Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд Белорусь Улстай хамтран ажиллана
Бүгд Найрамдах Белорусь Улсын элчин сайдын яам Монгол Улсад нээгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тус улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийтийн тээврийн үйлчилгээний автобусын парк шинэчлэлтийн асуудлаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга “Манайд мөрдөгддөг журмаар автобус үйлдвэрлэгч компаниуд өөрсдөө хөрөнгөө гаргаж, тодорхой хугацаанд туршилт явуулж амжилттай хэрэгжсэн тохиолодолд зах зээлд нийлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн хүрэлцээг бүрэн хангахын тулд нийт 2500 том, жижиг оврын автобустай байх шаардлагатай. Гэвч одоо 800 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Шаардлагатай байгаа автобусуудыг баталгаатай, чанартай, орчин үеийн үйлчилгээнд нийцсэн байхаар сонгож, нийлүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслээр томоохон байр суурийг эзэлдэг танай улстай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Харин ноён С.В.Чепурной “Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Цаашид ч бид энэ харилцаагаа улам сайжруулахыг хүсч байгаа. Манай улс 12оронд угсралтын үйлдвэрүүдтэй бөгөөд таны хүсэлтээр нийтийн тээврийн автобусуудыг нийлүүлэх ажилд хамтран ажиллахад бэлэн байна. Ингэхдээлизингээр, зах зээлийн үнээс хямдаар нийлүүлэх боломжтой” гэсэн юм. Цаашид нийтийн тээврээс гадна бусад салбарт ч хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр талууд тохиролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ