Сноуден Орост хэрхэн аж төрж байгаагаа дэлгэв
Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден Орост хэрхэн аж төрж байгаагаа дэлгэжээ. Тэр Британийн “Гуардиан” сонины сурвалжлагчидтай ярилцахдаа, надад нуугдах гэх явдал байдаггүй, би орос хэл үзэж, сонгодог зохиол уншиж байгаа гэж ярьсан байна.
Би бусад жирийн хүн шиг л аж төрж байгаа, ингэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслийн байнгын анхаарал татсан объект байхыг хүсдэггүй гэж Сноуден онцлон тэмдэглэжээ. “Би туйлын нууцлаг нөхцөлд байдаггүй ч нэр цуутай хүн болохыг хүсдэггүй. Миний амьдралаас илүүтэйгээр анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй зөндөө олон чухал зүйл дэлхий ертөнцөд бий” гэж тэр мэдэгдсэн байна.
Намайг гадуур явж байхад хүмүүс таньдаг, гэхдээ би орос хэл олигтой мэддэггүйгээс заримдаа эвгүй байдалд ордог гэж Сноуден дурджээ. Орост орогнох эрх авсан маань азтай хэрэг, учир нь “надад санал бодлоо илэрхийлэх боломж олгохгүй” тийм шударга бус шүүх” АНУ-д намайг хүлээх байсан юм” гэжээ.
“Орос бол орчин үеийн орон, энд надад сайхан байна, би хэвийн аж төрж байгаа. Гэхдээ шүүх миний хэргийг шударгаар хэлэлцэх нөхцөлд эх орондоо буцаж очихоос цааргалахгүй. Үүнээс гадна, надад аялах боломж олдоосой билээ гэж хүсдэг. Би Баруун Европт дахин очмоор байна” гэж тэр тодорхой ойлгуулжээ.
Үүний зэрэгцээ өөрийг нь ямар нэг байдлаар тагнаж байна гэдгийг анзаарахгүй байгаа, гэхдээ тагнуулын хяналтад байдаг гэдгээ тэр үгүйсгээгүй байна. “Надтай адилхан ямар ч хүн ажиглалтад байх нь мэдээж” гэж тэр хэлжээ. Ингэхдээ интернэтийг хянаж цагдах болон хүмүүсийг тагнах асуудлаар Орост сүүлийн үед батласан олон хуулийг дэмжихгүй байгаагаа Сноуден мэдэгдсэн байна. “Аль ч орны ямар ч засгийн газар чөлөөт хэвлэлийн зохицуулалтад хөндлөнгөөс оролцохгүй ёсгүй” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
Америкийн тусгай албаны ажилтан байсан тэрээр Оросын тагнуулын албатай хамтран ажилладаг гэсэн мэдээллийг няцаажээ. Хэрвээ намайг Оросын засгийн газартай холбоотой гэдгийг нотолсон өчүүхэн төдий нотолгоо америкийн эрх баригчдад байгаа бол, энэ нь тэр дороо "Нью-Йорк таймс” сонины эхний нүүрэнд гарах биз” гэж тэр хэлсэн байна. “Намайг гадаадын ямар нэг засгийн газрын талд ажиллаагүй гэдгийг тагнуулын албаныхан мэдэж байгаа. Би Орост үлдэхийг хэзээ ч зориудаар хүсээгүй” гэж Сноуден мэдэгджээ.
Тэр ирээдүйнхээ бодол төлөвлөгөөний тухай ярихдаа, “би хоол бага иддэг, миний ажлын хуваарь сонин л доо. Урьд нь би нэлээд идэвхтэй ажилладаг байсан бол, одоо анхаарал төвлөрүүлэх ёстой маш олон асуудал сүүлийн үед надад гарч ирсэн” гэжээ.
Ингэхдээ тэр Глазго хотын их сургуулийн ректороор ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Уг их сургуулийн оюутнууд түүнийг энэ албан тушаалд сонгосон юм. “Би оюутнуудтай харьцах арга бодохоор мэрийж байгаа. Харамсалтай нь, өөрийн биеэр энэ сургуулиар орж болохгүй байна, тэгэхлээр бид интернэтээр дамжуулан харилцахыг бодно” гэж тэр төгсгөлд нь хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ