Ч.Сайханбилэг: Хүлээж авах, хамтрах эсэх нь тухайн намын эрхийн асуудал
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 51.2 хувийн ирцтэй эхэлсэн. Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн талаар танилцуулсан юм. Харин МАН-ын бүлгийн гишүүд Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж чуулганы хуралдаанд суугаагүй байна. Тус бүлэг Байнгын хорооны өчигдрийн хуралдаанд ч суугаагүй. Гэсэн ч Ерөнхийлөгч МАН-ынханд хандаж ямар нэгэн үг хэлсэнгүй.
Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсны дараа гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгээс асуулт асууж байна.
Эхлээд бие даагч гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө, Засгийн газрын бүрэлдэхүүнээ хэрхэн бүрдүүлэх гэж буй талаар асуулаа. Ч.Сайханбилэг хариулахдаа “Хямралын талаар эрхэм гишүүнтэй ижил байр суурьтай байна. Хуульч хүн Ерөнхий сайдаар томилогдох гэж байгаа хоёр дахь тохиолдол энэ байх. Сайн менежер байж чадна” гэсэн хариулт өглөө.
Дараа нь Ц.Оюунбаатар гишүүн мөн л хямралын эсрэг ямар төлөвлөгөөтэй байгааг нь сонирхоод, “Мэргэжлийн ёс зүйтэй Засгийн газар байгуулж чадах уу, авлигад идэгдээгүй, ёс зүйтэй хүмүүсээр танхимаа бүрдүүлж чадах уу” хэмээн асуув. Нэр дэвшигч Ч.Сайханбилэг “Хямралын эсрэг ажиллахдаа УИХ-ын баталсан 34 дүгээр тогтоолыг гол “ханаа босгосон” гэж үзэж, шаардлагатай тулгамдсан асуудлуудаа шийдэж ажиллана. Танхимаа бүрдүүлэхийн хувьд, ажлаа дааж чадах ёс зүйтэй мэргэжлийн хүмүүсээр танхимаа бүрдүүлнэ. УИХ-д суудалтай намуудад хамтран ажиллах саналаа хүргүүлж, болж өгвөл талаас дээш хувийн дэмжлэг авч хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн бүтэцтэйгээр ажиллах хүсэлтэй байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуучин танхимынхаа сайд нараас “Шударга ёс” эвслээс хэнтэй нь дахин хамтран ажиллах вэ” гэдгийг шулуухан асуусан. Ч.Сайханбилэг хариулахдаа “УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу парламентад суудалтай бүх намд санал тавьж зөвшилцөнө. Хүлээж авах, хамтрах эсэх нь тухайн намын эрхийн асуудал “ гэв.
Чуулганы санал хураалтын дараа МАН-ын бүлгийн хэвлэлийн хурал "Б" танхимд болно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ