Мисс Ж.Энэрэл аавтайгаа 18 жилийн дараа уулзжээ

“Мисс Монгол аялал жуулчлалын холбоо”, Загварын “Андра” агентлагийн зохион байгуулсан “Мисс модель” фестивалийн ялагч Ж.Энэрэл өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-дболсон “Miss and Model of the World” тэмцээний шилдэг аравт багтаж, Шилдэг үндэсний хувцастай миссийн шагнал гардсан билээ.

Бусад миссүүдийн адил янаг амрагийн явдал, элдэв шоу цэнгээнээрээ олны анхаарлыг татаад байдаггүй даруухан мисс бүсгүй саяхан гэр бүлийнхээ талаар хэвлэлийнхэнд ам нээсэн юм.

Ингэхдээ тэрбээр олны танил хүмүүсийн аль болох бусдаас нуух гэдэг зүйлсийн талаар ч илэн далангүй ярьсан. Амьдралд тохиодог олон хагацал, учралын нэг нь Ж.Энэрэлийн гэр бүлд тохиож, түүний аав, ээж хоёр охиноо нэг нас ч хүрээгүй байхад нь хоёр тийшээ болсон аж.

Харин мисс бүсгүй загвар өмсөж, эх орондоо төдийгүй олон улсын хэмжээний тэмцээнүүдэд оролцох болсноор олон жилийн дараа аавтайгаа уулзах боломжтой болжээ. Ийнхүү тэрбээр 18 жилийн дараа аавтайгаа уулзсан тухайгаа сэтгэл догдлон ярьсан юм.

Тэрбээр “Аав маань хөгжимчин хүн юм байна лээ. Хөгжим бүжгийн коллежид хийлч Дээгийтэй нэг ангид сурч байсан юм билээ. Аавыгаа олсондоо маш их баяртай байгаа. Хүмүүс ээж, аав хоёр нь салсан асуудлыг сөргөөр хүлээж авдаг бол миний хувьд тийм юм байгаагүй. Би аавыгаа олоод маш их баярласан.

Ерөнхийдөө миний сонирхол, сонирхож байгаа зүйлүүд аавынхтай их төстэй юм билээ. Одоо бид дөнгөж харьцаж эхэлж байгаа болохоор аав гэхээсээ илүү найзтайгаа харилцаж байгаа юм шиг маш гоё дотно байгаа” гэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ