Ц.Нямдорж: Н.Энхбаяр хулгай хийж шоронд орсон бол хохь чинь
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орлоо. Тэрээр зургаан сар энэ нэвтрүүлэгт ороод гэж гуйгаад байхад нь ороогүй гэж байна. Харин гэнэт орсон шалтгаан нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон Н.Энхбаярын ярилцлагатай холбоотой гэж олон хүмүүс үзэж байна. Ингээд Ц.Нямдоржийн ярилцлагыг тоймлон хүргэж байна.
Ц.Нямдорж: Би Н.Энхбаяр дээр нэг л удаа нулимс цийлэгнүүлж орж байсан
МАХН-ын дарга Н.Энхбаяр уржигдархан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо Ц.Нямдоржийн тухай ширүүхэн үг унагасан. Тэгэхдээ “МАХН 2000 оны сонгуулиар үнэмлэхүй олонхи болоход Ерөнхийлөгч Н.Багабанди дуудаж уулзаад “Ц.Нямдоржтой холбоотой хятадын тусгай албатай холбоотой гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр наад хүнээ Хууль зүйн сайд болгож болохгүй” гэсэн саналаа хэлж байсан. Тэр үед би Ц.Нямдоржийг дуудаж уулзаад “Чиний тухай ийм зүйл яригдаад байна. Чамайг түр түтгэлзүүлье. Шалгуулаад тогтоолгочих, тэгээд буцаад ажилдаа орвол бүр нэр хүндтэй юм биш үү гэхэд “Ц.Нямдорж уйлчих шахаад та надад итгэ, наад муу хүмүүс чинь миний мууг үзэх гээд байгаа юм гэж гуйж байсан гэж ярив. Харин Ц.Нямдорж гишүүн энэ талаар “Тэр чинь шал худлаа. Би хүний өмнө нулимс цийлэгнүүлээд байдаггүй юм. Харин Н.Энхбаярын өрөөнд цийлэгнүүлж орсон нэг тохиолдол бий. Тэр нь 1999 оны 12 сарын 24-ны өдөр үндсэн хуулийн өөрчлөлтийг баталчихаад хэвлэлийн бага хурал хийх гээд явж байхад утас дуугарсан. Утсаа авахад “Ээж чинь бурхан боллоо. Хурдан ир” гэсэн гэж хэлсэн. Тэгээд би Н.Энхбаяр дээр цийлэгнэж орсон. Түүнийг энэ андуураад байна. Сүүлийн үед барин тавин юм андуурч ярьдаг болсон байна лээ” гэсэн юм.
Ц.Нямдорж Н.Энхбаярыг хоригдож байхад мэдээгүй гэж худлаа хэлжээ
Мөн тэрээр Н.Энхбаярыг шоронд хоригдож байх үеийн тухай ам нээлээ. 2012 оны дөрөвдүгээр сард Н.Энхбаярыг тусгайгийнхан баривчилж байх үед тухайн үед Хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдээгүй гэж олныг гайхшруулж байсан юм. Харин тэрээр энэ асуудалдаа тайлбар өглөө. Ц.Нямдорж ““Би мэдэж байсан. Гэхдээ оройн 08.30 минутад мэдсэн. Зурагтаар жаахан харж байгаад больсон. Тэрнийг харж яах юм. Н.Энхбаяр бид хоёрт төрийн эрх ашгийн үүднээс сайхан үерхэж ойлголцож, ажиллаж байсан үе байдаг юм. Сүүлд нь энэ хүн надад гомдоод салахгүй болсон. Н.Энхбаярыг шоронд хэвтэж байхад намайг алга ташаад инээгээд сууж байсан гэж бодож байна уу. Энэ хүнд эхнэрээ, үр хүүхдээ эцэг, эхээ амар байлгах ухаан төрдөггүй юм байхдаа гэж сэтгэл шимширч сууж байсан юм шүү дээ ” гэв. Мөн “Н.Энхбаярыг баривчилдаг өдөр тэдний гэрийн гадаа буудалцаан болсон. Хоёр хамгаалагч бие,бие рүүгээ буудсан.Тэгэхэд жижүүр нь Хан-Уулын цагдаад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаа нар гүйгээд очсон гэсэн. Сүүлд нь Тагнуулынхан буутай хүч нэмэгдүүлсэн юм байна лээ. Намайг Шарга морьтын гүүрний цаана явж байхад тухайн үеийн цагдаагийн дарга Д.Сандаг-Очир залгаад шүүхийн ийм шийдвэр гарсан гэж хэлсэн. Наадах чинь миний оролцдог юм биш байна гэдгээ хэлээд хүний хамарнаас цус гаргаж болохгүй шүү.Бусад нь бол та нарын ажил байна гэж сануулсан. Цагдаа баривчлах ажиллагаа явуулсан гэдгээр нь надтай холбож тайлбарлаж байгаа юм шиг байна.Цагдаа чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэдэг шүү дээ. Хуулийн яамны ямар ч оролцоогүйгээр болсон” гэв.
Мөн Ц.Нямдорж Хууль зүйн яамны сайд байсныхаа хувьд “Би хэн нэгэн албан тушаалтан этгээдэд зүтгэх гэж тангараг өргөөгүй. Хулгай хийж шоронд орж байгаа бол хохь чинь. Хамгаалттай гурван дарга нараас чинь эхлээд идчихээр бусад нь яах юм” гэж Н.Энхбаярт хатуу үг чулуудав.
Н.Энхбаярыг хорьсон хүн нь Ц.Нямдорж биш
2012 онд Хууль зүйн сайд Ц.Нямдорж байсан учир Н.Энхбаярыг хорьсон гэж ихэнх хүмүүс үздэг. Харин энэ тухай Ц.Нямдорж “Н.Энхбаярыг шоронд хорьсон хүн нь би биш.АТГ-ынхны хийсэн ажил. Тэгээд цагдаагийхан хүч нэмсэн. Тийм сүртэй баривчлах нөхцлийг Н.Энхбаяр өөрөө бүрдүүлсэн шүү дээ. Н.Энхбаярт чинь аль 2008 оноос эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байсан.Хэвлэх үйлдвэрийн байрны асуудал аль хэдийн яригдаад эхэлчихсэн байсан үе. Энэ үед цагдаагийхан дуудаад байхад очоогүй гэсэн. Тэгээд АТГ руу шилжүүлсэн байна лээ. Энэ хэрэг мөрдөгдөж байх үед Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байсан Ж.Бямбадорж над дээр ирээд “Чи энэ хэргийг хаа” гэж хэлсэн."Би яахаараа хаадаг юм. Тийм боломж байхгүй гэдгийг чи мэдэж байгаа биз дээ. Харин тэр хүндээ сайн өмгөөлөгч аваарай. Их аюултай хэрэг байна лээ шүү" гэж тайлбарлалаа.
Н.Энхбаярын төлөө хормойгоо дэвсээд гуйж явсан
Хэдийгээр Н.Энхбаяртай өстөн дайсан бол хувираад байгаа ч нэгэн цагт Н.Энхбаярын тухай хормойгоо дэвсээд гуйж явсан тухайгаа ярилаа. Тэрээр
"Ер нь 2009 оны сонгуульд Н.Энхбаяр өөрөөсөө болж унасан. Хоёр балай нэвтрүүлэг хийгээд ялагдсан. Нэг нь Ц.Элбэгдоржийг Хятадын тагнуул гэсэн. Нөгөөдөх нь солонгосчуудаас мөнгө авсан гэсэн. Тэгээд л унаа биз дээ. Манай намын удирдлагууд намайг дэмжээгүй гээд гомдоллоод байдаг. Тэгээгүй шүү дээ. Бүгд эрвийх дэрвийхээрээ санхүүжилт олж ажилласан. Би тэр нэвтрүүлгүүдийг телевизүүдээр гарахад нь эсэргүүцсэн. Миний үгэнд ороогүй. Мөн улс төрд унаж сурах хэрэгтэй. Унасан хүн эвтэйхэн амьдрах ёстой. Би жишээ нь таван талаасаа сүлбүүлээд УИХ-ындаргаасаа унаж байна. Манай нам Н.Энхбаярыг огт гадуурхаагүй. Тэр өөрөө л нам байгуулаад явсан. МАХН нэрээ солиогүй бол Н.Энхбаяр МАН гэж байгуулаад явах байсан. Би буруу харж уйлаад зөв харж инээгээд л Н.Энхбаярыг дэмждэг л байсан шүү. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд би Н.Энхбаярын төлөө хормойгоо дэвсээд баруун гурван аймгаар гуйж явсан. Ер нь олон удаа түүний төлөө ажиллаж байсан” гэж ярилаа.
Ц.Нямдорж Х.Тэмүүжинг хэзээ ч дэмжихгүй
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн шинэчлэлийг олон хүн эсэргүүцдэг. Мөн хэдийгээр Ц.Нямдоржийн үед хуулийн байгууллага “шоронжсон” хэлбэрт орж байсан ч Х.Тэмүүжингийн үе шиг улс төрийн тоглоом болоогүй гэдэг. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тухайд “Х.Тэмүүжингийн хийж буй Хуулийн шинэчлэл гэх зүйлийг би хэзээ ч дэмжихгүй. Тэгээд ч шинэчлэлийг чинь би хуулийн хүрээнд нь хийчихсэн юм. Шүүхээр хэрэг шийдүүлж байгаа хүний давж заалдах эрхийг хаачихсан. Гурван аймгийн дунд нэг давж заалдах шатны шүүх байгуулахаар чинь яаж хүн давж заалдах юм. Өмгөөлөгчийн, өөрийн зардал, унааны зардал очоод байх айл байхгүй. Энэ мэт давж заалдах бүх бололцоог нь хуулиар хаасан. Цаг хугацаа Х.Тэмүүжин бид хоёрын хэнийх нь зөвийг харуулна. Жишээ нь цагдаагийн цолыг үсэргэдэг болчихсон. Өнөөдөр даргад сайн үйлчилж чадвал аймгийн цагдаагийн дарга болоод хурандаа цол авна. Маргааш буувал дэслэгч болно. Цагдаагийн албан хаагчдын ёс суртахууныг барьж байсан хамгийн гол зүйл чинь цол шүү дээ. Цагдаагийн хувцас байна. 30 мянган албан хаагчид үйлчлэх нэг орчин үеийн эмнэлэгийг контор болгож байгааг шинэчлэл гэдэг юм уу. Би зургийг нь гаргуулж байгуулаад хоёр аппаратыг суурилуулж өгөөд явсан. Одоо конторч байхгүй. Тахарын алба гэж хачин юм байгуулчихсан. Замын-Үүдэд Тахарын албаных гэж энгийн хувцастай хүн байна. Мөнгө байгаа юу гэсэн байхгүй. Хоригдлоо яахав гэж асуусан чинь мэдэхгүй цагдаа нар зөөх байх гэв. Тэгээд цагдаагийн даргаас нь асуусан чинь бас мөнгө байхгүй гэж байгаа юм. Ер үүнийг шинэчлэл гэдэг юм уу” гэв.
Ц.Нямдорж: Ч.Сайханбилэг хүнийхээ хувьд муугүй хүн
Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдээлэл хийж, Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа Ч.Сайханбилэгийг дэмжихгүйгээ мэдэгдсэн. Энэ тухай Ц.Нямдорж“Н.Алтанхуягийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд эдийн засгийг элгээр нь мөлхүүлж дажин болсон юм шиг болгосон. С.Батболдын Засгийн газраас хоёр дахин илүү мөнгөтэй байсан мөртлөө цалин тэтгэвэр ч нэмээгүй. Ганцхан жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан. Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг зүйл. Тэгэхээр муу ажилласан бол бүгдээрээ л муу ажилласан гэсэн үг. Тэнд ажиллаж байсан бүх сайд нар адилхан л хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр нэгийг нь огцруулчихаад нөгөөхийг нь авч үлдэнэ гэдэг чинь ой тоонд буумгүй зүйл юм. Цөмөөрөө ялын тавцанд очих ёстой. Тэгэхээр өмнөх засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан хэнийг ч дэмжихгүй. Энэ бол үндсэн хуулийн зарчим. Харин Р.Амаржаргалыг дэмжиж магадгүй байсан. Ч.Сайханбилэг хүнийхээ хувьд муугүй хүн. Гэхдээ улс төрд харьцаа, зарчим хоёрыг тусад нь ярьж байж цааш явна. Би Ч.Сайханбилэгт “Чи бол том биетэй Н.Алтанхуяг” гэсэн хатуу үгийг хэлсэн. Өөрөө “Үгүй ээ л”гэж байна лээ” гэв.
Ц.Нямдорж: Н.Энхбаяраа чи М.Энхсайхантайгаа жаргаарай
Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохгүй гэж зургаан сар гүрийсэн Ц.Нямдоржийн гэнэт орох шалтгаан нь Н.Энхбаярын нэвтрүүлэг байсан гэдэг нь нотлогдов. Н.Энхбаяр өөрийг нь нулимс цийлэгнүүлэн орж ирсэн тухай ярьсан учраас Н.Энхбаярын эсрэг олон зүйлийг ярив. Нэгэн цагт найзууд байсан тэд яагаад өстөн болсон тухай Ц.Нямдорж нэгэн сонирхолтой зүйлийг ярив. Ц.Нямдорж “Би Н.Энхбаяртай гоё найзууд байсан. Гэтэл Н.Энхбаяр М.Энхсайхантай найзлаад байхаар нь дургүй нь хүрээд больчихсон. Тэгээд Баабартай сайн найз болсон чинь Н.Багабандиас болоод муудчихсан. С.Нарангэрэл надад их сайн байсан ч Н.Энхбаяраас болоод бас муудалцаад... Тэгэхээр нь би Н.Энхбаяр дээр очингуутаа "Энхбаяраа чи Энхсайхантайгаа удаан жаргаарай" гээд хэлчихсэн. Түүнээс хойш МАН дотор ганцаардал гэдгийг хамгийн их амссан хүн болсон доо” гэж ярьсан юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ