Найдвар дагуулсан айлчлал
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Япон улсад дөрөв хоногийн хугацаатай ажлын айлчлал хийхээр мордлоо. Тэрээр айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм.
Япон улс нь манай улсын гурав дахь стратегийн түнш яах аргагүй мөн бөгөөд Ардчилал ялснаас хойш хоёр орны харилцаа гайхалтай өргөжин тэлж байгаа юм. Энэ хугацаанд Япон Монголын харилцаа ихэнхдээ улс төрийн түвшинд явж ирсэн, мөн нөгөө талаар зөвхөн нэг тал руу чиглэсэн тусламжийн харилцаа байсныг залруулж, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхэд Монголын тал одооноос илүү анхаарал тавьж эхэлсэн билээ.
Мөн өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаанд хамгийн чухал, үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэж ирсэн нэг зүйл нь иргэдийн идэвхи санаачилга бөгөөд өнөөдөр Японд монгол иргэдтэй харилцдаг 80 гаруй нийгэмлэг, төрийн бус байгууллага, харин Монголд Японы иргэдтэй харилцдаг 40 гаруй нийгэмлэг, төрийн бус байгууллагыг иргэд өөрсдийн санаачилгаар байгуулан ажиллаж байгаа аж.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд Япон улсад албан, албан бусаар хоёр удаа айлчлахдаа (мөн нэг удаа Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоод буцах замдаа Токиогоор дайрч өнгөрөхдөө Шинзо Абэтэй уулзсан) хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулах олон чухал асуудлыг шийдсэн байдаг.
Тэгвэл энэ удаагийн түүний айлчлалыг ч мөн хоёр орны харилцаа өргөжихөд төдийгүй Монгол Улсын эдийн засагт ихээхэн амь тариа болохуйц олон тустай шийдвэр гарна хэмээн сэтгүүлч бид ажиглаж байна.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Парламент дахь Найрамдлын бүлэг, Монголтой харилцдаг олон нийтийн байгууллагуудын удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/, Япон, Монголын эдийн засгийн хорооны ерөнхийлөгч нартай уулзалт хийж, КEIDANREN-тай хамтран зохион байгуулах Монгол, Японы Бизнес форумд оролцож илтгэл тавина.
Монгол, Японы Бизнес форумд оролцох үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын боломж, мөн Монголын талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслийг Японы хувийн хэвшилд танилцуулах юм.
Мөн Монгол, Японы эдийн засгийн байгууллагууд, хувийн хэвшил хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх зорилгоор Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/-тай хамтран "Бизнес нетворкинг" арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эндээс ажиглахад Ерөнхийлөгчийн айлчлалын гол зорилго нь хоёр орны эдийн засгийн байгууллагууд, бизнесийн харилцааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдэд оролцож Монгол Улсад хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтыг стратегийн найрсаг түншийн харилцаат Япон орноос татахад чиглэж байгаа болов уу. Тиймээс Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай болсноор өнөөгийн хүнд хэцүү цаг үед манай улсын эдийн засагт амь тариа болох талтай хэмээн ажиглагчид найдан хүлээж байгаа болов уу.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ