Хакухо ганцаараа тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмогийн Хару башёгийн арван хоёр дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө. Өнөөдрийг хүртэл хоёр ёкозүна нэг ч унаагүй хошуучилж байсан бол озэки Какүрюү ёкозүна Харумафүжиг давснаар ёкозүна Хакухо ганц ч унаагүй ганцаараа тэргүүлж эхэллээ.

Хару башёгийн хамгийн сонирхолтой барилдааны нэгээр яах аргагүй тодорхойлогдож байсан озэки ёкозүна хоёрын барилдаанд окурадаши мэхээр Какүрюү давж 11 даваа 1 унаатай болсон бол Харумафүжи мөн 11 даваа 1 унаатай боллоо.

Харин Хакухо өнөөдрийн учраа болох озэки Кисеносатог ошитаоши мэхээр давж нэг ч унаагүй хэвээр үлдлээ. Харин Кисеносатогийн хувьд 8 даваа, 4 унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Бусад монгол сүмочдын хувьд Кёкүтенхо Н.Цэвэгням Азамарюү С.Тодбилэгтэй таарч барилдан ёрикири мэхээр давснаар 8 даваа 4 унаатай болж тавин хувийн амжилтаа биелүүлсэн бол С.Тодбилэг 5 даваа 7 унаатай болж үлдэх гурван өдрийн барилдаанд унах эрхгүй болж байна.

Таканоива А.Баасандорж өнөөдөр Аминишикид ялагдаж 8 даваа 4 унаатай, Кагамио Б.Нанжид 5 даваа 7 унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил 3 даваа 9 унаатай, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5 даваа 7 унаатай тус тус башёг үргэлжлүүлэн барилдаж байна.

Маргааш мөн л өнөөдрийн нэгэн адил сонирхолтой барилдаанууд өрнөнө. Хакухо озэки Котошигикутай, Харумафүжи сэкивакэ Гоидотой, озэки Какүрюү М.Ананд озэки Кисеносатотой тус тус таарч барилдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ