Ч.Сайханбилэг: Си Зиньпиний амласан нэг тэрбумын зээлийг авна
Ч.Сайханбилэгийн Ерөнхий сайд болоод хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгтэй, хариуцлагатай албанд томилох шийдвэр гаргасан Ардчилсан намын болон Ардчилсан намын ҮЗХ-ны нийт гишүүд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн бүх гишүүдэд, 2012 оноос эхлэн хамтарсан Засгийн газрыг байгуулан хүчин зүтгэж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслэл, эвслийн бүлгийн бүх гишүүд, ИЗНН-ын парламент дахь гишүүд, бие даагч гишүүддээ болон өнөөдөр сэтгэлийнхээ үг, захиас, саналыг харамгүй хайрласан та бүхэндээ юуны өмнө гүн талархлаа илэрхийлье.
Мөн нэг их зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр хамтран нэг баг болж зүтгэсэн Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуяг, Засгийн газрын нэг танхимын нийт нөхөддөө сайн сайхныг хүсч, та бүгдийн бүтээлч, хөдөлмөрч, уйгагүй, шинэчлэлийн бусад ажлуудыг үргэлжлүүлэн ажиллана гэдгээ илэрхийлж байна. Өнөөдрийн санал хураалтад хэдийгээр оролцоогүй ч УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар бүтэн зургаан цагийн турш улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замын олон асуудлаар санал нэг байсан МАН-ын бүлгийн гишүүд та бүхэнтэй ч улс орны эрх ашигтай холбоотой олон чухал асуудлаар цаашид хамтран ажиллах шаардлага гарна гэдэгт итгэж байгаагаа энэ дашрамд илэрхийлье.
Надад их итгэл хүлээлгэн, намайг УИХ-д зөвшилцөн оруулж, хэлэлцүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид талархлаа илэрхийлэхийн ялдамд хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын шинэ даргаар сонгогдсон УИХ-ын даргад баяр хүргэж, Монгол Улсын үндэсний эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө та бүхэнтэй мөр зэрэгцэн, нэг баг болж, их үйлсийн төлөө хамтран зүтгэж чадна гэдгээ энэ индрээс илэрхийлж байна.
Монгол Улсын шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд шинэ Засгийн газар чухам юуг хийж бүтээх талаар товч үг хэлье.
Хүн бүр янз бүрээр ярьж, хэлж, маргалдаад байгаа хүндрэлтэй, хэцүү байдал, эдийн засгийн эсвэл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эцэс төгсгөлгүй маргаанаа орхиод улс орон хямралтай байгаа гэдгийг юуны өмнө шууд хүлээн зөвшөөрцгөөе.
Төгрөгийн ханш суларлаа, хөрөнгө оруулалт огцом буурлаа, аж ахуйн нэгжүүд хаалгаа барилаа, өрийн сүлжээ газар авлаа гэсэн эцэс төгсгөлгүй олон зүйлсийг бид дахин нуршмааргүй байна. Харин одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг ч нь чухал. Шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүлэх, гол чиглэл юу байх вэ.
Шинэ Засгийн газар гурван чиглэлд ач холбогдол өгч ажиллана. Үүнд, нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, мөн эдийн засаг байх болно. Эдийн засгийн энэхүү асуудлыг шийдвэрлэх угтвар нөхцөл нь улс төрийн тогтвортой байдал, дагавар үр дүн нь ард иргэдийн аж амьдрал байх болно. Шинэ Засгийн газрын гурван гол шинж. Нэгдүгээрт, зөвшилцлийн Засгийн газар, хоёрдугаарт, шийдлийн Засгийн газар, гуравдугаарт шуурхай Засгийн газар байх болно.
Нэгд, энэ хямралаас бид зөвхөн олон жил хурсан хүнд асуудлуудыг шийдвэрлэж байж л гарна. Хүнд шийдвэрийг гаргахад хүссэн хүсээгүй парламент дахь дийлэнх олонхид тулгуурлах учиртай.
Хоёрт, бидний гаргах шийдвэрийг хэзээ ч 100 хувь хүлээж авахгүй нь ойлгомжтой. Зарим шийдвэр өнөөдөр утгагүй, алдаатай мэт санагдавч маргааш нь үр дүнгээ өгөх шийдвэрүүд биднийг хүлээж байгаа. Улс төрөөс болж олон жил хойш тавьсан энэхүү хэцүү шийдвэрүүдийг гаргаж гэмээн хямралаас гарах хугацаа наашилна. Гол нь шийдвэр гаргах чадвар, зориг зүрх бүхий шийдлийн Засгийн газар бий болох учиртай.
Гуравдугаарт, танхим шуурхай ажиллах ёстой. Эдийн засгийн чухал асуудлыг штабын маягийн зохион байгуулалттай, хурдаар шийдвэрлэх ёстой. Шинэ Засгийн газарт цаг хугацааны “Аль болох хурдан” гэдэг ганцхан хэмжээс үйлчлэх болно.
Ерөнхий сайдын зүгээс өдөр тутмын салбарын асуудлуудын эрх мэдлийг сайдад бүрэн шилжүүлж, зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудад гол анхаарлаа хандуулна. Ийм сайд болгон салбартаа Ерөнхий сайд шиг ажиллах ёстой. Бид үүсээд байгаа хямралаа зөв оношлох хэрэгтэй бөгөөд энэ нь мэдээж гадаад хүчин зүйлтэй холбоотой гэдгийг хэлсэн.
Манай гол экспортлогч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсан, нүүрс, төмрийн хүдрийн үнэ унасан. Саяхнаас алтны үнийн огцом уналт байдлыг улам дордуулж байна. Гэхдээ энэ хямралын гол буруутан нь бид өөрсдөө. Өнөөдрийн энэ хямрал нэг өдрийн дотор бий болчихоогүй. 2007-2008 оны нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрүүхэн хугацаанд олсныхоо хэрээр зардлаа өсгөдөг муу занд сургаж амжсан.
Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал биднийг дандаа ийм байх юм шиг, дангаараа бид хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүмүүст бий болгосон. Сонгуулийн бэлэн мөнгөний том амлалтууд, түүний хэрэгжилт, улс төр тойрсон популизм, арилжааны зээлийг бүхлээр нь авч, бэлнээр тараадаг шинэ үзэгдэл өнөөдрийн энэ байдлын үндсэн шалтгааны нэг болсон юм. Нөгөөтэйгүүр эргэн харахад гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх чиглэлээр бид хамтдаа нэлээд хүчин зүтгэл гаргаж иржээ. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө стратегийн салбарын хөрөнгө оруулалтын тухай хууль, “Урт нэртэй” хуулиудыг баталж, хөрөнгө оруулагчдаа бид цочирдуулсан. Хайгуулаар орж ирдэг хөрөнгө оруулалтынхаа урсгалыг зогсоосон. 106 лицензийг шүүхээр цуцалж, түүнийг тойрсон олон үр дагавар, Оюутолгойг тойрсон эрүүл бус улстөржилт, Тавантолгойн төслийг гацаасан үйл явдлын үр дүн, улстөрчдийн цагаа олоогүй, популизм нэвт ханхалсан хэвлэлийн бага хурлууд, гадна дотны хөрөнгө оруулагчдыг хорьсон, барьсан, цагдсан хууль хяналтын байгууллагатай холбоотой мэдээллүүд. Энэ бүхнийхээ төлбөрийг бид өнөөдөр өөрсдийнхөө халаасанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийнхөө аажмаар буурч байгаа дүр зургаараа төлсөөр байна.
Одоо улс төрөө хойш тавьж, ултай, суурьтайгаар асуудлаа шийдэх цаг болжээ. Энэ хямралыг бид өөрсдөө бий болгосон. Энэ хямралыг бид өөрсдөө засах ёстой. Энэхүү хямралаас яаж гарах вэ. Хямралаас гарах үйл ажиллагаагаа хоёр төвшинд авч үзэх ёстой.
Нэгдүгээрт, урт болон дунд хугацаанд хийх ажлууд.
Бид эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон. Нартай өдөр найрлаж, бороотой өдрүүдэд нь нөмгөн суудаг байдлаасаа одоо гарцгаая. Бороотой өдрүүд эхлэхэд хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрдслийн шуурхай удирдлагатай эдийн засгаа одооноос бий болгох учиртай. Эдийн засгаа солонгоруулах бодлогоо жинхэнэ ажил хэрэг болгоцгооё.
Эхний ээлжинд аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй. Тэр дундаа мах, ноолуурын салбараа уул уурхайгаа зэрэгцүүлж хөгжүүлье. Урт болон дунд хугацааны бодлогоо зангидах эдийн засгийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд эрдэмтэн, судлаачид, эдийн засагчид, бизнесийнхэн, гадна, дотны зөвлөхүүдийг оролцуулан байгуулах болно. Хоёрдугаарт, ойрын хугацаанд хийх ажлаа танилцуулъя.
Энэ ажлын үндсэн суурь нь 2014 оны УИХ-ын 34 дүгээр тогтоолд заасан арга хэмжээнүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаа болох учиртай. Юуны өмнө хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл хоёрын зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгоно. Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг боловсруулж, энэ хүрээнд төсвийн зохистой бодлого болон өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах арга хэмжээг тусгах болно. Бидэнд өнөө маргаашдаа бэлэн мөнгөний шинэ урсгал яаралтай бий болгох бодит шаардлага байна. Энэ оны эхнээс эхэлсэн ажлаа дуусган, хөрөнгө оруулалтын сангаа байгуулна. Мөн зарим арилжааны банкны гаднаас хөрөнгө босгох, одоо яригдаж байгаа ажлыг Засгийн газрын зүгээс идэвхтэй дэмжинэ. Мөн зарим томоохон төслийг хөдөлгөснөөр урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийднэ. Ингэснээр америк долларын ханшийн өсөлтийн эсрэг эерэг дохиог зах зээл дээр өгөх юм.
Нөгөө талаас долларын ханшид сар тутам 100 сая ам.долларын дарамт учруулдаг шатахууны импортод яаралтай хоёр арга хэмжээ авах шаардлагатай байна. Ирэх арванхоёрдугаар сард багтаан ОХУ-ын төв банктай рублийн своп хэлцэл байгуулна. Нөгөөтэйгүүр ОХУ-тай хийх гадаад худалдаагаа рублээр хийдэг тогтолцоонд шилжүүлнэ.
Ингэснээр манай долларын хамгийн том зардал болох шатахууны зардал рубльд шилжиж, ханшид шууд эерэг нөлөө үзүүлэх юм. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монголд айлчлах үеэрээ амласан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг бид авч, эргэлтэнд оруулах учиртай. Бид цаашдаа алдаан дээрээсээ суралцан 30, 40 жилийн дараа төлөгдөх бага хүүтэй, урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр зам, төмөр зам болон дэд бүтцийн удаан хугацаанд үр ашгаа өгдөг төслүүдийг санхүүжүүлнэ.
Харин бондын, богино хугацаатай, хүү харьцангуй өндөр зээлээр үйлдвэрийн төслүүдээ санхүүжүүлж байх зарчимд шилжицгээе. Дээрх хөнгөлөлттэй зээлүүдийг авснаар зам болон төмөр замд хийсэн Чингис бондын хөрөнгөө суллаж авах бололцоотой болох юм. Суларсан бондын хөрөнгөө хувийн хэвшлийнхэнд чиглэсэн хөрөнгө оруулалтын баталгааны сан байгуулах, үр ашиг бүхий экспортыг дэмжсэн, импортыг орлосон үйлдвэрлэлийн төслүүдийг санхүүжүүлэх, 2017 оноос эхлэх бондын төлбөрийг төлөх бэлтгэлээ хангахад тус тус зориулах боломжтой болно.
Хамгийн гол нь хямралаас бид хувийн хэвшил, хувийн бизнесийг дэмжсэн бодлогоор л гарна. Бизнесийн орчинг ээлтэй болгох бодлогоо эрчимжүүлж, тусгай зөвшөөрөл, лицензийн хуулиа баталж, хяналтын реформоо дуусган, бизнесийнхэнд үзүүлж буй хууль, хяналтын байгууллага, татварын гаалийнхны дарамтыг хөнгөлснөөр бодитой үр дүнд хүрэх ёстой. Энэ хүрээнд Эдийн засгийн ил, тод байдлын тухай хуулиа бид бас батлах ёстой. 2008-2009 оны санхүүгийн хямралын үед бусад орнуудад үр дүнтэй хэрэглэсэн “Bail Out”-ын аргыг одоо бид хэрэглэх цаг болсон. Компаниуд банкнаас нэмж зээл авах, барьцаалах хөрөнгө үндсэндээ байхгүй болж, бие биендээ авлага, өглөгийн асар том сүлжээг үүсгээд байна. Иймд компанийн хувьцаа, өөрийн үнэлгээг барьцаалан зээлжих шинэ бололцоог энэхүү арга хэмжээний хүрээнд бий болгож, үр дүнд хүрэх учиртай.
1990-ээд оны эхээр хүн болгон ганзганд гарч байсан шиг компани болгон гаднаас хөрөнгө босгохоор гарах цаг иржээ. Манай хувийн хэвшлийнхэн хүч, хөдөлмөрөө гарган Тэвшийн говийн болон Бөөрөлжүүтийн тус бүр 600 мегаватт цахилгаан станцын төсөлд нийт 2 гаруй тэрбум ам.долларын хөрөнгийг өөрсдөөсөө гаргахаар, босгож чадлаа. Цаашид энэ мэтийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтуудыг дэмжиж, төрөөс баталгаа гаргах тусгай санг яаралтай бий болгох шаардлагатай байна. Импортын бодлогоо түр орхиж, төр засгийн бодлогоор үндэсний компаниудаа гаргаж ирэх цаг болжээ. Ийм компаниудын ард 1000 дунд хэмжээний, тэдний ард 10 мянган жижиг аж ахуйн нэгж өөрөө өндийх болно. Орон сууцны моргейжийг бид ярьж, эхлүүлж чадсан. Одоо жижиг, дунд бизнесээ дэмжин бизнесийн моргейжийг гаргаж ирэх цаг нь болжээ. Бид том төслүүдээ урагш нь түлхэнэ.
Хос төмөр зам барих, талын зам төслүүдээ урагшлуулж, ирэх жилдээ 900-1200 мегаватт бүхий цахилгаан станцын хоёр төслөө эхлүүлнэ. Улаанбаатарын хурдны зам, шинэ онгоцны буудал, нисэх буудлын хурдны зам болон Дорнод, баруун таван аймгийг холбосон автозамын төслүүдээ 2016 оноос өмнө амжуулна.
Монгол руу хөрөнгө оруулах сонирхол бүхий 180 компаниас авсан судалгаагаар 140 нь “Оюутолгой, Тавантолгойн асуудал хэрхэн шийдэгдэхээс тэдний шийдвэр шалтгаална” гэж хариулсан байна. Бид урт нас, удаан жаргалтай энэ хоёр төслөө улс төрийг нь орхиж, эдийн засаг, бизнесийн утгаар нь хүссэн хүсээгүй шийдэх учиртай. Шинэ Засгийн газар энэ хоёр төслийг хөдөлгөх шийдвэрээ удахгүй УИХ-д танилцуулан, нэг тийш болгоно. Оюутолгой, Тавантолгойн араас Засгийн газар дэлхийн санхүүгийн төвүүд болох Хонконг, Нью-Йорк, Лондонд хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг хувийнхантайгаа хамтран зохион байгуулж, Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлэх идэвхтэй үйл ажиллагааг явуулна. Бид олон жил Оюутолгой, Тавантолгой гэж ярилаа. Одоо ядаж 2-3 стратегийн шинэ орд газрыг нэмж хөдөлгөх цаг болсон. Ингэж байж л баялгийн сан зохих хөрөнгөтэй болно. Монгол хүн бүрийн гар дээр байгаа хувьцаа үнэтэй, утгатай болно.
Гадны хөрөнгө шууд орж ирдэг хайгуулын үйл ажиллагааг зөв зохион байгуулах учиртай. Зэрлэг капитализм шиг хэн дуртай нь, хаана ч хамаагүй ухах бус үе шаттай, зөв зохион байгуулах, тодорхой зарчим дээр суурилсан бодлоготойгоор энэ ажлаа ирэх хавраас эхлүүлэх бэлтгэлийг хангана.
Саяхан УИХ 2015 оны төсвийг ялангуяа урсгал зардал талдаа нэлээд танаж баталсан. Зөв зүйтэй энэ алхмыг үргэлжлүүлж, хүссэн хүсээгүй шинэ Засгийн газар ирэх оны төсвийг орлого талд нь дахин нэг их наяд төгрөгийг асуудлыг төсвийн тодотголд тусгаж, бодитой болгож, бууруулахаас өөр аргагүй. Мэдээж шинэ орлогын эх үүсвэр орж ирвэл бид зарах зүйлээ олж болно. Гэхдээ одооноос бид асуудлаа амьдралд ойртуулж, бодитой төлөвлөх ёстой. Хөрөнгийн биржээ хөдөлгөөнд оруулж, хоёр дахь зах зээл, хувийн хэвшил, иргэдээ дэмжих асуудлыг барьж авах цаг болсон. Төрийн өмчийг эзэнжүүлэх асуудал бидний гол анхаарлаа хандуулах асуудал. Хувьчилсны дараа төр ядаж 51 хувийг эзэмшдэг одоогийн хуулийг шинэчилнэ. Төр үнэхээр хувь эзэмших шаардлагатай бол хяналтын багцын 34 хувь байхад л хангалттай. Харин тухайн компанийн өмчийн 51 ба түүнээс дээш хувийг хувийнхан эзэмшиж, менежментийг нь хариуцдаг шинэ зарчимд шилжинэ.
Хувьчлалын дараа төрийн өмчүүдээ нэгтгэн Сингапурын “Темасек” маягийн тогтолцоонд шилжин хувь, хувьцаа, хөрөнгө, хэрэглээн дээр нь суурилсан шинэ баялгийн санг байгуулж, ард иргэдээ хөрөнгөжүүлэх нь манай хөгжлийн зөв зам байх болно. Төрийн өмчийг эзэнжүүлэх асуудал зөвхөн бизнесийн салбараар хязгаарлагдахгүй. Нийгмийн салбарт хувьчлалыг эхлүүлж, үйлчилгээнд компанийн засаглалын шинжийг нэвтрүүлэх гол реформыг бид эхлүүлнэ. Биднийг 2015 онд зөвхөн бондын эргэн төлөлт хүлээж байгаа ч юм биш. Нийгмийн даатгалын сан дээрх өр төлбөр 2017 оны суурийг бид өөрчилж эхэлнэ. Иймд нийгмийн даатгалын санг шинэ зохион байгуулалтад оруулж, менежментийг нь өөрчилснөөр хөрөнгө оруулалтын сангийн шинэ төрхөнд оруулна. Ингэснээр 2017 оноос бондын өрнөөс гадна нийгмийн даатгал гэсэн дараагийн нуман тулгуураас гарах эхлэлээ бид одооноос баталгаажуулах учиртай.
УИХ-ын эрхэм гишүүд ээ.
Уинстон Черчил дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн Английн ард түмэнд хандан хөлс, цус, нулимс гурвыг л амлаж чадна гэж хэлж байсан. Түүнтэй адил энэ хямралаас бид ойлголцол, шийдэл, зүтгэл гурваар л гарч чадна. Засгийн газар үнэхээр зовлонтой шийдвэрүүд гаргахаас өөр аргагүй болно. УИХ ч улс орноо бодож, улс төрөө хойш тавьж, биднийг дэмжиж өгөөрэй гэж хүсье. Зарим хүмүүсийн ярьдагчлан бид хийдгийн хомсдолд ороогүй. Бид шийдвэр гаргалтын хомсдолд ороод байна. Засаг солигдох саяны хоёр долоо хоногт хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөд жинхэнэ амралтын улирал өнгөрлөө. Нийгэм асар их талцаж, арай дэндүү улстөржлөө. Одоо ах дүү нараа, амралтын улирал өнгөрсөн. Хүнд хэцүү, хямралаас гарах ажлын үе эхэлж байна. Бөхийн ямар ч засуул атаархмаар бие биенээ цоллохоо больж, ажил бизнес ахуй амьдралаа дээш татах ажилдаа шамдан орцгооё. Хүн будах биш, ажил бодох цаг ирлээ. Хувь хүн, хувийн хэвшил, төр засаг дор бүрнээ шамдацгаая. Одоо цалгардаж болсон. Яам, тамгынхан өнөөдрөөс эхлэн үндсэн ажилдаа орцгоо. Өнөөдөр засгийн газрын ээлжит бус хуралдаан болно. Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд одоо танхимаа бүрдүүлэх ажилдаа шууд орно. Ардчилсан намын ҮЗХ-ноос өгсөн чиглэлийн дагуу бид парламентад суудалтай бүх улс төрийн хүчинтэй шинэ Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцөнө.
Нэг хэсэг нь эрх барьснаараа, нөгөө хэсэг нь хурц шүүмжилснээрээ рейтинг, нэр хүнд нь суга өссөн зүйл хэнд нь ч алга. Харин улс төрийн намуудын энэ их талцалд гутарсан, итгэл алдарсан хүмүүс л нэмэгдэх хандлагатай байна. Энд манай, танай гэдэг эрх ашгаас илүүтэй даамжирч мэдэх хямралыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал чухал. Нөгөөтэйгүүр улс төрийн намуудаас илүү зохион байгуулалтын болон хүний нөөцийн олонлог, хариуцлагаа бүрэн ухамсарлаж, хүлээдэг өөр хүчтэй нэгдэл байхгүй гэдгийг нийгэмд ойлгуулах журам дүрэм л биднийг хүлээж байна. Энэ үүргийг бид олонхи цөөнх болж, хагарч бутрах бус хамтарч, нэгдэх замаар л биелүүлж чадна. Бид 2008-2009 оны үүнээс хүнд санхүүгийн хямралыг хамтдаа давж гарч ирсэн.
Монгол Улс маань гуравхан сая хүн амтай. Аравхан тэрбум ам.долларын эдийн засагтай. Бодлогын зөв өөрчлөлт, гацсан ганц, хоёр асуудлыг байрнаас нь хөдөлгөж, эхэлсэн, урагшлуулсан ганц хоёрхон том төсөл бидний өнөөдрийн хямралт байдлыг эрс өөрчлөх болно. Тийм учраас үүрэг хариуцлагаа ухамсарлая. Хэрэгтэй шийдвэрүүдийг зориг, зүрхтэй гаргацгаая. Өөдрөг байж, итгэл үнэмшлээ эргүүлж олж авцгаая. Хамгийн гол нь эв нэгдлийг эрхэмлэж, хамтдаа зүтгэцгээе.
Монгол орныг минь хөх тэнгэр мөнхөд ивээх болтугай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ