Жинхэнэ монгол дуэт

Шуранхай хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй дэр нэгтгэж хоёр охин, нэг хүүгийн ээж аав болон эв найртай, аз жаргалтай амьдарч байгаа гавьяат жүжигчин С.Жавхлан гэргийтэйгээ уран бүтээлээрээ ч тун шиг гар нийлдэг гэдгийг хамтран дуулсан “Хар хархан харц” дуунаас нь харж болох билээ.

Тэгвэл саяхан тэд “Тусгай ажиллагаа” кинонд зориулж “Мөнхийн урсгалт амьдрал” нэртэй утга уянгын дууг хослон дуулж мөн л сонсогчдын амандаа аялах дуртай дуу болгоод байгаа гэнэ.

Гавьяатын хувьд өмнө нь “Торгоны зам”-ын босс Гантөмөрийн охин Г.Долгормаатай ханилан хөөрхөн охины эцэг, эх болсон ч амьдралын хэв маяг, мөн чанар нийлэхгүй байна гэсэн шалтгаанаар салсан гэхэд болно.

Энэ талаараа Гавьяат жүжигчин маань ярихдаа “Өмнөх амьдралын тухайд үнэндээ бид хоёр үзэл бодлын хувьд ч таарч тохирдоггүй байсан. Тэр хүн гадаадад боловсрол, мэдлэг эзэмшсэн мундаг хүн байж болно. Миний хувьд хөдөө өссөн хүн болохоор амьдралд маргах, зөрөлдөх үе байсан. Харин Эрдэнэчимэг бид хоёр нэг тэрэгний хоёр ижил дугуйнууд юм билээ. Хамтдаа байхад амар байдаг. Нэг нэгнээ ойлгох нь ч хялбар шүү дээ” хэмээн гэргийгээ өөрийнхөө нэгэн тал гэдгийг нэгэн цагт зарлаж байсан удаатай аж.

Ямартаа ч хослон амьдарч, хослон дуулж яваа урлагийн гэр бүлдээ олон сайхан дуугаар уран бүтээлээ арвижуулж, өлгийтэй бяцхан үрсээр бүл нэмэхийг ерөөе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ