Монголын хөлбөмбөгийн "Дэрэн" клуб "Gothia Сup"-ийн хагас шигшээд шалгарав
Монголын хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн өсвөрийн баг тамирчид Шведийн Гётеборг хотод энэ сарын 13-19-нд болсон “Gothia Cup” олон улсын нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцлоо.
Г.Мөнхчулуун эзэнтэй тус клубийнхэн хөвгүүдийн 12 болон 16 хүртэлх насны ангилалд хүч үзэж, том насныхан нь хагас шигшээд шалгарч үлдсэн тухай мэдээлэл манай улсын хөлбөмбөгийн хорхойтнуудыг ихээр баярлуулаад байна.
16 хүртэлх насны ангилалд 33 улсын 189 клуб 47 хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд “Дэрэн” 15 дугаар хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч орны Тердскенс”-т 1:4, “Эскилстуна Сити”-д 0:1-ээр хожигдож, Норвегийн “Лиллехаммер"-ын нэгдүгээр багийг 3:0-ээр хожсоноор гуравдугаар байраар шалгарч, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм.
Шөвгийн 128-д Энэтхэгийн “Финикс Спортс”-ын нэгдүгээр багтай 1:1-ээр тэнцэж, пенальтиар 4:3, шөвгийн 64-т Шведийн “Умео”-той 3:3-аар тэнцэж, пенальтиар 4:2, шөвгийн 32-т Германы “Бухвольц”-ыг 2:0, шөвгийн 16-д Шведийн “Мансарпс”-ыг 4:0, шөвгийн наймд Норвегийн “Бьярг”-ийг 3:1- ээр хожсон. Харин хагас шигшээд Шведийн “Лидинго”-д 0:2-оор хожигдсон юм.
“Дэрэн” клубын 12 хүртэлх насны баг долдугаар хэсэгт өрсөлдөж, Германы “Викториа”-д 2:4, Шведийн “Аскимс”-ийн нэгдүгээр багт 3:4-өөр хожигдож, тэмцээнийг зохион байгуулагч орны өөр нэг клуб болох “Киста”- гийн хоёрдугаар багийг 6:0 хожсон.
Харин “В” ангиллын шөвгийн 64-т Шведийн “Остеракер Вит”-д 0:6-гаар хожигдсоноор тэмцээнээ дуусгасан юм. 1975 оноос эхтэй “Gothia Сир”-т Алан Ширер, Андрей Пирло, Златан Ибрахимович, Шаби Алонсо, Жулио Баптиста, Зе Роберто, Эммануэль Дцебайор зэрэг дэлхийн супер одод хүүхэд байхдаа тоглож байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ