Дэд сайдуудын хэн нь хамгийн баян бэ
Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж, түүнийг олон нийтэд дэлгэлээ. Өнгөрсөн удаад УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэсэн бол энэ удаад дэд сайд нарыг онцоллоо.
Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв жилийн орлого болох нэг тэрбум 105 сая 248 мянгаар дэд сайдуудыг тэргүүлж байгаа бөгөөд түүний гэр бүлийн гишүүдийн орлого 314 мянган төгрөг юм. Тэрбээр үүнээс гадна хувь хүн болон компаниас нэг тэрбум гаруй төгрөгийн авлагатай гэх. Голомт банкнаас мөн 200 саяын зээл авчээ.
Харин Сангийн дэд сайд С.Пүрэвийн хувьд хувийн хоёр байртай бөгөөд таван тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх 15 үйлдвэрлэл үйлчилгээний байгууламжтай хэмээн мэдүүлжээ. Тэрбээр “Хархорин” ХХК-иас нэг тэрбум 300 сая төгрөгийн авлагатай. Ийнхүү дэд сайдууд бэл бэлчингээрээ өрсөлдөж байхад МАХН-ын дарга Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга хувийн байргүй хэмээн мэдүүлсэнньөнгөрсөн жил ийм мэдээлэл өгч байсан Ц.Нямдорж сайдыг санагдуулам.
Харин дэд сайдуудын дундаас Интерпол руу дур мэдэн захиа бичиж хамгийн их дуулиан тарьсан гэгдэх хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян дампуурлаа зарлаад удаж байгаа Зоос банкнаас 40 саяын зээл авчээ. Тэрбээр хувийн тээврийн хэрэгсэлгүй гэж мэдүүлсэн байна.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хамгийн их малтай буюу 510 хонь, 220 адуу, 90 ямаа, 20 үхэртэй хэмээн мэдүүлжээ. Харин хамгийн их хувьцаа эзэмшиж байгаа дэд сайдаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир 15 компанийн хувьцаа эзэмшдэг бөгөөд хувийн зургаан байраар УИХ-ын гишүүдээс ч дээгүүр бичигдэх юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ