Лалын улсын сургагчид нь Саддам Хусейны үнэнч цэргүүд
“Лалын улс” бүлэглэлийнхэн Сирийн нисэх баазыг эзлэжээ. “Лалын улс” (ЛУ) бүлэглэлийн террористууд Алеппо хотоос холгүй байдаг цэргийн баазаас сирийн агаарын цэргийн хүчний нисэх онгоцуудыг булаан авч, бүр сургуулилтын нислэг үйлдэж байгаа ажээ.
Сири улсын байдлыг ажиглаж байгаа британийн хүний эрх хамгаалах байгууллага ингэж мэдээлсэн байна. Интернэтэд лалынхны өөрсдийнх нь тавьсан байж болох дүрс бичлэгийг мэдээний агентлагууд бас олж авчээ.
Энэ бичлэг жинхэнэ эсэхийг нотлох юмуу няцаах боломжгүй байгаа ч, Саддам Хусейний хуучин хамтран зүтгэгчид террористуудын сургагчаар ажиллаж байгаа тухай мэдээ ирж байна. “ЛУ”-ын дайчидтай бүр Багдад хотын ойролцоо болон Иракийн Анбар мужид хүртэл Засгийн цэргүүд байлдаж байгаа аж.
Лалынхан мужийг бараг бүхэлд нь эзлэн авч, америкийн болон холбоотнуудын нисэх хүчин агаараас цохилт өгч байгаа ч, давшилтаа үргэлжлүүлсээр байна. Сирийн Кобани хотод курдийн отрядууд лалынхны давшилтыг зогсоож чаджээ.
Гудамж бүр, байшин бүрийн төлөө тулалдаж байна. Нэг өдрийн өмнө америкийн байлдааны нисэх онгоцууд “ЛУ” бүлэглэлийнхний их бууны зарим байрлал, түүнчлэн тэдний хяналтад байгаа 16 байшинг устгажээ. Кобани хотын төлөө тулаанд 300 орчим курд, 500 гаруй террорист алагдсаныг мэдээлж байна. Лалынхантай хийж буй тэмцэлд дэм болох илүү үр нөлөөтэй тусламжийг өрнөдийнхөн үзүүлнэ байх гэж курдүүд найдаж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ