Засгийн газар 74 дансыг зөвшөөрөлгүйгээр нээжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хууль санаачлагчийн илтгэл болон санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Зоригт: Улсын төсвөөс 182 мянган хүнийг цалинжуулж байна. Би төсвөөс санхүүждэг байгууллагын жагсаалтыг үзсэн. Гэтэл нийгэм ард иргэдэд төдийлөн хүрдэггүй үйлчилгээ явуулдаг хирнээ төсвөөс цалин авдаг байгууллагууд нэлээд байна. Төсвөөс хэдэн байгууллагын санхүүжүүлж байна вэ? 2013 оны дүнгээр ямар байгууллага хүмүүст хариуцлага тооцохоор байгаа вэ?
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан: Улсын төсвөөс санхүүжиж байгаа байгууллагын тоог хэлж болох боловч үр дүнгүй ажиллаж байгаа төрийн байгууллагууд дээр дахин харж, судлана. 100 гаруй төсвийн эрх захирагчдад хариуцлага тооцуулахаар байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Төсвийн төлөвлөлт дээр анхаарахгүй бол орлого 92 хувь, зарлага 89 хувьтай байна. Хууль зөрчсөн үзэгдэл их байна. Төсвийн захирагчид хуульзөрчөөд арилжааны банкинд данс нээж, гүйлгээ явуулдаг. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг мөн л хууль зөрчөөд Капитал банкинд хийсэн байна. Авлага үүссэн байна. Яагаад татвар төлөгчийн мөнгийг зүгээр өгсөн юм бэ? Сайд нар яагаад авлага үүсгэсэн бэ.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан: Бид төсвөө төлөвлөж чадахгүй байгаа нь үнэн. Төсөв тасалдсан. Бүх түвшиндээ хяналт тавьж байна. Хуулиас гадуур данс нээсэн асуудлыг бид хуулийн хүрээнд холбогдох байгууллагуудтай цэгцлэхээр ажиллаж байна. Нийт 108 данснаас 74 данс буюу 2,5 тэрбум төгрөгийг зөвшөөрөлгүйгээр арилжааны банкуудад нээжээ.
Гишүүдийн асуулт хариултаар чуулганы хуралдаан үргэлжилж байна.
С.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ