Б.Ариун-Эрдэнэ FIAS-ийн комиссын гишүүнд нэр дэвшжээ

Олон улсын самбо бөхийн холбооны /FIAS/ 26-р конгресс Японы Нарита хотноо болжээ. Энэхүү конгресст 72 орны төлөөлөгчид оролцсон бөгөөд манай улсаас Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл тэргүүтэй төлөөлөгчид явсан байна.

Хурлаар тус байгууллагын энэ оны ажлын тайланг сонсож, дүрмийн зарим өөрчлөлтийг хэлэлцсэн байна. Түүнчлэн 2015 онд болох ДАШТ-ийг Марокко улсад зохион байгуулахаар шийдвэрлэв. Конгрессын өмнөхөн хуралдсан тус байгууллагын удирдах зөвлөлийн хурлаас FIAS-ийн тамирчдын комиссын бүрэлдэхүүнийг Украины Виктор Савинов тэргүүтэй байгуулахаар ярилцсан аж. Мөн Беларусийн Вероника Козловская, ОХУ-ын Ашот Маркарьян нарыг тус комиссын гишүүнээр томилж, бусад дөрвөн гишүүнийг тамирчдын өөрсдийн саналаар сонгохоор болсон гэнэ. Энэхүү эрхийн төлөө зургаан хүн өрсөлдөхөөр нэр дэвшсэн. Тэдний нэг болох Монгол Улсын тамирчин, 2005 оны дэлхийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт Батбаярын Ариун-Эрдэний өрсөлдөгчдөөр Венесуэл, Тунис, Франц, Серб, Словакийн тамирчид байна.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ