ойлгож болох уу?
-УИХ-д олон суудалтай нам ачаагаа үүрээд явах ёстой. Асуудлыг өөрсдөө бий болгосон, өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Сайдад нэр дэвшигчдийн асуудлыг шийдэх үед танай бүлэг чуулганы хуралдаанд оролцох уу?
-Тэрийг бол бид тухайн үед хоорондоо ярилцаад шийдэх зүйл. Тухайн нэр дэвшиж буй сайд нараас хамаарна. Бид зөв бодлогыг дэмжиж, буруу бодлогыг шүүмжилж ажилладаг. Шинэ Засгийн газрын зөв бодлогыг дэмжинэ. Харин өмнөх шигээ буруу бодлого явуулбал хариуцлагын асуудал дахиад яригдана.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ