Боингийн ослоор амь үрэгдсэн 251 хүний бүтэн цогцсыг олоод байна
“Malaysia Airlines” компанийн “Боинг-777” нисэх онгоц долдугаар сарын 17-ны орой Донецк мужид сүйрсэн юм. Албан ёсны мэдээгээр, нисэх онгоцонд сууж явсан бүх 298 хүн амь үрэгджээ. Сүүлчийн мэдээгээр, амь үрэгдсэн 251 хүний бүтэн цогцсоос гадна, хүний биеийн 86 хэсгийг олоод байна.
Ням гаригт Путин Германы канцлер Ангела Меркель, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Австралийн засгийн газрын тэргүүн Тони Эббот, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте, түүнчлэн Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нартай Донецк мужид болсон нисэх онгоцны сүйрлийг мөрдөн шалгах ажлын эргэн тойрны байдлыг утсаар хэлэлцжээ. Ингэж ярих үеэр талууд Украины зүүн өмнөд нутагт нэн даруй гал зогсоож, нисэх онгоцны сүйрлийг нарийн нягт мөрдөн шалгах шаардлагатайг тэмдэглэсэн байна.
Оросын тал Украины мөргөлдөөнийг цэргийн шатнаас энхийн хэлэлцээнд шилжүүлэхийн тулд дээд зэргээр мэрийлт тавина гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин амлав. Тэр Донецк мужид болсон нисэх онгоцны сүйрлийн тухай албан ёсны уриалгадаа даваа гаригт ингэж мэдэгджээ.
Хэрвээ Украины зүүн нутагт байлдааны ажиллагааг зургадугаар сарын 28-нд сэргээгээгүй бол, “Боинг” нисэх онгоц сүйрэхгүй байх байсан юм гэж төрийн тэргүүн дурдсан байна. “Цус урсгасан хэрэг явдлыг зогсоож, хэлэлцээний ширээнд суухыг бид тэмцэлдэгч талуудад удаа дараа уриалж байсан билээ” гэж Путин онцлон тэмдэглэжээ.
Гэхдээ хэн ч “улс төрийн явцуу зорилгодоо” хүрэхийн тулд энэхүү эмгэнэлт явдлыг ашиглах эрхгүйг төрийн тэргүүн тэмдэглэсэн байна. “Бүс нутгийн байдлыг хариуцаж буй бүх хүн өөрийн ард түмэн хийгээд иргэд нь энэ сүйрлийн золиос болсон тэр орнуудын ард түмний өмнө хүлээх хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй” гэж тэр мэдэгджээ.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (CAO) ивээл дор шинжээчдийн хэсгийг сүйрэл болсон газарт ажиллуулах саналтай байгаагаа Путин бас илэрхийлсэн байна. Мөргөлдөөнд оролцогч талууд “тэдний аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангахын тулд” бүхий л хүч чармайлт тавих ёстой. Түүнчлэн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа явуулахад хүмүүнлэгийн зурвас гаргаж өгөх шаардлагатай” гэж тэр хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ