Палестины удирдагч НҮБ-аас тусламж эрэв
Газын зурвасын байдалтай холбогдуулан Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн, эрх баригч ФАТХ намын удирдагч Махмуд Аббас НҮБ-аас тусламж эрлээ гэж Франс пресс агентлаг ням гаригт мэдээлжээ.
“НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулахыг би шаардаж байна. Газын зурвасын байдал тэвчихийн аргагүй боллоо” гэж Аббас Катар улсын нийслэл Доха хотоос телевизээр хэлэхдээ мэдэгдсэн байна.
Тэр Израилийн үйлдлийг “хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг” гэж тодорхойлжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн Ойрхи Дорнодын аялалынхаа хүрээнд Доха хотод ирсэн бөгөөд энд Палестины удирдагчтай уулзах бодолтой байгааг хэвлэлд дурдсан байна. Газын зурваст Израиль цохилт өгч буйг НҮБ-ын тэргүүн буруушаагаад, “дээд зэргээр хүлээц тэвчээртэй байж, энгийн хүн амын аюулгүй байдлыг хангахыг” тус улсад уриалсан байна.
Мөргөлдөөний уг шалтгааныг арилгах нь хүчирхийлэл давтагдахаас зайлсхийх цорын ганц арга мөн гэж ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ. Ингэхийн тулд палестинчууд болон израильчууд хэлэлцээний ширээнд дахин суух хэрэгтэй бөгөөд хоёр бие даасан улс байгуулах тухай шийдвэр нь уг хэлэлцээний зорилго болох ёстой гэдэгт тэр онцлон тэмдэглэсэн байна.
Израиль улс долдугаар сарын 7-ноос “Нуршгүй байц хад” нэртэй ажиллагаа явуулж байгаа юм. Энэ нь газын зурвасын зүгээс израилийн хотуудыг пуужингаар харваж буйг зогсоох албан ёсны зорилготой ажээ.
Сүүлчийн мэдээгээр, энэ хугацаанд 438 палестин хүн, түүний дотор 120-иод хүүхэд, 41 эмэгтэй, 25 настай хүн амь үрэгдэж, Газын зурвасыг 1400 гаруй удаа бөмбөгдсөн байна. Хариуд нь палестины дайчид Израилийн нутаг дэвсгэр рүү 1300-гаас цөөнгүй пуужин харважээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ